“Зарим нам тулган шаардсан бичиг ирүүлсэн”

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

“Зарим нам тулган шаардсан бичиг ирүүлсэн”

СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Наранбаттай уулзаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн  сонгуулиар хичнээн сонгуулийн хороод ажиллах вэ?

-Сонгуулийн ерөнхий хороо аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулна гэж заасны дагуу тус Хороо 5 дугаар сарын 06-ны өдөр нийслэлийн болон 21 аймгийн сонгуулийн хороог байгуулаад байна. Одоо аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод нийт 196 хүн ажиллаж байна. Мөн Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод нь  санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө сум, дүүргийн хэмжээнд сонгуулийн зохион байгуулалтыг хариуцан ажиллах сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулж ажилд нь оруулаад байна. Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр улсын хэмжээнд нийт 1904 сонгуулийн хэсэг байгуулагдаад байна. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо хуульд заасны дагуу эдгээр хэсэгт ажиллах бүрэлдэхүүнийг санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө баталж, хэсгийн хороодыг байгуулан ажиллуулж байна. Түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрлаж байгаа гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах Комисс, салбар комиссыг санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө байгуулаад байна. Комисс, салбар комисст нийт 170 орчим хүн ажиллаж байна. Үүнээс гадна сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 хүн, сонгуулийн хэсэг тус бүрд нэг мэдээллийн технологийн даамал буюу 1900 гаруй хүн ажиллах юм.

-Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд хэт нэг талыг барьсан намын хүмүүс орсон гэсэн шүүмжлэл гараад байгаа. Ер нь сонгуулийн хороодыг ямар зарчмаар байгуулдаг юм бэ?

-Хуулиар аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулах бүрэн эрх нь гагцхүү сонгуулийн төв байгууллагад хадгалагддаг. 2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар хуульд заасны дагуу сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд намын төлөөлөл оролцуулж, дарга, нарийн бичгийн дарга нь өөр өөр намын төлөөлөл байх, аль нэг намын төлөөлөл давамгайлахыг хязгаарласан заалтуудын хүрээнд сонгуулийн хороодыг байгуулж байсан бол 2012 онд батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид томилогдон ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орж ажиллах төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын талаарх дэлгэрэнгүй судалгааг авсны үндсэн дээр аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд ажиллуулахаар санал болгож ирүүлсэн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг баталж, нийслэл, 21 аймгийн сонгуулийн хороодыг байгуулсан. Зарим аймгийн намаас сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд намынхаа төлөөллийг оруулахыг тулган шаардсан албан бичгүүд  Хороонд  ирсэн. Сонгуулийн хууль тогтоомжид орсон зарчмын өөрчлөлт, шинэчлэлүүдийн нэг нь сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд аль нэг намын харьяалалгүй зөвхөн төрийн албан хаагчдыг тэр дундаа төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг оруулахаар хуульчилсан явдал юм. Энэ нь сонгуулийг хариуцлагатай, өндөр зохион байгуулалттай явуулах зорилготой зохицуулалт юм.

-Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд намын төлөөлөлөө оруулахаар шаардаж байгааг юу гэж ойлгох вэ?

-Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо үйл ажиллагаагаа бие дааж хараат бус байдлаар явуулах бүрэн эрхтэй байгууллага. Сонгуулийн ерөнхий хороо, түүний гишүүн хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг. Иймд сонгуулийн хороодыг байгуулахтай холбогдсон асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо төдийгүй, аймаг, нийслэлийн сонгуулийн хороод аль нэг нам, албан тушаалтны хуульд нийцээгүй шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй гэж ойлгож болно.

-Сонгуулийн хорооны гишүүдийг 2 өдөр ажиллачихаад мөнгөн урамшуулал авдаг гэсэн яриа гарсан, Тэд юу хийдэг, ямар чиг үүрэгтэй талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Өмнө хэлсэнчлэн бүх шатны буюу 2264 сонгуулийн хороодод нийт 20 гаруй мянган хүн хуульд заасан 40-60 хоногийн хугацаанд ажиллах юм. Энэ хугацаанд сонгуулийн хороод нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгуулийн бэлтгэл хангах, санал хураалтыг зохион байгуулж дүн гаргах хүрээнд хууль, журамд заасны дагуу 60 гаруй төрлийн ажлыг хийнэ. Тухайлбал, сонгогчдод сонгуулийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл, сурталчилгаа хийх ажлыг зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, сонгогчдын боловсролд зориулсан сурталчилгааны материал, мэдээллийг түгээх, сонгогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэх, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх иргэдийн бүртгэл, жагсаалт гаргах, санал авах байрыг зааврын дагуу тохижуулж бэлтгэх, санал тоолох төхөөрөмж зэрэг санал авахад шаардлагатай бусад бүхий л зүйлийг бэлтгэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх, саналын хуудсыг хүлээн авч, түүнийг хадгалах, хамгаалах, ажиглагчдыг бүртгэж үнэмлэх олгох, санал хураалтын ажиллагаа дууссны дараа дүнг нэтгэх, хүргүүлэх, сонгуулийн баримт бичгийг цэгцлэлж холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх гэх мэт олон ажлыг хийж гүйцэтгэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд тухайн сонгуулийн хороонд ажилласан хугацааны мөнгөн урамшуулал олгох тухай асуудлыг нэгэнт заасан бөгөөд энэ нь сонгууль зохион байгуулж явуулах ажлын эдийн засгийн баталгаа болж байгаа юм. Нөгөөтэйгүүр сонгуулийн хороодын ажил тогтворотой, тасралтгүй явагдах зарчмын үүднээс тухайн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орсон төрийн албан хаагчдыг хуульд заасны дагуу тухайн сонгуулийн хороонд ажиллах хугацаанд үндсэн ажлаас нь түр чөлөөлөн ажиллуулахыг хуульд заасан.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж