
-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт оны сүүлчээр зарим нэмэлт өөрчлөлт оруулсан гэсэн?
-Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөнийн 7.1.6 дахь арга хэмжээ болгож “Иргэний танхим” ажиллуулан олон нийтийн санаа бодлыг хүлээн авч, бодлого, үйл ажиллагаандаа тусгах, иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлөхүйц шийдвэр гаргах тохиолдолд олон нийтийн төлөөллөөр хэлэлцүүлэн санал бодлыг сонсох ажил зохион байгуулна гэсэн. “Галт тэрэг хөдлөөд” замын дунд орсон ч гэсэн зайлшгүй шаардлагагтай чухал асуудал гэж үзээд нэмж оруулсан л даа.
-Энэ бол цаг үеийн шаардлага, иргэдийн хэрэгцээнд мэдрэмжтэй хандаж түүнийгээ цаг алдалгүй хэрэгжүүлж байгаа шуурхай ажиллагаа хэмээн үзэж болно. Танхимыг хэдийнээс ажиллуулаад эхэлсэн бэ?
-Өнгөрсөн сард нээлтээ хийсэн. Эхлээд байраа бий болголоо. Өрөө тасалгааны хүртээмж муу байсан ч гэсэн иргэдийн эрх зүйн туслалцааны төвийг түшиглэн ажиллуулъя гэж шийдээд томсгосон. Засч тохижуулсан. Хаяг, мэдээллийн самбар болон бусад зүйл бэлтгэж байрлууллаа. ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ болон Засаг даргын нөөцөөс 950 мянган төгрөг зарцуулсан. Хоёр дахь гол ажил маань “Иргэний танхим”-ын үйл ажиллагааны журам боловсруулж Засаг даргын захирамжаар батлуулсан.
-Журмаа хэрхэн боловсруулав?
-Танхимын үйл ажиллагааны чиглэлийг оновчтой тодорхойлохын тулд Ерөнхийлөгчийн тамгын газар болон “Иргэний танхим” хариуцсан ажилтнуудаас зөвлөгөө авсан. Холбогдох хууль тогтоомжийг нягтлан үзлээ. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцуулах зорилгоор “Булган манлайлал” төрийн бус байгууллагын тэргүүнийг томилж нийслэлийн Хан-Уул дүүргийн “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг судлуулсан. Тэгээд боловсруулсан төслөө иргэдийн төлөөллөөр хэд хэдэн удаа хэлэлцүүлэн гаргасан саналыг нь тусгасны үндсэн дээр Засаг даргын зөвлөлд оруулсан.
-Иргэний танхим” ямар гол үйл ажиллагаа явуулах юм бэ?
-Танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг байна. Энэ хэлэлуүүлэг нь оролцогч, асуудал дэвшүүлэгч буюу оруулагч, зохион байгуулагч гэсэн 3 талын бүрэлдэхүүнтэй байна. Хэлэлцүүлэг нь шинээр гаргах хууль тогтоомж, дүрэм, журмын төсөл боловсруулахад иргэдийн санал бодлыг авах, эсвэл урьдчилэн бэлтгэсэн төслийг танилцуулан хэлэлцүүлэх чиглэл баримтална. Мөн захидал, факс, сайт буюу цахим шуудангаар олон нийтийн санал авна. Хэзээ ямар чиглэлээр хэлэлцүүлэг хийхийг олон нийтэд зарлан төслийн танилцуулгыг мэдээлнэ. Хэлэлцүүлэгт оролцогчид санал бодол, байр сууриа илэрхийлэхэд шаардлагатай мэдээлэл олж авахын тулд төсөл боловсруулагчаас урьдчилан асууж лавлаж болно. Хөдөө орон нутгийн иргэдийн санал бодлыг ч утас, захидлаар хүлээн авна
Хууль зүйн хэлтэс оролцогчдыг хэлэлцүүлгээс 3 хоногийн өмнөх өдөр утас, бакс, цахим шуудангаар бүртгэнэ. Мөн зарим хүнийг урилгаар оролцуулна. Бүртгүүлсэн болон урилга авсан хүмүүсийг олон нийтэд мэдээлнэ. Зарим үед олон иргэд оролцуулах шаардлага гарвал хэсэгчлэх юм уу, тамгын газрын хурлын танхимд зохион байгуулна.
-“Иргэний танхим”-ын ажиллагаа эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Хэлэлцүүлэг хийсэн үү?
-Нэлээн эрчимтэй байгаа гэж хэлж болно. Хэд хэдэн удаа хэлэлцүүлэг явуулсан. Тухайлбал, шинээр байгуулах “Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” төрийн бус байгууллага ажиллуулах журам” боловсруулах, “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулах”, “Хүүхдэд зориулсан ажил, үйлчилгээ эрхлэх журам”-ыг хүүхдийн төлөөлөлд танилцуулж хэрэгжилтэд нь хамтран хяналт тавих, мэдээлэл солилцох, аймгийн төвд ажиллуулж эхэлсэн зорчигчдод үйлчлэх бага оврын автобусны үйлчилгээний алдагдлыг багасгахад дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр хэлэлцүүлэг хийлээ. Мөсөн дээгүүр зорчигч, ачаа тээвэрлэхтэй холбогдсон асуудал боловсруулж иргэдээр хэлэлцүүлэн захирамж гаргасан. Энэ танхимд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ажиллуулах, хамтарч үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж энэ талаар гэрээ болон холбогдох баримт бичгийн төсөл боловсруулж шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна. Мангай танхим нээлттэй, иргэдийг хүлээн авч байна
-Хөдөө орон нутагт “Иргэний танхим” ажиллуулах уу?
-Ажиллуулна. Энэ талаар сумдын Засаг даргын тамгын газруудад зөвлөмж хүргүүлж гарын авлагын зарим материалаар туслах гэж байна. Одоогоор Хутаг-Өндөр, Бүрэгхангай зэрэг суманд байгуулсан. Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газар энэ танхимаар дамжуулан нэлээд ажил зохион байгуулж байгаагийн дотор архидалттай тэмцэх, түүний хэрэглээг багасгах талаар Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн уриалгыг хэрэгжүүлэхийн тулд “Иргэний танхим”-д саяхан иргэдийн төлөөллийг өргөнөөр хамруулан хэлэлцүүлэг хийсэн байна. Хэлэлцүүлэгт аймгаас хүмүүс урьж оролцуулан иргэдтэй олон чиглэлээр санал солилцуулан сумынхаа нийт иргэдэд уриалга гаргажээ. Иргэдийн санал бодлыг сумын Засаг даргын шийдвэр болон тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгахаар тогтсон байна.