Орон сууцныхаа нэрээр гангаръя

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Орон сууцныхаа нэрээр гангаръя

Сүүлийн үед гоёосоо авахуулаад гомдмоор нэртэй орон сууцны хороолол, хот­хон бий болж эхлэв.  “Өнөр бүл” гээд Монголын уран сайхны киноны нэртэй орон сууцны хороолол байгаа бол Уильяам Шекспирийн “Ромео, Жульета” хэмээх хайр сэтгэл, харуусал гунигийг харуулсан эмгэнэлт жүжгийн нэрээр нэрлэсэн орон сууцны хоёр барилга хүртэл байх юм. За тэгээд цааш нь үргэлжлүүлэн дурьдвал Алтан орд өргөө,  Хос багана, Шинэ мөрөөдөл, Гэгээн байршил,  Хөх морьт, Үйлдвэрчин, Шөнийн плаза гэх мэт хотхонууд нийслэлийг чимнэ. Гэхдээ орон сууцны барилгууд нь биш шүү. Зөвхөн нэрнүүд нь. Хэн нэгэн хүн 13 дугаар хороололд байрлах Ромео Жульета хотхонд ч юм уу, аль эсвэл Шөнийн плаза хотхонд амьдардаг гэж бодъё. Түүний найз нь “Танайх чинь хаана билээ” гэж асуувал Ромео Жульета эсвэл Шөнийн плаза гэж хариулах нь гарцаагүй. Үүнийг сонсон хүн “Аан” гэж хэлэх болов уу, аль эсвэл “Юу гэнэ ээ. Ямар юм байдаг юм бэ” гэж хэлэх болов уу.  Ер нь тэгээд хэр сонсголонтой байна даа. Үнэтэй, хямдхан нь ч мэдэгдэхгүй үнэхээр ядаргаатай. Дээр дурьд­сан хотхоны нэрнүүдээс аль нь тансаг зэрэглэлийнх бол. Магадгүй Алтан орд өргөө байж болох л юм. Гэхдээ нөгөөдүүл нь ч гэсэн дажгүй л нэртэй байгаа биздээ.
Тэгэхээр баригдаад ашиглалтад орсон хотхон хорооллуудын нэр ч яах вэ. Энэ чигээрээ үлдэг. Харин одоо баригдаж байгаа хотхонуудад хүний нэр өгвөл ямар вэ. Ромео Жульета хотхон гэдэг шиг Гамлет, Отелла гээд нэрлэчихье. Тэгээд гол дүрийн баатрууд нь хэд байна тэрнийх нь тоогоор орон сууцны барилгаа барьчих. Харин үнэ хямд хотхонуудад Өнөр бүл хэмээн Монголын уран сайхны киноны нэр шиг Мартагдашгүй намар, Гарын таван хуруу,  Загийн алим гэх мэтээр нэрлэчихье. Жишээ нь Гарын таван хуруу киноны нэрийг авч барилга барих гэж буй компани таван барилга барьчихад хангалттай. Тэрийгээ 12, 11, ес, долоо тав гэх мэтээр давхрыг нь багасгачихвал нэрэндээ таарсан сайхан хотхон бий болох биш үү. Цаана чинь Ромео Жульета хотхон хоёр барилгатай. Өөд өөдөөсөө хараад хайр сэтгэлийг илэрхийлж бай­хад энэ мэтээр орон сууцны хороолол хотхоноо нэрлээрэй гэж барилгын компаниудад зөвлөе. Ингээд нэрлэчихвэл монголчууд илүү татагдах болов уу.

Ж.БАТТУУЛ

Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж