
Харин энэ олон өрхийг яагаад цахилгаанаар хангахгүй байгааг цахилгаан түгээх сүлжээний зүгээс “Найман мянган айлын олонх нь цахилгаан хүргэх боломжгүй газарт байрласан байдаг. Уулын орой, эгц хажуу болон хэт алслагдмал газар, үерийн далан сувагт аж төрж байгаа айлуудад цахилгаан хүрээгүй. Ер нь зөвшөөрөл авалгүй буусан болгонд цахилгаан түгээх үүрэггүй” гэсэн хариулт өгч байна.
Зөвшөөрөлгүй газарт дураар буусан нь иргэдийн буруу боловч цахилгаан түгээх байгууллагын хариулт дэндүү амь хадуу сонсогдож байна. Угаас Улаанбаатар хотод эрчим хүчний эх үүсвэр дутмаг байгаа. Тиймээс ч энэ зундаа багтан ТЭЦ-3-ыг 50 мВт-аар, ТЭЦ-4-ийг 100 мВт-аар хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр ажлаа эхэлжээ. Ингэлээ гээд алслагдсан гэр хороололд суугаа найман мянган айл өрх гэрэл цахилгаантай болох магадлал муу. Гагцхүү гал түлээд цай, хоолоо хийчих боломжгүй орон сууцныхнаа найдвартай эх үүсвэртэй байлгах хамгийн боломжит алхам нь хуучин станцын өргөтгөл гэж салбарын яам үзжээ. ТЭЦ-5-ыг Баянзүрх дүүрэгт барихаар шийдсэн. Гэвч байгаль орчны үнэлгээ гарсны дараа баттай хариу гарч, түүний дараа бүтээн байгуулалтыг эхлүүлэх болохоор ойрын нэг хоёр жилдээ хүлээхээс аргагүйд хүрээд байгаа юм.
Цахилгаан үйлдвэрлэгчдийн хүчин чадлаас гадна түгээх шугамын хүрэлцээ тун хомс болжээ. Гэр хороололд уул дамжин босох өндөр хүчдэлийн шугам барих компанийг шалгаруулсан хэдий ч шугам босгох талбайд суурьшсан айлууд газраа чөлөөлж өгөхгүй их хэмжээний мөнгө нэхэх болжээ. Шугам барихын тулд нийтдээ 183 айлын газрыг чөлөөлөх гэнэ. Гэтэл Амгалан дулааны станцыг барихын тулд 80 айлын газрыг чөлөөлөхөд 36 тэрбум төгрөгийг иргэд нэхэмжилжээ. Шинээр шугам тавихын тулд Амгалан станцаас даруй хоёр дахин өндөр нөхөн төлбөр шаардаж мэдэх нь. Анхнаасаа хот төлөвлөлтгүй, алсын хараагүйгээр газар өмчлүүлэх ажлыг хавтгайруулснаас үнэ төлбөргүй өмчлүүлсэн газраа буцаахдаа өндөр үнээр худалдан авахаас аргагүйд хүрчээ. Ерөнхий сайдын зүгээс “Энэ бол байж болшгүй зүйл. Хотын дарга нар ажлаа хийж, газар чөлөөлөх ажлыг хурдавчлахгүй бол зуны сар зургаа биш шүү” гэсэн хатуухан шүүмжлэлийг эрчим хүчнийхэн болон хотын удирдлагуудад хаяглан хэлж байлаа. Нэг нь нийтийн төлөө гэсэн урьдын уриа ард хоцорсон болохоор нийт олны төлөө гэх сэтгэл ч хэдийнэ хаягджээ. Тиймээс газраа чөлөөлсөн иргэд хашаа байшингаа орон сууцаар солих хүсэлтэй байгаа гэнэ.
Ийн эрчим хүчнийхэн гишгэх газаргүй хөл мэт хавчигдмал байдалд орсон буруугаа үнэ чөлөөлөөгүйтэй холбон тайлбарлаж байна. Хүнс, өргөн хэрэглээний барааны суурь үнэ хэлбэлзэнэ гэсэн шалтгаанаар улстөрчид эрчим хүчний үнийг чөлөөлөлгүй хатуурхсаар өнөөг хүрчээ. Үүнийхээ хариуд улстөрчид ард олондоо нэр алдахгүй явдаг бол ард нь эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч, борлуулагчид байнга алдагдалтай ажиллаж иржээ. ХХI зуун эхэлснээс хойш гэрэл цахилгаан, дулаан үйлдвэрлэгч түгээгчид шат дамжлага болгондоо алдагдалтай ажилласаар иржээ. 2012 оны алдагдал гэхэд системийн хэмжээнд 66 тэрбум төгрөгт хүрсэн байна. Алдагдлаас гарах, адаглаад хэмжээг нь бууруулахын тулд эрчим хүчнийхэн 2013 оныг дотоод боломж бололцоогоо дайчлах жил болгон зарласан. Энэ бол энэ онд алдагдал эс буурваас ирэх жилээс үнэ чөлөөлөх асуудлыг эргэн тавина гэсэн үг юм. Тэгвэл эрчим хүчний салбарын ахмад инженерүүд эхний ээлжинд үнэ чөлөөлөх бус үнийг зохицуулах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байна. Тэдний хэлж байгаагаар цахилгаан эрчим хүчний үнийг гэнэт чөлөөлөх нь мэдээж эдийн засагт халгаатай. Тиймээс эхний ээлжинд уул уурхайн компаниуд, бараа бүтээгдэхүүнээ гадаадад экспортлогчдын хэрэглэсэн цахилгааны үнийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Экспортын бүтээгдэхүүн гэдэг дэлхийн зах зээлийн үнээр тодорхойлогддог. Гэтэл манай улсад цахилгааны үнэ дэлхийн зах зээлээс хэт бага байдаг болохоор үндэсний үйлдвэрлэгчид ч үнийн өсөлтөд ширвээтээд байхгүй гэж ахмад инженерүүд тооцоолжээ. Дараагийн ээлжинд цахилгааныг нэмэгдсэн үнээр худалдан авахаас аргагүй салбарт үйлчилгээнийхэн тэр дундаа баар, цэнгээний газар, зочид буудал, тоглоомын газруудыг нэрлэжээ. Харин ахуйн хэрэглэгчид буюу айл өрхүүд, өдөр тутмын хүнс, талх, нарийн боов үйлдвэрлэгчид, мах боловсруулах цех зэрэг газрын хэрэглэсэн цахилгааны үнийг нэмэхгүйгээр зохицуулалт хийж гэмээнэ суурь үнэд нөлөөлөхгүйгээр эрчим хүчнийхнээ дэмжих боломж байгааг үгүйсгэх аргагүй.
Эрчим хүч улс орны эмзэг бөгөөд төсөв хөрөнгө өндөртэй салбарын нэг. Тиймээс ч үе үеийн Засгийн газар “татаас” өгч хууран гартаа атгасаар өнөөг хүргэсэн. Засаг барьж буй хүмүүс оноо авахын тулд эрчим хүчний үнийг барихаас илүүтэй мэргэжлийн боловсон хүчинд анхаарах байсан юм гэсэн шүүмжлэл газар авч байна. Салбарын сайдаар ажилласан хүмүүсийн намтар түүхээс харахад сүүлийн зургаан удаагийн томилгоонд Д.Жигжидээс бусад нь харь хөндлөнгийн хүмүүс ажээ. Сайдын сэнтий улс төрийн албан тушаал хэдий ч мэргэжлийн салбарыг мэргэжлийн бус багаар ахлуулснаар дээшилж дэвшсэн зүйлгүй улам уналтад орсоор эрх баригч намд эрчим хүчний хүн үгүй гэж тайлбарлахгүй нь лавтай. Ардчилсан намын батлах өвөртлөгсөд гудамжны жагсаалаас гаралтай гэсэн гооч үг байдаг ч гэрэл цахилгаанаар мэргэшсэн нэг биш мэргэжилтэн аар салбарт ажиллаж байна. Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрах л гэхэд Уралд эрчим хүчний чиглэлээр ном сонссон жинхэнэ мэргэжлийн “этгээд” гэдгийг салбарынхан байтугай нь хэлэх юм билээ. Мэргэжилтэй нэгний нь аж ахуйн ажилд томилчихоод мэргэжилгүйг нь мэргэшүүлэх гэж цаг алдаж суух зуур салбарын ажил нь цалгардсаар байгааг эрх баригчид анзаарахгүй өнгөрнө гэж баймгүй. Ямартай ч эрчим хүчинд эрс шинэчлэл хэрэгтэй байна. Улаанбаатарыг уушгины өвчтөнөөр дүүрчихээс өмнө эрчим хүчний эх үүсвэрээ өргөтгөх, шинэчлэх, одоохондоо найман мянгаар тоологдож буй гэрэлгүй айлуудаа цахилгаанаар хангах, боловсруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх гээд олон ажил байна. Зам, барилгынхан хаврын эхэн сартай уралдаад ажлаа эхэлсэн. Харин эрчим хүчнийхэн газар чөлөөлөх мөнгө нэхэхээс өөрөөр ахиулсан зүйл байна уу. Салбартайгаа танилцаж дууссан бол шавдуухан ажиллах цаг болсон биш үү. Зав гарвал “Хүжийн гал”-д хичээлээ уншин суугаа хүүхдүүдтэй очоод нэг уулзчихвал гэрэл цахилгаангүйн зовлонг илүү мэдрэх биз ээ.