Монгол нутгийн амьтад эх дэлхийдээ эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Монгол нутгийн амьтад эх дэлхийдээ эргэн ирлээ

Монголын говийн амьтад сансарт амжилттай аялаад эх дэлхийдээ эсэн мэнд эргэж ирлээ.

Өчигдөр Москвагийн цагаар 07:12 цагт ОХУ-ын Оренбург хотоос 82 км-ын зайд сансрын “Бион-М”  био хиймэл дагуулын буугч аппарат амжилттай газарджээ. Энэхүү хөлгийн бүхээгт амьд “нисэгчид” байсан бөгөөд тэдгээр нь манай гаригийн, тэр дундаа Монголын говийн хэд хэдэн амьтан байв. Тэд сансрын тойрог замд бүтэн сарын турш аялаад эргэн ирж буй нь энэ. Био хиймэл дагуулын  хөдөлгүүр аппарат газардахаас нэг цагийн өмнө тоормозын системд шилжсэн бөгөөд амьтад бүхий буугч капсул алгуур салж, улмаар дэлхийгээс 10 км-ын өндөрт шүхэр задарч бүх зүйл төлөвлөсөн дагуу болжээ. Эрдэм шинжилгээний энэ төслийн удирдагчдын нэг Евгений Ильин  “Амьтад дээр хийх зайлшгүй шаардлагатай энгийн ажиглалт судалгаануудыг хээрийн лабораторит шууд хийнэ” гэжээ.

Эргэн сануулахад өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-нд “Бион-М” био хиймэл дагуулыг хөөргөж сансрын тойрог замд оруулсан юм. Энэ аппаратын бүхээг тун олон “зорчигчтой” байлаа. Тухайлбал, сансрын энэ жижигхэн “зоопарк”-т 45 хулгана, 15 гүрвэл, найман  хул чичүүл /үлийн цагаан оготоно/, 20 дун түүнчлэн янз бүрийн ургамал, ургамлын үр, бусад амьд организм зэрэг байсан гэнэ. Эдгээрээс гүрвэл болоод хул чичүүл нь Монголын говийнх бөгөөд олон улсын нэршил нь  “Mongolian gerbil” юм байна.  Тэд сансарт нисэхээсээ өмнө маш олон туршилт шалгуурыг давж бэлтгэл хийсэн хэмээн төслийн ажилтнууд онцолжээ.

 Одоо эдгээр амьтдад сансрын туяа, жингүйдэл хэрхэн нөлөөлснийг судлах аж. 

Үүнээс өмнө амьтан болоод амьд организм бүхий «Фотон-М» аппаратыг 2007 онд сансарт хөөргөж байсан бөгөөд түүнд үлийн цагаан хулгана, гүрвэл зэрэг Монголын “сансрын жуулчид” багтаж байсан юм. Тэд тойрог замд 12 хоногийн нислэг хийж байжээ.

П.БУЛГАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж