Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт ялагджээ

“World Series of Boxing” тэмцээний хагас шигшээд шалгарсан “Баку Файерс” болон “Парис Юнайтед” багийн хариу тоглолт өнгөрөгч баасан гаригт буюу 15-нд боллоо. Харин “Астана Арланс” болон “Лос-Анжелес Матадорс” багийн тоглолт яг одоо Лос-Анжелес хотноо болж байна.

“Дэлхийн лиг” гэгдээд буй тус тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, Азербайжаны “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд тулалдаж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт 2011 оны эхээр Бакуд очиж, багийнхантайгаа нэгдсэн юм. Улмаар тойргийн дөрвөн тулаанд оролцохдоо гуравт нь ялалт байгуулж, багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулсан. Ингэхдээ дандаа айлын талбайд зочлон тоглосон тулаанд багаа төлөөлж, багтаа ялалт авчирсан амжилттай. Товчхондоо өрсөлдөгчийнхөө “гэрт”, хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө тулаанд илүүрхсэн юм. Азийн бүсийг тэргүүлсэн “Баку Файерс” хагас шигшээд Европын бүсийн аварга, Францын “Парис Юнайтед”-тай таарч, эхний тоглолтоо талбайдаа хийж, 4:1-ээр ялалт байгуулсан. Харин өнгөрөгч баасан гаригт Парист очиж, хариу тулаанаа хийлээ. Энэ удаад манай тамирчин Н.Төгсцогт bantamweight буюу 50-54 кг-ын жинд багаа төлөөлөн хамгийн түрүүнд рингэнд гарч, тулалдсан. Түүний өрсөлдөгч нь жингийнхээ ангилалд хувийн амжилтаар хоёрдугаарт бичигдээд буй Францын тамирчин Нордин Оубаали байлаа. Тулаан 49-46; 49-46; 48-47 харьцаатай гурван шүүгчийн 100 хувийн саналаар Оубаалигийн ялалтаар өндөрлөсөн байна. WSB тэмцээний дүрэм ёсоор багууд таван жингийн ангилалд тамирчдаа сойдог бөгөөд айлын талбайд зочилсон эхний тулаандаа 4:1-ээр ялагдсан Парис хотын ширэн бээлийтнүүд “гэртээ” 5:0-ээр өрсөлдөгчөө бут ниргэснээр нийлбэр дүнгээр 6:4 харьцаатай ялалт байгуулж, финалд шалгарсан байна. Тэд аваргын төлөө “ЛА Матадорс” болон “Астана Арланс” нарын ялагчтай өрсөлдөнө. Түүнчлэн хувийн амжилтаар илүүрхсэн жин тус бүрийн шилдгүүд аваргын төлөө тулалдаж, ялагч нь их хэмжээний мөнгөн шагналаас гадна “Лондон-2012” олимпийн эрх өвөртлөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж