БНАСАУ дахиад пуужин хөөргөв

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

БНАСАУ дахиад пуужин хөөргөв

Ням гаригийн үдээс хойш тус орны  зүүн эргээс хөөргөсөн пуужин Япон тэнгист унасан байв. Пуужин хөөргөсөн цаг, пуужингийн төрлийн талаар тодорхой мэдээлэл алга байна.

БНАСАУ ням гаригт бага зайн тусгалын ээлжит пуужинг харвасан тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдэгдснийг Ренхап агентлаг дамжуулав. Ням гаригийн үдээс хойш тус орны  зүүн эргээс хөөргөсөн пуужин Япон тэнгист унасан гэж таамаглаж байна. Пуужин хөөргөсөн цаг, пуужингийн төрлийн талаар тодорхой мэдээлэл алга байна.

Үүний өмнө бямба гаригт Хойд Солонгос ойрын зайн гурван пуужинг харван туршсан байжээ. Японы Засгийн газар эдгээр туршилтуудын мэдээг баталсан байв. Гэхдээ тэднээс ганц нь ч Японы нутаг дэвсгэрийн усанд унаагүй гэлээ.

Хойд Солонгосын харвасан ойрын зайн пуужин нь хуучин Зөвлөлтийн үйлдвэрийн SS-21 ("Цэг" хэмээх пуужингийн цогцолборын) гэдэг хөлөг онгоцны эсрэг удирдлагт пуужингийн  эсвэл 120 км-ийн тусгалтай KN-02 пуужингийн сайжруулсан загвар байж болох юм гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам үзэж байна.

Өмнөд Солонгосын армийн штабын дарга нарын нэгдсэн товчооны төлөөлөгч мэдэгдэхдээ, "Спайк"  пуужингийн цогцолборуудаа Пэннендо, Енпхендо арлуудад байрлуулсан гэв. “Тэд Хойд Солонгосын газар доорх байгууламжуудыг устгах мөн хөдөлгөөнт байнуудыг угтан сөнөөх чадвартай” гэж төлөөлөгч ярьжээ.
Хиймэл дагуулаас удирдах "Спайк" пуужин нь 20 орчим км-ийн тусгалтай, 70 кг жинтэй. Енпхендо арал нь Хойд Солонгосын хилээс дөнгөж 11 км-ийн зайтай.

Өмнөдийн төлөөлөгчийн  хэлснээр, 12 км-ийн зайд буудах 76,2 мм-ийн их бууг Хойд Солонгос өмнөдийн арлуудын орчимын эрэг хавьдаа авчирсан байна. Мөн тэнд 20 км-ийн тусгалтай 122 мм-ийн олон цэнэгт төхөөрөмжөө Пхеньян байрлуулаад байгаа гэнэ.

Москвад айлчилж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Хойд Солонгосын эдгээр пуужингийн туршилтад түгшүүрээ илэрхийлэн цаашид ийм зүйл гаргахгүй гэдэгт нь найдаж буйгаа илэрхийлсэн байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж