
-АНУ-ын иргэн Эрик Прокопид хариуцлага тооцох асуудал АНУ-д шийдэгдэнэ. Гэтэл манай талаас хариуцлага тооцох этгээд байхгүй юу. Авчирснаас хойш боллоо гээд өнгөрөөх гэж үү?
-Эрик Прокоп АНУ-д эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тэр хүн их хэмжээний торгууль төлсөн. Мөн түүнд холбогдох шүүх хурал ирэх зургадугаар сарын 20-доор болно. Хэдэн жилийн хорих ял оноох нь тухайн орны шүүхийн асуудал. Мөн түүнтэй хамтарч наймаа хийж байсан Английн иргэн Крис Мор гэдэг хүнийг хууль хяналтынхан мөрдөж шалгасны үндсэн дээр түүнээс 17 үлэг гүрвэлийн олдворыг олж авсан. Крис Мор өөрт байгаа бүх үлэг гүрвэлийн ясыг АНУ руу ачуулж, тэндээс Монголын талд хүлээлгэж өгүүлэх хүсэлтээ тавьсан юм билээ. Ингэсэн тохиолдолд АНУ-ын хуулиар бол эрүүгийн ялаас чөлөөлөгддөг. Тиймээс эрүүгийн ял шийтгэлийг Эрик Прокопид онооно гэсэн үг. Монголын талаас түүнтэй хамтарч наймаа хийж байсан Т гэгч залуу хамтарсан гэдгийг тогтоосон. Харамсалтай нь, 2011 онд Т гэгч залуу нас барсан. Тиймээс одоогоор Монголын талд гэм буруутай гэх хүнийг олж тогтоож, хариуцлага тооцох боломжгүй.
-Батаар болон бусад үлэг гүрвэлийг хэдэн онд Монголын хилээр гаргасан болохыг тогтоосон уу?
-2009-2011 онд хилээр гаргасан болов уу гэсэн таамаглал байгаа. Гэхдээ Монголын ямар боомтоор, ямар аргаар үлэг гүрвэлийн араг ясыг гаргасан гэдгээ Эрик Прокоп мэдүүлэхгүй байгаа. Тийм учраас бид тэр мэдээллийг олж аваагүй байна. АНУ руу орсон он, цаг хугацаагаар нь баримжаалахад 2009-2011 оны хооронд л АНУ-ын хилээр оруулсан байгаа юм.
-Тираннозавр Батаарын олдворыг хүлээж авлаа. Батаарыг дангаар нь авчирсан уу?
-Өмнөд Солонгосын “Koren air” агаарын тээврийн компанийн онгоцоор үнэ төлбөргүйгээр Тираннозавр Батаарыг олдворыг эх оронд нь авчирлаа. 70 сая жилийн настай энэ аварга том үлэг гүрвэл маань ганцаараа биш. Хэд хэдэн үлэг гүрвэлийн ясыг бас авчирсан. Цаана нь 22 үлэг гүрвэлийн араг яс үлдсэн байгаа. Түүнээс долоо нь аварга том үлэг гүрвэл, 15 жижиг үлэг гүрвэл.
-Үлдсэн яснуудыг хэзээ авчрах вэ. Олон учраас тээвэрлэх нь хүндрэлтэй байх. Батаарыг одоо хаана хадгалах вэ?
-Онгоцоор авчрах боломжгүй. Овор ихтэй учраас бид далайгаар тээвэрлэхээр төлөвлөж байна. Одоогоор ачилт хийгээгүй байна. Одоо эх орондоо буусан Батаар “Туушин” компанийн мэдэлд байдаг Гаалийн баталгаат агууллахад хадгалагдаж байгаа. Мөн энэ агуулахын гаалийн горимыг нь нийслэлийн гаалийн газар хариуцаж байгаа. Үлдсэн Батааруудыг АНУ-аас Монгол Улсын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болсон үед нь хүлээж авна. Одоогоор тус улсын талаас үлэг гүрвэлийг хаана хаанаас цуглуулах вэ гэдгээ олж тогтоосон юм билээ. Гэхдээ илрүүлсэн Батаараа Америкийн таван мужаас цуглуулж нэг дор болгож байж Монголын талд хүлээлгэж өгнө гэдгээ хэлсэн. Бараг ирэх зургадугаар сарын дундуур хүлээлгээд өгчих болов уу гэж бодож байна.
-Сүхбаатарын талбайд үлэг гүрвэлийн үзмэрийг дэлгэнэ гэж яриад байгаа. Яг хэзээ үзэсгэлэн гаргах бэ?
-Гаалийн бүрдүүлэлт хийсний дараа Сүхбаатарын талбай дээр Батаарын түр үзэсгэлэнгийн барилга барьж байна. Энэ байрыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, нэхэмжлэгч Ерөнхийлөгчийн хандив туслалцаагаар байгуулж байна. Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг тохижуулж тавихаар болсон. Бид амжвал Эх үрсийн баяраар, амжихгүй бол зургадугаар сарын эхний 10 хоногт багтаж үзэсгэлэнгээ олон нийтэд, жуулчид, хүүхдүүдэд дэлгэн үзүүлнэ.
-Үлэг гүрвэлийн музейн асуудал яригдаж буй. Лениний музейд байршуулахаар байсан ч шүүхийн процесс эцэслэгдэх хүртэл багагүй хугацаа шаардлагатай болж байх шиг байна?
-Одоогоор байхгүй. Энэ талаар холбогдох газруудад нь санал хүргүүлсэн. Мөн музейтэй болох талаар судалж байгаа. Ингэж байтал тун удахгүй өвөл болно. Сүхбаатарын талбай дээрх түр байранд байлгана гэдэг боломжгүй. Ийм учраас байнгын байр зайлшгүй хэрэгтэй тул Ленинийн музейн байрыг харж байна. Тус байрны эзэмшигчтэй холбоотой шүүх хурлын шийдвэр нааштай хариу гарчихвал Батаараа байлгах музейтэй болчихно гэсэн үг. Энэ долоо хоногт шүүх хурал нь болно. Бидэнд хамгийн боломжтой хувилбар бол Лениний музей байгаа. Тиймээс нааштай хариу хүлээж байна.