Атлетико эзэн хааны цом хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.18-нд нийтлэгдсэн

Атлетико эзэн хааны цом хүртлээ

Испанийн “Атлетико Мадрид” баг “Copa del Rey” буюу Эзэн хааны цомын тэмцээнд түрүүллээ. “Атлетико” шигшээд тоглолтод Испанийн эзэн хааны албатууд гэгддэг “Реал Мадрид” багийг нэмэлт цаг 2:1-ийн харьцаатай “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд нь буулган авлаа. Энэ жилийн Эзэн хааны цомын тэмцээний шигшээд Испанийн нийслэлийн хүчирхэг хоёр баг үлдсэн. Нийслэлийн дерби тоглолт гэдэг утгаараа тоглолт маш ширүүн уур амьсгал дор өрнөснийг 14 шар, хоёр улаан хуудас хүртсэн байдлаас харж болох юм. Тоглолтын гоолын салхийг хагалж, “Реал”-ын лидер Криштиан Роналду 14 дэх минутад гоолдсон. Харин “Атлетико Мадрид” багаас 35 дахь минутад Диего Коста гоолдон, тооны харьцааг тэнцүүлсэн байна. Улмаар хоёрдугаар хагаст гоол оруулалгүй үндсэн цаг 1:1-ийн харьцаатай өндөрлөсөн юм. Ингээд нэмэлт цагийн найм буюу 98 дахь минутад “Атлетико” багийн Миранда хожлын, бүр цаашлаад Эзэн хааны цомын гоолыг оруулжээ. “Атлетико” багийг тэргүүлж эхэлсний дараа “Реал”-ын тоглогчид “шатаж” олон дүрмийн бус алдаа гаргасан. Нэмэлтийн цаг өндөрлөхөөс таван минутын өмнө “Реал”-ын лидер Криштиан Роналду эсрэг багийг тоглогчийг санаатайгаар өшиглөж, улаан хуудас хүртсэн нь тоглолтын сүүлийн цэгийг тавьсан гэхэд болно. Ингэснээр “Реал Мадрид” энэ улиралд ямар ч цом, түрүүгүй үлдлээ.   

"Реал" 1–2 "Атлетико"

Гоол: Криштиану Роналду, 14 (1:0). Диего Коста, 35 (1:1). Миранда, 99 (1:2). Гарааны 11 (сэлгээ)

"Реал": Диего Лопес, Альбиоль, Серхио Рамос, Фабиу Коэнтрау (Арбелоа, 91), Эссьен, Хаби Алонсо, Хедира, Модрич (Ди Мария, 91), Озил, Криштиан Роналду, Бензема (Игуаин, 91).

"Атлетико": Куртуа, Миранда, Годин, Филипе Касмирски, Хуанфран, Марио Суарес, Габи, Коке (Рауль Гарсиа, 114), Арда Туран (Кристиан Родригес, 112), Диего Коста (Адриан, 105+1), Фалькао.

Шар хуудас: Арда Туран, 37. Фабиу Коэнтрау, 54. Хедира, 65. Диегу Коста, 70. Езил, 73. Серхио Рамос, 74. Криштиану Роналду, 90+2. Марио Суарес, 100. Эссьен, 102. Коке, 105. Габи, 117. Ди Мария, 119.

Улаан хуудас: Криштиану Роналду, 115 (эсрэг багийг тоглогчийг өшиглөсөн). Габи, 120+4 (хоёр дахь шар хуудас).

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж