Дархан хил тайван байна

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

“Сэтгүүлчид торгон хилд” аяллын багт багтан Өмнийн цэнхэр говийг зорьж яваа сэтгүүлчид …Хилийн тэнгэр цэлмэг байгаасай, Холын чамд минь дуу минь хүрээсэй хэмээн дуулж явна.

Монгол
Улсад хил хамгаалах байгууллага үүссэний түүхт 80 жилийн ой энэ жил
тохиож байгаа учраас ийнхүү дайчин эрсээ эргэж амьдрал ахуйтай нь
танилцахаар очиж яваа нь энэ. Өмнөговь аймаг 1931 онд байгуулагдсан
бөгөөд 165,0 мянган ам дөрвөлжин километр нутагтай. Баянхонгор,
Өвөрхангай, Дундговь, Дорноговь, зэрэг аймагтай хиллэнэ. Харин өмнөд
хэсгээрээ 700 километр газраар БНХАУлстай хаяа залган оршдог аж. Говь
нутаг үзээгүй заримынх нь хувьд говийн юм бүхэн сонихон. Шөнийн талд
элдвийг ярилцан явтал Даланзадгад хот гэрэлтэн байх нь ёстой л тал
нутагт тэнгэрийн одийг буулгаж ирээд төрөлх нутгаа чимээ юу гэлтэй
харагдана. Биднийг хүрэлцэн очиход Хилийн 0131-р ангийн захирагч
хурандаа Б.Баярбат болон албаны бусад хүмүүс хүлээж авсан юм. Тус ангийн
80 жилийн ой ч мөн энэ онд тохиож байгаа ажээ. Анх 1933 оны нэгдүгээр
сарын 21-нд аймгийн төв дээрээ байгуулагдаж байсан хилийн 0131-р анги
1946-1957 оны үед “Сангийн далай” хийд дээр байрлаж байсан бол энэхүү
хийд нь Юнескогийн соёлын өвд бүртгэлтэй байдаг юм байна. Наян жилийн
түүхэндээ 240 гаруй хил зөрчигчдыг илрүүлэн баривчилж, дархан хилийнхээ
тайван байдлыг хангаж, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах
ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн тус ангиас долоон генерал, 37
хурандаа төрөн гарчээ.

Отрядын
байранд амарсан бид өглөө эртлэн Монгол улсын газар нутгийн хамгийн
өмнөд цэг болох “Орвог гашууны бор толгой”-г хариуцан хамгаалдаг “Цагаан
дэрс” хилийн заставыг зорьлоо. Аймгийн төвөөс зүүн өмнө зүг явж байхдаа
“хараа цуцаасан хөндий, элстэй газраар явах болов уу” гэж бодсон ч тийм
биш ажээ. Нутгийн зон олон “Хан-Уул хайрхан” хэмээн шүтэн дээдэлдэг
тэгш оройтой том уулыг өнгөрөөд “Хүрхийн уул”-ын зүүн сугаар урагшилсаар
Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт очдог. Уг сумаас чанх урагшаа
“Усны хөндий” хэмээх байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэн бүрдсэн хадан
хясаа бүхий амаар уруудаж явсаар “Борзонгийн говь” хүрлээ. Бидний очих
дараагийн газар болох “Цагаан дэрс” хилийн застав “Булган хорго” хэмээх
өнгөт металын орд бүхий нутгийн тахилгат хайрханы зүүн суганд байрладаг
ажээ. Тус застав 1980 оны долдугаар сард анх байгуулагдаж, хилийн
638-658-р тэмдэгийн хооронд хорин багана бүхий зуу орчим километр газар
нутгийг хариуцна. Булаг, сайрын татаал ус элбэгтэй, элс хайрга хосолмол
хөрстэй, өнгө бүрийн шавар, байгалийн зотон будаг эхтэй байдаг нь хил
зөрчигчид нуугдах сайхан боломж үүсгэдэг гэдгийг тус заставынхан хэлж
байсан юм. Заставын хэсгээр 1949 онд манай нутгаар дамжин Оросруу гарах
зорилготой хятадаас дүрвэсэн 120 хятад иргэнийг хил зөрчин орж ирэхэд нь
буун дуу гаргалгүйгээр саатуулан баривчилж байжээ. Тус баривчилах
ажиллагааг н.Жигжидсүрэн хэмээх хүн удирдаж байсан бөгөөд тэрээр буугаа
бариад тэдгээр хил зөрчигчдийн өөдөөс ганцаараа очиж анхааралыг нь татаж
чадсаны ачаар ард нь үлдсэн манай цэргүүд бүслэн буулган авсаныг ахмад
хилчид ярьж байсан нь үлгэр домог шиг санагдана. Ийнхүү бид хилийн 3-р
застав дээр олон сайхан түүх сонссоны дараа “Цагаан дэрс” хэмээн цагаан
өнгийн чулуугаар урд энгэрт нь бичсэн уулыг алслан үлдээсээр эх орны
өмнөд цэгийг зорьж явна.

Их
говийн энэ хэсэг элс гэхээр юм бараг байхгүй, хангай нутгаас
дутахааргүй өндөр, өндөр хадан хавцалтай байх нь гайхмаар. Өглөөний
нарыг “Орвог гашууны бор толгой” дээрээс харахаар хичээсэн ч биднийг
очиход аль хэдийн нар дээр мандсан байсан юм. Байгалийн хавтгай
чулуугаар шатлан зассан замаар дээшлэн өгсөх тусам холоос харагдаж
байсан өнөөх жижигхэн толгой хувирч, үүлс шүргэсэн сүрлэг оргил
болчихсон мэт санагдана. Орой дээр нь гарахад хааш хаашаа хараа ил
газартай, салхи нь хүчтэй байх аж. Цементэн суурьтай гантиг чулуугаар
хийсэн, хоёр талдаа Монгол, Хятад улсын төрийн сүлд бүхий “Хилийн 652-р
тэмдэгт багана” энэ толгойн урд хэсэгт бий. Сэтгүүлчид биднийг 652-р
багана дээр ирэхэд хилийн “Цагаан дэрс” заставын дарга, ахлах дэслэгч
Ц.Энхбаатар хилийн баганадаа хүндэтгэл үзүүлээд биднийг хүлээж байсан
юм. Сэтгүүлчдийн багийг ахлан яваа дэд хурандаа М.Баатарсүрэн ахлах
дэслэгчтэй ёслож “Дархан хил тайван уу” хэмээн асуутал “Тайван” гэж
намуухан мөртлөө өөртөө итгэлтэйгээр товчхон хариулах нь бахархмаар
ажээ. Тэр үнэхээр өөрийн ахлан хариуцсан хэсгээр тайван байгаад итгэлтэй
байвч ердөө төө гаруйхан өргөнтэй баганын талаас нь цаашаа гарч
болохгүй гэж бидэнд анхааруулах нь “үүнээс цааш хүний нутаг” гэсэн
бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Ийнхүү хилийн зурвас, сүлдэт баганы өмнө
зогсож байгаа хэн ч :

Ширхэг чулууг нь хүртэл алдаж болохгүй
Шувуу нислээ ч эргэж ирээсэй гэж залбирдаг

хилчин дайчдынхаа нутаг, эх орноо гэсэн их хайрыг бага ч болов ойлгоно.
Анх Монгол, Хятадын хилийн зурвасыг 1963 онд тогтоож, тэмдэгт
багануудыг байгуулсан юм билээ. Түүнээс өмнө хоёр улсын хил нээлттэй
оршиж байсан байх юм. Харин одоо бол Хятад улс бүх хилээрээ төмөр тор
татаж хамгаалжээ. Мөн хилийнхээ тор дагуу хурдны зам тавихаар бэлдчихсэн
байгаа нь харагдана. Өмнөд захын цэг 652-р багана байрлаж байгаа
Өмнөговь аймгийн нутагт байрлах “Орвог гашууны бор толгой” хэмээх энэхүү
толгойг өмнө нь “Дугших бор хошуу” хэмээн нэрлэдэг байж. Үнэхээр ч
Хятадын нутагруу түрж ороод урагшаа духайн хошуулдсан газар байна лээ.
Харин “Орвог гашууны овоо” гэдэг нэртэй газар одоогийн Хятадын нутаг
дотор таван километрийн гүнд байдгийг нутгийн өвөө хэлсэн. Мөн
“Баянгол”-ын заставынхан анх байгуулагдсан цагаасаа ундны усаа авдаг
байсан “Ингэн ус” хэмээх газар ч одоо харийн нутагт бий. 1963 онд хоёр
улсын хилийг тогтооход тухайн үеийн улс төрийн байдал нөлөөлсөн үү,
эсвэл хил тогтооход оролцсон хүмүүсийн хайнга байдлаас ч болсон уу,
ямартаа ч эх орны тодорхой хэсэг өөр улсын мэдэлд орчихож. “Орвог
гашууны бор толгой”-оос буцаж, тэндээс 18 километрийн зайд байрлах
“Баянгол”-ын харуулын цэг дээр бид бага үдийн үед очиж, цэргүүдийнхээ
амьдралтай танилцсан юм. Эх орны дархан хилийг тайван байлгах амины
үнэтэй тангараг өргөсөн эгэлхэн баатар цэргүүдийн маань амьдардаг байр
цомхон мөртлөө, тохилон ажээ. Хоёр, хоёроор нь давхарлан тавьсан цэрэг
цагаан ор бүхий унтлагын өрөө, гал тогоо болон усанд орох шүршүүрийн
өрөөнөөс тэдний маань “гэр” бүрдэнэ. Арав хоногийн хугацаатай тэдэнд ар
талаас нь хоол хүнс, оо, саван гээд хэрэглээний зүйлс ирэх бөгөөд тэд
“өөрсдийн хүссэн хоолоо хийгээд идчихдэг” хэмээн ярьж байлаа. Үүнээс
гадна Хилийн 0131-р ангид зөвхөн Өвөрхангай аймгаас цэргүүд татагдан
ирдэг нь тэдний гэрээ санах сэтгэлийг зөөллөдөг бололтой юм билээ.
Харуулын цэг дээр буугаа мөрлөн сүлдэт хилийн багана тийш дурандан
зогсох тэдний хувьд юугаар ч сольшгүй цаг хугацаа, бахархал нь байдаг
ажээ.

Тус
харуулын цэгийн баруун хойно нэгэн томоохон ой байсан нь нөгөө алдарт
“Тооройн төгөл” ажээ. Алдар түүхтэйгийн учир нь 1700-аад оны сүүлээр тус
нутагт амьдарч байсан Гомбосүрэн тайжийн гурван хүүхэд “нутаг усандаа
хэрэгтэй сайн үйл хийе” гэж тохироод том хоёр хүү нь худаг гаргажээ.
Харин түүний бага хүү болох Сайн-Эр гэгч “Тооройн төгөл” байгаа тус
газарт тэмээгээр гучин ширхэг тоорой мод Баянхонгор аймагтай хил залгаа
нутгаас авч ирж суулгаж. Харин түүнийг нутгийнхан нь эсэргүүцэж
“Шүтлэгтэй газар эвдэж сүйтгэлээ” хэмээхэд тэрээр “Газар эхэд хөмсөгийг
нь суулгаж байгаа юм байна гайгүй байлгүй дээ” гэж хариулсан гэдэг.
Гэтэл одоо түүний суулгасан өнөөх гучин тоорой бараг хааш хаашаа нэг
километр газрыг хамарсан их ой болон өргөжжээ. Харин сүүлд 1970-аад оны
үед “Баянгол”-д алба хааж байсан Өвөрхангай аймгийн харьяат Шарав гэж
цэрэг Монгол, Хятадын хил нээлттэй байх үед нутгийн малчдын тэмээ мал
удаа дараа хилээр гараад байсан болохоор тус төгөлийн хэсэг модыг төмөр
утсаар боож хашаа болгоод долоо хоногийн дараа суллатал дахиж ирэхээ
больсон байна. Харин түүний ингэж тэмээ хорьсон газрыг түүнээс хойш
“Шаравын чангалан” гэж нэрлэдэг болсон ажээ. Эдгээр тооройн моднуудад
төмөр утсаар хүлүүлсэн ором байх бөгөөд зарим нэг нь томрон ургасан ч
одоо ч дотор нь төмөр утас байгаа нь харагддаг юм билээ.

…Ийнхүү
цэрэг эрсээ эргэж, олон сайхан түүхэн дурсгалт газраар явсан аялалын
багийнханы эх орны дархан хилийн өмнөд хэсгээр явсан аялал дуусах
дөхлөө. Буцаад л Хилийн 0131-р анги дээрээ хүрэлцэн ирэхэд хуучин
танилындаа айлчилж байгаа юм шиг санагдах нь олон аавын хүүгийн орон
гэрийг олон жил орлож ирсэн түүхтэй газар болоод тэр биз ээ. Ангийн
захирагч хурандаа Б.Баярбат, дэд хурандаа Б.Батсайхан бусад офицер албан
хаагч, цэргүүд биднийг ангийнхаа үүднээс гарган өгч, аян замыг минь
ерөөгөөд ёслон үлдсэн.  “Санамсаргүйгээр хилийнхээ багана өнгөртөл
ширхэг чулуу өшиглөчихөөр харамсах сэтгэл маш их төрдөг. Тиймээс бид
хэзээд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” хэмээсэн ахлах дэслэгч
Ц.Энхбаатарын үг их говийн наран дор буцаж явахад бодогдсоор байсан. Энэ
мэт эх орноо хайрлах сэтгэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч хилчин дайчид
хилээ хамгаалж явааг ойлгож мэдэрсэн юм. Тиймээс хэн нэгэн надаас
“Монгол улсын дархан хил тайван уу” гэж асуух юм бол би итгэл төгс, омог
бардамаар “Тайван” гэж хариулна.

…Хилийн тэнгэр цэлмэг байх болтугай. 

 
Т.ДАРХАНХӨВСГӨЛ









NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж