“Порту” Португалийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

“Порту” Португалийн аварга боллоо

Португалийн хөлбөмбөгийн дээд лиг “Примьера лиг”-т “Порту” баг түрүүллээ. “Порту” лигийн сүүлийн тойрогтоо “Пасуш ди Феррейра” багийг 2:0-ийн харьцаатай хожиж, 78 оноотой болсноор аварга болсон байна. Харин хоёрдугаар байрт энэ жилийн “Европа лиг”-ийн дэд аваргууд болох “Бэнфика” баг 77 оноотойгоор шалгарчээ. Португалийн хөлбөмбөгийн дээд лиг “Примьера лиг”-т 16 баг оролцож, 30 тойргийн тоглолт хийдэг. Лигийн эхний хоёр байрт шалгарсан баг Европийн хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд оролцдог. Харин гуравдугаар байрт шалгарсан баг “Аваргуудын лиг”-ийн плей-оффын тоглолтод орж, ялсан тохиолдолд оролцдог юм. Энэ жилийн Португалийн лигийн гуравдугаар байрт Пасуш ди Феррейра” баг шалгарчээ.

Мөн дөрөв болон тавдугаар байраар шалгарсан  “Европа лиг”-т тоглох эрхтэй. Дараа улирлын “Европа лиг”-т Португалийн “Спортинг”, “Историл” багууд оролцоно.
Португалийн “Примьера лиг”-ийн мэргэн буучаар 26 гоолтой Колумбын шигшээ болон “Порту” багийн довтлогч Жексон Мартинес тодорсон байна. Харин түүний ард “Бэнфика” багийн 20 гоолтой Бразил довтлогч Лима болон 17 гоолтой Парагвай довтлогч Оскар Кардосо нар шалгарлаа. Оскар Кардосо энэ улирлын “Европа лиг”-ийн финалд “Челси” багийн хаалганд гоол оруулж байснаар спорт сонирхогчид сайн мэднэ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж