
УИХ-ын гишүүн С.Ламбаа Монцамэ агентлагийн сэтгүүлчтэй хийсэн ярилцлагадаа нэгэн хөгжилтэй явдлаа дурсжээ. Тэрбээр “Өнгөрсөн парламентад болсон нэг явдлыг ярьж өгье. Одоо Хүний эрхийн Үндэсний комиссын даргаар ажиллаж байгаа Ж.Бямбадорж ямар ч тохиолдолд дуугүй байдаггүй хүн. Нэг өдөр хэн нь ч билээ чи яахаараа юм болгон дээр хошгирч байдаг юм гэсэн. Гэтэл хошгирно гэдэг үг нь тарвага мөндөлтэй холбоотой болж, түүний хоч болж хувирсан. Нэг өдөр Да.Ганболд хөдөө явж ирээд хурал дээр зэрэгцэж суулаа. Тэгснээ намайг нудраад "Би нэг гоё юм авчирсан" гээд "мөндөл" нэртэй жижигхэн архи гаргаад ирлээ. Тэгэхээр нь нөгөө архиа уутанд хийгээд "Тарвага сүйрлээ. Бид хохирч байна. Хүмүүс алж дууслаа. Та юун төлөө биднийг төлөөлж УИХ-д сууж байгаа билээ. Хууль гаргаж өгөөч" гэж бичээд "Эрхэм Ж.Бямбадорж танаа" гэж хаяглаад явуулсан. Нөгөө захиа дамжсаар байгаад эзнийхээ гарт очлоо. Том дугтуйтай захиаг уриалгахан хүлээж авсан Ж.Бямбадорж дугтуйг задалмагц царай нь улайсан. Тэгээд л бидэн рүү гар зангидаж, хэсэгтээ л юм болсон доо” гэв. Тэрээр мөн “Иймэрхүү энгийн онигоо бол тийм муу юм биш. Харин хүний дотоод сэтгэл, амьдралын гүн рүү орж элэглэвэл буруу гэж боддог” хэмээн өөрийн бодлоо хэлсэн байна.