Ахимаг насны эмэгтэйчүүдэд явган алхахыг зөвлөж байна. Зүгээр ч үгүй хурдан алхахыг. 60-аас дээш насны 76 эмэгтэйд хийсэн туршилт үүнийг баталлаа.
Тэд 30-50 минутаар долоо хоногт 3-4 удаа гурван сарын турш хурдтай алхжээ. Туршилтын төгсгөлд тэдний тархины цусан хангамж 15 хувиар нэмэгдсэн байлаа. Мөн хүчилтөрөгчийн хангамж 13 хувиар нэмэгдэж, цусны даралт болон зүрхний дэлсэлт 4-5 хувь багассан үзүүлэлт гарчээ. Судалгааны багийн мэдэгдэж буйгаар идэвхтэй дасгал сургуулилалтын үеэр хүзүүнд байдаг артерийн судас глюкоз, хүчилтөрөгчөөр баялаг цусаар тархийг тэжээдэг байна. Хөдөлгөөн, дасгал ахмад хүмүүсийн тархи толгойнд сайн гэж ярьдаг байсан ч яг ямар замаар сайн нөлөө үзүүлдгийг Техасын Байгалийн эмчилгээ, дасгал хөдөлгөөний хүрээлэнгээс явуулсан судалгаа ийнхүү олж тогтоолоо.