Монгол цэргүүдийг өндрөөр үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Монгол цэргүүдийг өндрөөр үнэлжээ

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын арав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт саяхан Вашингтонд болж Батлан хамгаалын дэд сайд А.Баттөр оролцоод иржээ. Уулзалтын талаар дэд сайдаас тодрууллаа.

-Хоёр улсын батлан хамгаалах яамны уулзалтаар  ямар асуудлыг хөндсөн бэ?

-Уулзалтад Батлан хамгаалахын сайдын зөвлөх Г.Сүхээ, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нарын бүрэлдхүүнтэй оролцоод ирлээ. Пентагонтой хийсэн уулзалтыг маш үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. Хамгийн гол нь манай энхийг сахиулагчдын үйл ажиллагааг АНУ, Пентагоны зүгээс өндрөөр үнэлж, цаашид ч бүхий л талаар хамтран дэмжиж ажиллахаа тодорхой илэрхийлсэн. Манай зүгээс тавьсан Монгол Улс дахь Энхийг сахиулагчдын төвөө олон улсын болгох саналыг АНУ дэмжлээ. Мөн батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэх тал дээр харилцаагаа улам өргөжүүлэхээр тохиролцлоо.

-Манай улсын энхийг сахиулагчид цаашид хаана хаана ажиллах вэ?

-Афганистан дахь эвслийн цэрэг 2014 онд гарах хэдий ч тус улсын энхийн бүтээн байгуулалтад  манай энхийг сахиулагчдыг оролцуулах хүсэлтийг НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагааг зохицуулах төв газраас  Монгол Улсад хандан хүсэлт тавьсан. Мөн Сири, Мали зэрэг улсуудад эмнэлэг, инженер, нисэх хүчний  багаа ажиллуулаач гэсэн.  Пентагон, НАТО, НҮБ-д  манай цэргүүдийн энхийг сахиулах  үйл ажиллагааны туршлага, ур чадварыг өндрөөр үнэлдэг юм байна. Дэлхийн ямар ч халуун цэгт монгол цэргүүд найдвартайгаар үүрэг гүйцэтгэхэд бэлэн, чадвартай бэлтгэгдсэн гэдэг үнэлгээг сонсох таатай байлаа.

-Монгол офицеруудыг НҮБ урьсан гэж сонслоо. Чухам хаана ажиллуулах санал тавьсан юм бол?

-Энхийг сахиулагчдын Олон улсын төвийг Монголд байгуулснаар бүс нутгийн хэмжээний энхийг сахиулах үйл ажиллагааны сургалт, дадлагыг манайд  явуулдаг болно гэсэн үг. Түүнчлэн Монголын офицеруудыг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааг зохицуулах төв газарт ажиллуулах асуудлаар ярилцаж, санал бодлоо  хуваалцлаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс Олон улсын энхийг сахиулах ажиллагааны бодлого боловсруулах, тодорхойлоход оролцох болж байна гэсэн үг. Энэ бол яах аргагүй нэр төрийн хэрэг бөгөөд манай улсын үнэлэмж дэлхийд өсөж буйн илэрхийлэл.

 Дэд сайд ийн ярилаа. Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын  дараагийн зөвлөлдөх уулзалт ирэх онд  Улаанбаатарт болох юм байна.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж