Баар, дэлгүүрүүдийн гадна орчныг шалгана

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Баар, дэлгүүрүүдийн гадна орчныг шалгана

Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудыг жил тутам шалгаж, аттестатчилдаг. Энэ жилийн шалгалт маргаашнаас буюу энэ сарын 20-ноос эхлэх юм байна. Хэрхэн аттестатчилал явуулах тухай Нийслэлийн Захирагчийн албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа.

-Архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг байгууллагуудыг ямар шалгуураар аттестатчилах вэ?

-Согтууруулах ундаа худалддаг, үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн доторх засал, чимэглэл, цэвэрлэгээ чанарын шаардлага хангасан байдаг. Байгууллагууд дэлгүүр, баар, паб зэргийн доторхи орчныг шил толь шиг цэвэрлэдэг хирнээ гадаад орчноо огт тоодогггүй. Ажлын хэсгийнхэн энэ удаад орны тохижилт, цэвэрлэгээг хангалттай хийсэн байдал, ногоон байгууламжтай эсэхийг нэн түрүүнд шалгах болно. Нийслэлийн ЗАА-ны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, нийслэлийн тохижилтийн газар, дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, цагдаагийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг шалгалт явуулна.

-Гадаад орчинд хэдэн метр зайг хамруулж үзэх вэ?

-Тийм, архи, согтууруулах ундаа зарж борлуулж, үйлчилж байгаа мянга гаруй үйлчилгээний газруудын гаднах 50 метр газрын тохижилтыг хамруулж шалгана. Тодруулбал, гэрэлтүүлэг, зүлэгжилт, явган хүний зам, хогийн сав, сандал зэргийг шалгана. Нэгэнт байгууллага, аж ахуй нэгжүүдийн дотоод засал, чимэглэл чанарын шаардлага хангасан байдаг тул гаднах орчноо тохижуулсан бол аттестатчилалд айлтгүй тэнцэх болно.

-Шаардлага хангахгүй байгаа байгууллагуудад ямар арга хэмжээ авах вэ?

-Эхний ээлжид 5-7 хоногийн хугацаатай зөрчлөө арилгах албан бичиг хүргүүлнэ. Хэрэв зөрчлөө арилгахгүй бол архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. 

-Шалгалт ямар хугацаанд үргэлжлэх вэ?

-Баянзүрх дүүрэгт маргаашнаас эхэлнэ. Цаашлаад, Чингэлтэй дүүрэгт энэ сарын 29-31-нд, Хан-Уул дүүрэгт ирэх зургадугаар сарын 03-05-нд, Сонгинохайрхан дүүрэгт зургадугаар сарын 06-16-нд, Сүхбаатар дүүрэгт зургадугаар сарын 16-20-нд  аттестатчилал явуулна. Мөн хотын захын дүүрэг буюу Багахангай, Налайх, Багануур дүүргүүдэд ирэх зургадугаар сарын 16-19-нд  Ажлын хэсэг очиж ажиллана.

-Аттестатчилалд орж байгаа байгууллага, иргэд төлбөр төлөх үү?

-Иргэд байгууллагууд ямар нэгэн хураамж төлөхгүй.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж