
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл байсан бөгөөд гишүүдийн олонх нь төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзжээ. Уг хууль батлагдсанаар мэдээлэл өгөх үүргийг Засгийн газрын харьяа байгууллагуудад олгох аж. Мөн төр засагтай холбоотойгоор гарч буй мэдээллүүдийг тодорхой хугацааны дотор интернэт вэб сайтуудаар дамжуулж, олон нийтэд хүргэх, тогтмол мэдээлэл өгч байх гэсэн шаардлага тавьсан хуулийг батална гэсэн мэдээллийг бүлгийн дэд дарга Л.Гантөмөр өглөө. Мөн энэ хуультай холбоотойгоор хэвлэл, мэдээллийнхнийг тодорхой саналыг ирүүлэхийг хүслээ. Учир нь энэ хуулийг хэрэгжүүлэх тал нь Засгийн газар боловч, хэрэглэх хүмүүс нь хэвлэл мэдээллийнхэн байх юм. Мөн бүлгийн гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжсэн байна.