Б.Ариунсан төрд хэрэгтэй зайран уу?

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Б.Ариунсан төрд хэрэгтэй зайран уу?

Өнгөрсөн бямба гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх мэдээллээс олны анхаарал татаж бас гайхуулж алмайруулж орхисон ганцхан шийдвэр нь Тагнуулын ерөнхий газрын даргын томилгоо байлаа. Тус газрын дарга байсан Элчин сайд Д.Гэрэлийг өөрчилж оронд нь өмнөх Засгийн газрын үед Эрчим хүч, эрдэс баялгийн дэд сайд байсан Б.Ариунсанг томилжээ.

Хамгийн хачирхалтай нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ердөө сар гаруйхны өмнө Б.Ариунсанг тус газрын дэд даргаар томилсон шийдвэрээ цуцалсан. Гарцгүй болж, гаргасан шийдвэрээ буцаахаас аргагүйд хүргэсэн хүн нь иргэн Д.Ламжав. Тэрбээр Ерөнхий сайдын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд хийсэн томилгоо буюу Б.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын дэд дарга болгосон захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг магадлуулахаар Цэцэд хандсан юм.

Иргэн Д.Ламжав Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар гүйцэтгэх ажлын мэдлэг туршлагатай байх хуулийн шаардлагыг хангаагүй хүнийг томилсон  нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулж, улмаар үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах  төрийн үүргийг хөсөрдүүлж байна хэмээн үзсэн. Үүнийг нь Цэц магадлаад хэрэг үүсгэж улмаар дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр тов тогтоосон байв. Хэрэв уг хуралдаанаас Н.Алтанхуяг хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарсан бол түүний Ерөнхий сайд байх эсэх тухай ч хөндөгдөхөөр ноцтой байдалд орсон учраас аргагүйдэж Цэцийн хурлаас өмнө амжиж Д.Ариунсанг томилсон шийдвэрээ буцааж байсан. Гэтэл дэд даргад тэнцэхгүй хэмээсэн хүнээ тус газрын нэгдүгээр хүний суудалд залахаар шийдвэр гаргаж орхилоо. Б.Ариунсангаас өөр Тагнуулын байгууллагыг толгойлох боловсон хүчин АН-д алга уу, аль эсвэл түүнийг ТЕГ-т дэд даргаар ажилласан дөрвөн сарын хугацаа нь гүйцэтгэх ажлын мэдлэг туршлага хуримтлуулах хангалттай хугацаа байсан гэж үзэв үү. Юутай ч “Алтан гадас” фракцаар овоглодог Б.Ариунсанд Монголын тагнуулчдыг удирдах эрх олгов.
Б.Ариунсан 1961 онд төрсөн, Говь-Алтайн харьяат. Эрхүүгийн Политехникийн дээд сургууль, Эдийн засгийн институт, Удирдлагын хөгжлийн институт төгссөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй, барилгын эдийн засгаар доктор хамгаалсан нэгэн юм байна. Ажилласан газруудыг нь анзаарахад ч хуулийн салбар, тэр дундаа гүйцэтгэх ажлын дөр чухам энд л суусан байхдаа гэхээр газар алга. Тодруулбал, Барилгын зургийн төв институт, Барилгын инженер хайгуул, үйлдвэрлэл эрдэм шинжилгээний институт, Улсын нийгмийн халамжийн газар, Татварын ерөнхий газар, Эрдэс баялаг эрчим хүчний яамны аль алинд нь тагнуултай хавьтахааргүй л ажил хийж явсан бололтой байдаг. Түүнээс гадна Б.Ариунсан гэж энэ эрхэм эдгээр албан тушаалд байхдаа ч хүний анхаарал татаж яах аргагүй нэрд гарахаар содон нэгэн байгаагүй. Харин өнгөрсөн Засгийн газарт ЭБЭХ-ний Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого хариуцсан дэд сайдаар ажиллахдаа дээд газартаа, бараг дэрэгдэх сайддаа ч дуулгалгүйгээр шатахууны үнийг огцом нэмж олны бухимдлыг оволзуулаад авсан юм даг. Үүнээс өөр тоймтой зүйл Б.Ариунсан гэсэн автортай явж дуулдаагүйг бодоход намдаа, тэр дундаа “Алтангадас” фракцдаа л ач тустай нэгэн байж таарах нь. Чухам тийм учраас л Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль зөрчсөн хэмээн муу нэр дуулан байж буцаасан шийдвэрээ дахин гаргахдаа суух суудлыг нь улам өндөрлөж өгсөн биз ээ.

Ийм л нэгэн төрд “хэрэгтэй” зайран Тагнуулын ерөнхий газрыг хэдий хүртэл толгойлон “Алтан гадас” фракц, Н.Алтанхуяг сайд хоёрынхоо алинд нь илүү тус хүргэхээр зүтгэхийг цаг хугацаа л харуулах биз.

Н.САРАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж