Хүнс импортлогчдын хоолойг “боомилох” цаг болжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Хүнс импортлогчдын хоолойг “боомилох” цаг болжээ

Монголд өнөөдөр томоохон үйлдвэрлэгч бараг байхгүй гэхэд болно. Сайндаа л хэдэн архины үйлдвэр, ганц хоёр сүү, сүүн бүтээгдэхүүн, цемент, тоосго, хивс, мах, махан бүтээгдэхүүн, гурилын үйлдвэр л байгаа байх. Гэхдээ тоо нь хэтэрхий цөөхөн, дотоодынхоо хэрэгцээг хангаж чаддаггүй.

Тэр дундаа хүнсний асуудал үнэхээр хүндрэлтэй. Монголчууд бид идэж байгаа хүнсний бүтээгдэхүүний бараг 90 хувийг гаднаас оруулж ирж байгаа. Харин сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэр хөгжиж, төр засгаас ч зээл өгч, хэрэндээ л дэмжиж байна.

Гэхдээ л жижиг, дунд үйлдвэрээс томроод, хөгжөөд, өргөжөөд гарч ирж байгаа газар алга. Учир нь сүлжээ дэлгүүрээр нүүрээ халхалсан импортлогчид цаг, минут тутамд дарамталсаар байгаад жижиг, дунд үйлдвэрийн “өсөлт”-ийг зогсоочихож байгаа юм.

Үүнээс үүдээд зөвхөн үйлдвэрлэл дарагдаад зогсохгүй хүнсний аюулгүй байдал алдагдаж, монголчууд эрүүл мэндээрээ хохирч байна. Хүнсний аюулгүй байдлын асуудлыг мэргэжилтнүүд өдөр бүр л ярьж байгаа.

Уг нь манайх сүүлийн жилүүдэд Атрын аян эхлүүлж, цөөн ч гэсэн хэдэн үйлдвэр байгуулснаар хүнсний асуудлыг бага багаар шийдэж байгаа. Тиймдээ ч нэг үеэ бодвол төмсний хэрэгцээг 100 хувь хангаж байна. Мөн хүнсний ногооны 90 гаруй хувийг хангаад байгаа. Ойрын жилээс 100 хувь хангачих байх. Улаанбуудайн хэрэгцээг ч хангалттай хангаж байгаа. Дээрээс нь манайх мал аж ахуйн орон. Малаас гарч байгаа сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангалттай хангаж дийлнэ. За тэр гадаадад л байдаг гэх галуу, шувууны махаар нь арайхан хангахгүй байх.

Гэхдээ ирэх жилүүдэд тахиа, гахайны махны хэрэглээг ядаж 50 хувьд  хүргэх бололцоо харагдаж л байна. Энэ мэтээр тооцоод үзэхэд манайх зөвхөн цагаан будаагаа л гаднаас импортолж, бусдыг нь өөрсдөө хангах боломж бүрдчихээд байгаа юм биш үү. Тиймээс одооноос үндэсний үйлдвэрлэгчдийг, бизнес хийх гэж хичээж байгаа хүмүүсийг гишгэлж байгаа импортлогчдын хоолойг “боомилох” цаг болж. Ямар байдлаар зохицуулах арга байна тэр бүгдийг хэрэглэе л дээ. Шууд хориглож болдог бол тэгэх хэрэгтэй байна. Эсвэл импортын хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг маш өндөр болгоё л доо. Ядаж одоо, дараа жил, ойрын үед дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа хүнсний бүтээгдэхүүний импортыг таслан зогсоох шаардлага байна.

Хэрэв бид Хятадаас сүү, сүүн бүтээгдэхүүн оруулж ирэхгүй байвал энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа том, дунд, жижиг үйлдвэрүүд хэдхэн жилийн дотор хүчирхэг үйлдвэрлэгч болж хувирна. Бараа эргэлтийн хурд нь нэмэгдэж, хөрөнгө орлого нь ч ихэснэ. Тэр хэрээрээ үйл ажиллагаа нь өргөжинө. Ингээд ирвэл ажлын байр нэмэгдэнэ гээд эдийн засгийн үр өгөөжийг тооцоод барахгүй.

Манай төрийн томчууд ард иргэддээ хандаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалаад л байдаг. Гэтэл импортлогч эзэнтэй сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг лангууныхаа мухарт нуух нь холгүй байгаа. Дээрээс нь бодлогоор дэмжиж байгаа юм огт алга.

Уг нь импортын бүтээгдэхүүнийг хорих, татварыг нэмэх замаар элэг нэгтнүүдийнхээ үйлдвэрлэлийг дэмжээд өгвөл хэрэгтэй  байна. Тэгвэл ядаж салат, огурцы гээд ногоо дардаг компаниуд дээрхийн адил хөгжинө. Ядаж л эх орондоо ургасан шинэ ногоогоор хийсэн зүйл гэдэг гаднаас тээвэрлэж оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээс хавьгүй дээр. Аргаа ядахад өтгүй л байна шүү дээ.

Саяхан ХӨСҮТ-ийн эмч нар ард түмэндээ хандаж уриалга маягийн зүйл гаргаж байна билээ. Юу гэвээс монголчууд элэгний өвчлөлд их нэрвэгдэх болсон нь архинаас илүүтэй Хятадаас оруулж ирсэн төмстэй холбоотой гэнэ. Хятадуудын төмсөө бордож байгаа бордоо нь хүний элгэнд муугаар нөлөөлдөг юм байна. Гэхдээ тэр нь давтамжтай юм байх. Хамгийн ноцтой давтамж нь одоо тохиож байгаа гэнэ ээ. Тиймдээ ч ойрын жилүүдэд элэгний өвчлөл маш их байгаа гэдгийг эмч нар хэлсэн. Улмаар Хятадаас оруулж ирсэн төмс, хүнсний ногоо хэрэглэхгүй байхыг уриалж байна билээ.

Манайхан хүнсний аюулгүй байдлын тухай амаа цангатал ярьж байгаа. Хүнсний тухай хууль ч гаргасан. Гэсэн хэдий ч одоо болтол Хятадаас төмс импортолж оруулж ирж байгаа хүмүүс байсаар байна. Бүр тонн тонноор нь төмс оруулж ирчихээд, шороонд жаахан булаад л монгол төмс гэж зарж байгаа нөхдүүд байгаа. Уг нь манай улс чинь төмсний хэрэгцээгээ 100 хувь хангаж байгаа орон биз дээ. Тийм байтал заавал гаднаас төмс импортолж, иргэдийнхээ эрүүл мэндийг хохироох хэрэг юу байна.

Нөгөө талаар дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй байдаг гаднаас элдэв чихэр жимс, жигнэмэг, савласан болон лаазалсан бүтээгдэхүүн тухайн улсдаа гологдоод, хэзээ хэзээгүй хугацаа нь дуусах гэж байдаг тухай ам уралдан ярилцах хүмүүс байна. Олны үг ортой л гэдэг.

Энэ импортлогчид гэгдээд байгаа даварчихсан компаниуд чухам ямар чанарын баталгаатай бүтээгдэхүүн оруулж ирж байгааг хянаж, шалгадаг газар манайд байна уу.

Мэргэжлийн хяналтын газраас муудах эрсдэлтэй бүтээгдэхүүн энэ тэр гэж ангилаад хяналт тавьдаг  л юм гэсэн. Яг нарийн хянаж чадахгүй байгаа нь мэдээж шүү дээ. Тиймдээ ч импортлогчид тухайн улсад хугацаа нь дуусах дөхөөд, хямдрал зарласан элдэв бүтээгдэхүүнийг авч ирээд, энд хэд хоног зарж байгаад, дахин хямдруулж иргэдийн сэтгэхүйгээр тоглоод л сууж байна.

Төмс элэгний өвчин үүсгэж байна гэж байгаа юм чинь бусад элдэв хүнсний бүтээгдэхүүн ямар ч өвчин үүсгэж байгаа юм билээ, хэн мэдлээ. Монголчууд сүүлийн жилүүдэд элэгнээс гадна ходоодны өвчнөөр шаналж байгаа ард түмэн. Энэ нь гаднаас элдэв хүнсний бүтээгдэхүүн зах замбараагүй орж ирж байгаатай холбоотой ч байж болох. Тэгэхээр хүнсний импортыг бүр хориглосон ч болохоор байна. Тэглээ гээд манайхан чихэр жимс, жигнэмэгээр дутаад өлсөөд үхэв л гэж.

Дээрээс нь улс орны стратегийн асуудал гэж нэг юм байна. Дээр цагт дайны үед зөвхөн гутлаар нь боомилж улс орныг буулгаж авч байсан тохиолдол байдаг юм билээ. Хөл нүцгэн цэргүүд яаж байлдаж чадаа аж. Ердөө л гутлынх нь импортыг хаагаад л асуудлыг шийдэж байсан хэрэг. Түүнтэй адил  манайхан энэ төрлийн эрсдэлээ тооцож, одооноос үйлдвэрлэгч орон болохын төлөө зүтгэх хэрэгтэй байна.

Өнөөдөр Төв аймгийн нутагт Хятадууд 100 хувь төрийн өмчийн маш том цементийн үйлдвэр барьж байгаа сурагтай. Гэтэл цемент гэдэг стратегийн бараа. Манайх шиг идэвхтэй хөгжиж байгаа оронд бүтээн байгуулалт гэдэг цаг, минутаар хэмжигдэнэ. Харин бүтээн байгуулалтад хэрэглэх хамгийн гол түүхий эд бол цемент. Бид өнөөдөр дотооддоо цементээ үйлдвэрлэх бүрэн боломжтой. Хөтөлийн цементний үйлдвэрээс авахуулаад боломж байгааг бүрэн дүүрэн баталж байгаа. Гэтэл өөрсдөө томоохон цементийн үйлдвэр барихын оронд Хятадуудад өгөөд байж л байна. Нэг л өдөр Хятадууд цементийн үйлдвэрээ хаагаад, бодлогоор боогоод явчихвал, гаднаас цемент импортлох боломжгүй болбол бид яах вэ.

Юун бүтээн байгуулалт манатай болно биз дээ. Тийм цаг иртэл хаа ч байсан юм гэж бодох хүн гарч магадгүй. Бид хоёр том хөршөөс хараат байсаар байвал ийм аюул нэг л өдөр ирэхийг үгүйсгэхгүй. Үүнтэй адил шатахуун, шатах тослох материал, гутал хувцас гээд шаардлагатай зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэдэг болмоор байна. Импортлогч биш үйлдвэрлэгч орон болох шаардлага зайлшгүй байгаа. Гэхдээ бүхнийг үйлдвэрлэдэг болтол зай ч байна, лай ч байна. Харин өнөөдрийн хувьд маш яаралтай хүнсний импортыг хориглох л хэрэгтэй байна даа.

Н.ПУНЦАГБОЛД
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж