Эрчим хүчний экспортлогч болох зорилго тавьсан

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний экспортлогч болох зорилго тавьсан

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвтэй ярилцлаа.

Салбарын яамнаас эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж багагүй хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байх шиг байна?

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эрчим хүчний салбарт нэлээд хэдэн төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр болж, тогтоол шийдвэр гарсан. Эхний ээлжинд “ДЦС-4” ХХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөхөөр боллоо. Энэ хөтөлбөрийн хүрээнд зохих ажлуудыг эхлүүлсэн. ОХУ-ын Уралын үйлдвэрт турбин генератор захиалсан байгаа. Олон улсын жишгээс харахад турбин генераторыг хамгийн багадаа 12 сарын хугацаанд угсардаг юм билээ. Асар том хэмжээний цул төмөр эдлэл үйлдвэрлэхэд цаг их шаарддаг байх. Дөрөвдүгээр дулааны цахилгаан станцын өргөтгөл 2014 оны зургадугаар сараас наймдугаар сарын хооронд ашиглалтад орно. Одоогийн байдлаар Оросын талтай яриа хэлцэл хийж, гүйцэтгэлийн ажлаа хийж байна. 2014 оны аравдугаар сард  энэ ажлыг бүрэн дуусгана.

Дараагийн ажил бол Тавантолгойн ордыг түшиглэсэн дулааны цахилгаан станцын асуудал байгаа юм. Засгийн газраас 450 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станц байгуулах ажлыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газрын өмчлөх хувь хэмжээг 34 байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор Монголын талаас гарах эхний санхүүжилт 50 сая ам.доллар байхаар тогтож, Чингис бондоор босгосон мөнгөнөөс санхүүжүүлэхээр болж байна.

Нийслэлийн зүүн хэсэгт Амгалан дулааны станц барихаар гүйцэтгэгч талтай гэрээнд гарын үсэг зураад байгаа?

Улаанбаатар хотын дулаан хангамжтай холбоотой асуудлууд бий. Амгалан дулааны станцыг барих тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ ажилд 75 сая ам.долларын санхүүжилт хийхээр төлөвлөн, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр Хятадын CMEC компанитай гэрээ байгууллаа. 2013 оны арванхоёрдугаар сард багтан эхний ээлжийг буюу нэгдүгээр блокийг ашиглалтад оруулна. Үлдсэн хоёр блокийг 2014 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан. Амгалан дулааны станцын эхний блок ашиглалтад орсноор 2013-2014 оны өвөл Улаанбаатар хот дулааны хувьд дутагдалгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм. Яамнаас тусгайлан анхаарал тавьж, ажлын хэсгүүдийг давхар гарган хяналт хийж байгаа.

Түүнчлэн “ДЦС-3”-ын шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулж, яамны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлуулсан. Үүний дагуу Гуравдугаар дулааны цахилгаан станц дээр 50 мВт-ын хүчин чадал шинээр суурилуулах асуудлаар саяхан Засгийн газар хэлэлцлээ. 2013 оны арванхоёрдугаар сард багтаан цахилгааны хувьд 50 мВт, дулааны хувьд 100 гКал/цагийн эх үүсвэр байгуулах ажлыг Засгийн газраас манай яаманд үүрэг болгосон. Энэ дагуу бид судалгааны ажлуудыг хийж байна.

Бидний хувьд эдгээр ажлыг асар богино хугацаанд хийх болж байна. Тиймээс маш их ажиллах шаардлагатай. Ингэж ажиллахдаа хуулийн хүрээнд хамгийн зөв шийдлүүдийг гаргахаас гадна технологийн хувьд ч зөв шийдэл хийх ёстой юм.

Түүнчлэн Улаанбаатарын цахилгаан дулааны V эх үүсвэрийг барих асуудал шийдэгдэж байна. Шинэчлэлийн Засгийн газрын шинэ яамны хувьд цахилгаан станцыг хотын захад барих нь зөв гэж үзсэн. Нэгдүгээрт замын ачааллын улмаас Улаанбаатар хот дотор нүүрс тээвэрлэхэд хүндрэлтэй. Нөгөө талаас түүхий нүүрс тээвэрлэх нь Улаанбаатар хотын орчин нөхцөл, экологид тохиромжтой биш. Энэ утгаараа хотын захад гаргах санал тавьсан юм. Засгийн газрын хуралдаанаар долоон удаа орж, Хөлийн голын ойролцоо газрыг сонгохоор шийдсэн. Барих газар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор байгаль орчны нарийвчилсан үнэлгээ заавал хийгдэх ёстой. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлт гарсны дараа  дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил эхлэх хугацаа тодорхой болно.

Салхитын салхин цахилгаан станцын ажил хэзээ дуусах вэ?

Салхитын салхин цахилгаан станцын ажил энэ онд багтаж дуусах ёстой. Энэ оны намраас өмнө ашиглалтад орно гэж гүйцэтгэгч компани хэлж байгаа. Салхитын сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц ашиглалтад орсноор төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд ойролцоогоор 15-20 мВт-ын цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой болно гэж бид найдаж байгаа. 

“ДЦС-4”-ийн өргөтгөл 2014 онд ашиглалтад орох юм байна. Эрчим хүчний салбарт хийсэн судалгаанаас харахад энэ онд эрчим хүчний дутагдалд орно гэж байна билээ. Тэгвэл энэ өвлийг яаж давах вэ?

Бид эрчим хүчний дутагдалтай л явж ирсэн шүү дээ. Өмнө нь ч дутагдалтай байсан, одоо улам л ихсэж байна. Нэгдүгээрт төвлөрч, суурьшиж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Хоёрдугаарт үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдэж байна. Эдийн засаг өсч дэвжиж байгаагийн л илрэл. Нуулгүй хэлэхэд сүүлийн 23 жилийн хугацаанд нэг ч шинэ эх үүсвэр бариагүйтэй холбоотойгоор эрчим хүчний дутагдалд орж байна. Өөрсдийн эх үүсвэрээр энэ дутагдлыг хаах бололцоогүй болж байгаа хэрэг. Тиймээс бид гаднаас эрчим хүч импортолж байна. Энэ ажлаар манай яамны төлөөлөгчид болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийнхан ОХУ-д ажиллаад ирлээ. Оросоос импортлох эрчим хүчний чадлын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон.

Гаднаас эрчим хүч импортлоход тарифын алдагдалд ордог. Бид Оросоос хэдэн төгрөгөөр эрчим хүч худалдан авч байна вэ?

2012 оны байдлаар импортоор авсан цахилгаан эрчим хүчний үнэ 97-100 орчим төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гадаад валютаар төлбөр хийгддэг учраас үнэ хэлбэлздэг. Түүнчлэн хэрэглээтэй ч холбоотой. Тодорхой түвшинд тогтмол эрчим хүч импортолдог бол үнэ тогтвортой байна гэсэн үг. Тогтмол биш учраас үнэ бага зэрэг хувьсдаг. Оргил ачаалал өнгөрснөөс хойш, шөнийн цагаар дотоодын эх үүсвэрийн эрчим хүчээр хангалттай хангадаг. Илүүдэл ч үүсдэг. Тиймээс тодорхой хэмжээний эрчим хүчийг бид ОХУ руу 28-30 төгрөгийн ханштайгаар экспортолдог. Мөн л валютын ханшаас шалтгаалж үнэ хэлбэлзэж байгаа юм.

Өнгөрсөн оны хувьд найман сая квт/цаг эрчим хүчийг бид Оросоос авсан. Дотоодын хэмжээнд үйлдвэрлэсэн бол хэчнээн хэмжээний хөрөнгө хэмнэх вэ гэсэн тооцоог бид гаргасан юм. Тооцооны үндсэн дээр импортыг зогсоох, ирээдүйд Монгол улс өөрийнхөө эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангах, цаашлаад илүү гарсан эрчим хүчээ гадагшаа экспортолдог болъё гэсэн зорилго тавьж байгаа. Энэ чиглэлээр нэлээд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Өмнөговь аймагт хэчнээн хэмжээний цахилгаан хэрэгтэй байдаг вэ? Тавантолгойн цахилгаан станцаас Төвийн эрчим хүчний систем рүү эрчим хүч авна гэж ярьж байгаа?

Тавантолгойн дулааны цахилгаан станцын эхний суурилагдсан хүчин чадал 450 мВт хэмжээтэй байгаа. Чадал нь нэмэгдээд явна л даа. Ерөнхийдөө Өмнийн говийн бүсэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ уул уурхайтай холбоотойгоор нэлээд өндөр болж байна. Тухайлбал, Оюутолгойд гэхэд л 350 мВт  эрчим хүч хэрэгтэй. “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанид 150 мВт-ын, бусад  ахуйн хэрэглэгчид 100 орчим мв эрчим хүч авахаар байгаа. Нийтдээ 500-аас доошгүй хэмжээний хүчин чадалтай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэр барих хэрэгтэй болж байна. Цаашдаа мэдээж эдийн засгийн гадаад орчин сайжирч, нүүрсний экспорт сэргэнэ. Энэ үед хүчин чадлыг нэмэх шаардлага гарч таарна.

Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж