“Монгол-93”-ыг зарим ШТС худалдахгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

“Монгол-93”-ыг зарим ШТС худалдахгүй байна

Эх орныхоо газрын тосыг Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт боловсруулж, шатахуун болгон “Монгол 93” хэмээн нэрийдэж, өчигдрөөс худалдаж эхэлсэн билээ. Энэ нь авто бензиний төрлийн буюу АИ-92-оос октаны тоогоор нэг нэгжээр илүү шатахуун бөгөөд нийслэлд “НИК”, “Петровис”, “Магнай трейд” компанийн 20 гаруй ШТС-иудаар худалдаж байна. Үнийн хувьд 1670 төгрөг буюу АИ-92 төрлийн бензинтэй ижил үнэтэй.

Худалдаанд гарч эхэлсэн шатахууны талаар жолооч нар ямар байр суурьтай байгаа, хэрхэн борлуулж буйг сонирхохоор зарим ШТС-иудаар явлаа. Нийслэлд зам барилгын ажил эд өрнөж, зарим чиглэлийн замыг хааснаар хотын замын түгжрэл гадуур их байна. Үүн дунд бухимдсан иргэд шатахуун авах гээд колонкиудын гадна ч түгжирсээр. Зүүн дөрвөн замд байрлалтай “Петровис”-ын ШТС-иар орлоо. Тэнд өчигдөр “Монгол-93” шатахууныг худалдаанд гаргах албан ёсны нээлт болсон бөгөөд жолооч нар ч их үйлчлүүлдэг. Гэвч өчигдрөөс эхлээд худалдаанд гарсан гэдэг утгаараа “Монгол-93” шатахууныг хэрэглэж үзсэн жолоочтой таарсангүй. Ихэнх нь “мэдэхгүй, хэрэглэж үзнэ” гэх юм. Тиймээс олон нийтэд сайтар таниулах хэрэгтэй бололтой.

Жолооч н.Төвшинтөгс: “Монгол-93 шатахууны тухай сонссон ч хэрэглэж үзээгүй. Чанар нь ямар байгааг мэдэхгүй байна. Бооломжийн байвал мэдээж цаашдаа манай байгууллагын хувьд энэ шатахууныг цаашдаа хэрэглэх боломжтой л доо.

Жолооч  н.Баасанхүү: “Шатахууны тухай ер нь мэднэ. Би өөрөө геологчид мэргэжилтэй. Анх удаа хэрэглэж үзэх гэж байна. Манай газрын тос шатахуун болоод эргээд ирж буй нь сайн хэрэг. Энэ утгаараа цаашдаа  үнэ буурах боломжтой шүү дээ. Төр, засгаас энэ талаар шийдээд, яваандаа үнийг буулгах байх гэж бодож байна.

Жолооч н.Энхтөвшин: Ер нь “Монгол-93” шатахууныг сонсоогүй. Өнөөдөр л ШТС-иас харлаа. Чанартай байвал мэдээж эх орныхоо эхлүүлсэн ажлыг дэмжиж, хэрэглэнэ. Хэрэглэж үзэж байж л чанарыг нь мэдрэх байх. Түүний дараа тогтмол хэрэглэж байх үгүйгээ шийдэх байх даа. Одоохондоо үнийн хувьд ийм байгаа ч цаашдаа үйлчлүүлэгчээ олоод, өргөн хэрэглэгддэг болчихвол үнэ нь буурах байх.

Зарим иргэд Хөх хотод боловсруулдаг шатахууны үнэ их эвгүй, Монголд нийлүүлж байгаа шатахуун бас ялгаагүй эвгүй үнэртэй гэж ярьцгааж байна. Үүнийг сонирхохоор шатахуун түгээгүүрийн цоргыг үнэртэж үзэв. Ерөнхийдөө бусад АИ-92, А-80 төрлийн шатахуунаас ялгарахааргүй, онцын эвгүй үнэр ханхалсангүй.

Жолооч нарын дунд Монгол-93 шатахууныг нийслэлд байрлалтай дээрх гурван компанийн бүх ШТС-аас худалдаж  авч болно гэж ташаа ойлголттой байсан. Тэгвэл шатахууныг бүх ШТС-иудаар бус, дараах байршил цэгүүдээр худалдах ажээ. Байршлыг танилцуулбал,

 

Компаниийн нэр

 

ШТС-ын байршил

 

 

“НИК” ХХК

ШТС-3, БЗДүүрэг, Зүүн 4 зам

ШТС-5, БЗДүүрэг, Тэнгэр худалдааны төвийн урд

ШТС- 15, СХДүүрэг, Нефть баазын урд

ШТС-19, ЧДүүрэг, Дэнжийн 1000

ШТС-28, БГДүүрэг, 10 дугаар хороолол, Материал импекс

ШТС- 36, ЧДүүрэг, Зуслангийн замд

 

 

 

 

 

“ШУНХЛАЙ” ХХК

ШТС-1, СБДүүрэг, 2-р хороо, Нарны зам, автобус 3
компанийн урд

ШТС-3, БЗДүүрэг, 7-р хороо, Сансарын аюулгүйн тойрог

ШТС-5, БЗДүүрэг, 6-р хороо, Нарны зам, ЗЦГ-ын урд

ШТС- 7, БЗДүүрэг, 1-р хороо, Барилга мега сторын зүүн
талд

ШТС- 15, ХУДүүрэг, 1-р хороо, Яармаг

ШТС- 18, ЧД, 11-р хороо, 32-ын тойрогт

ШТС- 22, СБДүүрэг, 1-р хороо, Нарны зам, ЗЦГ-ын баруун
хойно

ШТС- 24, БГДүүрэг, 20-р хороо, ТЭЦ-4-ийн зүүн талд

 

 

 

“МАГНАЙ ТРЕЙД” ХХК

ШТС-27, БЗДүүрэг, ЗЦГ-ын зүүн талд

ШТС-8,Сансар 12-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын
хойд талд

ШТС- 14, БЗДүүрэг, Амгалан /төмөр замын гарам/-аас зүүн
тийш зам дугуу

ШТС- 92, БГДүүрэг, Бичил хороолол, 28-р сургуулийн зүүн
талд

ШТС- 17, БГДүүрэг, 10-р хороололуулзварын хойн зам
дагуу

ШТС- 37, СБДүүрэг, Автобус-3 баазын хойд талд

ШТС- 2, ЧДүүрэг, Хайлаастын 17-р сургуулийн хажууд

ШТС- 68, СХДүүрэг, 22-ын товчооны зүүн талд

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор” захын орчимд байрлах “Петровис”-ын ШТС руу очлоо. Тэнд  “Монгол-93” шатахууныг худалдана гэж хаяг, шошгыг хадсан байх юм. Шатахуун авах гэтэл байхгүй гэлээ. Хэзээ зарах талаар лавлан асуувал “Одоогоор худалдах боломжгүй, бид энэ талаар хэлж мэдэхгүй байна” гэсэн юм.

Шатахууны хэрэглээг дэмжих эх орны газрын тосноос гаргаж авсан шатахуунаа бид өргөнөөр хэрэглэх нь байна гэж шатахууны албан ёсны нээлтийн ажиллагааг хийж, албаныхан шатахуунд санаа зовох шаардлагагүй боллоо гэсэн юм. Иргэдийн хувьд ч ихээхэн талархалтай хүлээн авч буй. Тэгвэл  “Монгол-93” шатахуун худалдах цэгт багтсан ШТС-ид “Монгол-93” шатахуун байхгүйтэй ийнхүү таарлаа. Нийслэлд саадгүй худалдана гэж байсан шатахуун бүх цэгүүдэд худалдаж байна уу гэдгийг сонирхох боломжгүй ч нэг ийм тохиолдолтой таарсан юм. Тэнд шатахуун зарна гээд нэгэнт байршлыг нь зааж өгсөн учраас анх удаа зах зээлд гарч буй шатахууныг хэрэглэж үзэхээр жолооч нар замаараа дайраад очвол ийнхүү мэр сэр худалдахгүй байвал шинэ төрлийн шатахуун нийлүүлж буйн хэрэг гарахгүй биз гэж нэгэн жолооч бухимдаж байсан. Нээрэн л шатахуун анх удаа зах зээлд гарч буй учраас энэ тал дээр компаниуд салбар нэгж  болох ШТС-иудаа бас л анхаармаар санагдлаа.

Дорнод аймгийн боловсруулах үйлдвэрээс гаргаж байгаа газрын тосыг Хөх хотын үйлдвэрт боловсруулж, шатахуун гаргах замаар дөрөв, тавдугаар сарын байдлаар нийт 12 гаруй мянган тонн шатахууныг оруулж иржээ. Үүнээс дээр дурдсан гурван компанийн ШТС-иудаар шатахуун худалдаж байгаа юм. Газрын тосны газраас шатахууны борлуулалтын дүн мэдээтэй ирэх мягмар гарагт танилцаж, үйл явцыг тандах юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж