
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн баг дээрх шинэчлэлийг үзэл санаанаас цаасанд буулгасан төслүүдээ аль хэдийнэ УИХ-ын гишүүдэд хүргээд байгаа. Эдгээр төслийн хүрээнд өчигдөр Төрийн ордонд хууль тогтоогчид болон хуульчид, иргэдийн төлөөлөл хамтран хуралдаж, үзэл бодлоо солилцлоо. Аливаа нийгмийн хамгийн үнэт зүйл нь “эрх”, “эрх чөлөө” юм. Үүнийг хэрэгжүүлэх, хамгаалах үйл явцыг ардчилсан, шударга, хүмүүнлэг нийгмийнхээ үзэл санаанд нийцүүлэн өөрчлөх шаардлага нийгэмд аль хэдийнээс хойш тулгамдсан гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. “Шүүх шударга биш байна, цагдаа муу байна” гэдэг иргэдийн байнгын гомдол, шүүмжлэл бол нийгмийн тэрхүү захиалгын илрэл гэж Х.Тэмүүжин өнөөдрийн чуулганы эхэнд хэлсэн юм. Одоо өөрчлөх, шинэчлэх ажлыг хаанаас эхлүүлэх ёстойг ч тэрээр тод, тодорхой, хатуухан илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, энэ шинэчлэлийг “Нэгдүгээрт хуульчид, хоёрдугаарт улстөрчид, гуравдугаарт иргэд” хийх ёстой гэж тэр мэдэгдэв. Мэргэжлийнхний гаргасан архитектур, зураг төсөл дээр одоо “барилгачид” ажиллах ёстой. Дараа нь “оршин суугчид” нь шилжин орох ёстой л гэсэн үг юм. Гэхдээ энэ барилга аюулгүй орчныг хангасан, найдвартай, иргэний эрхийг бүрэн хамгаалах, хэрэгжүүлэх байгууламж байх ёстой.
Хууль зүйн сайдын хэлж байгаагаар шинэчлэл эхлээд хууль эрх зүйн орчны өөрчлөлт, дараа нь боловсон хүчний өөрчлөлт, эцэст нь дэд бүтцийн өөрчлөлт гэсэн дарааллаар өрнөх бөгөөд үүнд 12 жил шаардлагатай.
Шинэчлэлийг авчрах хуулийн төслүүдэд анх удаа “Шударга ёс” гэдэг ойлголтыг хуульчилж байгаа аж. “Шударга ёс” гэж юуг хэлэх вэ, шударга ёсыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг хамтад нь хуульчилна. Энэ тохиолдолд өнөөдрийнх шиг “шударга ёс” гэдгийг ярьсан хэн нэгэн “хоосон чалчигч” гэж нүд үзүүрлэгдэхээ болино гэсэн үг юм.
Гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан этгээдэд оногдуулах ял шийтгэлийн хэмжээ, хэлбэр нь хэрэг хүлээгчийн хувь шинжид нийцсэн байхыг шударга ёс гэж үзэх тухай хуулийн төсөлд тусгаад байгаа. Энэхүү хуульчлагдсан “Шударга ёс”-ыг тогтоох үйл явц нь өөрөө шударга байх зарчмыг ч зөв хуульчилсан тохиолдолд нийгэм өөрөө цэгцэрнэ гэж хуульчид санал бодлоо хэлж байлаа. Өнөөдөр хөгжилд хүрсэн, ардчиллыг бэхжүүлж чадсан, иргэд нь аз жаргалтай улс орнуудын хөгжлийн нууц нь “шударга ёсыг шударгаар тогтоох” тогтолцоог олж чадсан явдал гэж тэд хэлж байна.
Шүүхийн шинэтгэлийг үйл хэрэг болгоход үзэл санааны, улс төрийн дэмжлэг өгсөн нэг субъект бол Монгол Улсын Ерөнхийлөгч юм. Түүний санаачилга дор хоёр жилийн өмнө “Шүүх эрх мэдэл ба шударга ёс” чуулганы Төрийн ордонд хийж байлаа. Иргэн Б.Лхагважав “Таван жилийн өмнө болсон чуулганд танхим дүүрэн мөрдөстэй хүмүүс сууж байсан. Хоёр жилийн өмнөх чуулганд танхимын талд нь мөрдэстэй цагдаагийнхан байсан. Харин өнөөдөр танхим дүүрэн хуульчид байна. Энэ бол дэвшил хэдий ч иргэдийн төлөөлөл цөөн байна” гэдэг шүүмжлэлийг хэлж байлаа.
Анагаахын салбарт эмч, сувилагч хоёр тус тусдаа үүрэгтэй, тус тусдаа ажилтай. Үүн шиг хууль зүйн салбарт хуульч, хууль сахиулагч хоёр тус тусдаа үүрэгтэй, ажилтай байх ёстой гэж Х.Тэмүүжин шинэчлэлийнхээ агуулгыг тайлбарлаж байгаа. Өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа хүн бүр өөрийгөө “хуульч” гэж үздэг бол цаашид хуульч нь тусдаа, хууль сахиулагч нь тусдаа болох аж. Жор бичигч, жороор эмчилгээг гүйцэтгэгч тусдаа. Энэ мэтээс эхлээд шинэчлэлийн мөн чанарын талаар шүүхийнхэн, прокурорынхон, цагдаагийнхан ч эргэлзээтэй байгаа нь нууц биш. Эргэлзээ, төөрөгдлөөсөө болоод эсэргүүцэж байгаа хэсэг ч энэ дунд бий. Тэгвэл өнөөдрийн чуулганы явцад шинэчлэгчид ч, мэргэжлийнхэн ч, иргэд ч хэдэн талаас ойлголтуудаа нэгтгэн ярилцсан нь томоохон үр дүн байлаа. Аливааг зөв нэрлэбэл ойлгоход хялбар. Мөн аливааг ярилцаж чадвал ойлголцож чадна гэдгийг “Хуулийн засаглал шударга ёс” чуулган тодорхой харууллаа.