Хариуцлагын дархлааг бэхжүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Хариуцлагын дархлааг бэхжүүлнэ гэв

Олон улсын парламентын холбооны 124 дүгээр ассамблейн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга  Д.Дэмбэрэл үг хэлсэн байна. Тэрбээр “Олон Улсын Парламентын Холбооны нэр хүндтэй чуулганыг өөрийнхөө  үзэсгэлэнт сайхан оронд зохион байгуулж, бид бүгдийг найрсгаар хүлээн авч буй Бүгд Найрамдах Панам Улсын парламент, Панамын ард түмэнд гүн талархал илэрхийлье.    

“Парламентын хариуцлага: ард нийтийн итгэл найдварыг биелүүлэх нь” сэдэвт ерөнхий хэлэлцүүлэгт санал бодлоо хуваалцаж байгаадаа таатай байна.

Ийм чухал асуудлаар орон орны парламентчууд санал бодлоо солилцож туршлагаа хуваалцаж, харилцан ойлголцох боломж олгосон Олон Улсын Парламентын Холбоо, түүний удирдлагад гүнээ талархаж байна.

Монгол орны тухайд орчин цагийн парламентын  засаглалыг шинэ  тутам  төлөвшүүлэхийг зорьж байна. Эн тэргүүнд бид улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын олон талт харилцааг цогц хамарсан эрх зүйн шинэтгэл дэс дараатай  хийж байна. Үүний үр дүнд олон намын оролцоо бүхий  бүх нийтийн чөлөөт, ардчилсан сонгуулиар төр, засгаа байгуулдаг; хүний эрх, эрх чөлөө хуулиар баталгаажин хангагддаг; Үндсэн хуулийн дээд хяналт хэрэгждэг; гагцхүү хуульд захирагдан хараат бус шүүх ажилладаг; иргэдийн оролцоо, иргэний нийгэм, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг дэмжин хөгжүүлдэг тогтолцоог бүрэлдүүлэх боллоо.

Бид санхүү, эдийн засгийн хямралын үр дагаврыг арилгах, улмаар эдийн засгийн хөгжлөө түргэтгэх, ингэхдээ хариуцлагын дархлаажуулалтыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ бүхнийг зорилт болгож, тоочин хэлэхэд амархан ч амьдрал дээр хэрэгжүүлэхэд тийм ч амар хялбар биш ээ. Багагүй хүч хөдөлмөр шаардагддаг, эцэстээ биелэгдэхгүй бол хариуцлага нэхэгддэгийг  бид сайн ойлгож байна. Монголын Парламент 2005 онд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг батлах тухай шийдвэр гаргасан. Мянганы хөгжлийн үндсэн найман зорилтоос гадна ес дэх зорилтыг нэмж баталсан юм. Энэ нь ардчилсан засаглалыг хөгжүүлэх асуудал байлаа. Ийнхүү Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд ардчилсан засаглалын тухай санаачлан анх дэвшүүлж, нийгэм-эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд хариуцлагатай засаглал чухал гэдгийг тодорхойлсон. Бид бусад улс орнуудын туршлагаас суралцаж, санал бодлоо хуваалцахад ч ихээхэн ач холбогдол өгч байна.

     Монгол Улсын Их Хурал 2011 оны нэгдүгээр сард Ази-Номхон далайн орнуудын Парламентын ээлжит 19 дүгээр чуулганыг  эх орондоо амжилттай зохион байгууллаа. Ази-Номхон далайн парламентын энэ удаагийн уулзалт нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны асуудлыг авч үзэж, чуулганы ирээдүйн үйл ажиллагагааг улам боловсронгуй болгохыг зорьж гишүүн орнуудын байр суурийг ойртуулж, харилцан ойлголцож, цаашдын ажлын чиглэл, бодлогоо тодорхойлсон.

     Монгол Улс Ардчилсан нийгэмлэгийн хамтын орнуудыг 2011-2013 онд даргалах үүрэг хүлээх болсныг Та бүхэнд дуулгахад таатай байна. Энэхүү нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэхдээ орон орны парламент болон Та бүхэнтэй хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байна. Энэ хугацаанд бид ардчиллын үнэт зүйлсийг улам бүр хэвшүүлэх, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэхийг зорьж ажиллах болно.

Дэлхийн улс орнууд нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн түвшин, соёл иргэншлийн хувьд өөр хоорондоо ялгаатай байна. Гэхдээ улс үндэстнүүд өөр өөрийн давуу тал онцлогтой байдаг аа.  Эдгээр давуу талаа бодит боломж болгон хувиргаж, аливаа маргаан сөргөлдөөнөөс зайлсхийж, эдийн засгийн өсөлтийг хангах нь нэн чухал байна.  Дэлхий дахины болон орон бүрийн дотоодод улс төрийн тогтвортой байдал хангагдсан нөхцөлд эдийн засгийн өсөлт гарах болно. Эдийн засгийн өсөлт нь ядуурал ба амжиргааны доройтол, ажилгүйдлийг гэтлэх боломж юм. Эдийн засаг, нийгмийн тодорхой үр дүн, ололтоор парламентын нэр хүнд дээшилж улмаар  сонгогч, ард нийтийн итгэл найдварыг хүлээж чадна гэж бид үзэж байна. Мэдээж парламентын хариуцлага энэ бүхний цаана байгаа. Улс төрийн тогтвортой байдалд сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, чөлөөт шударга сонгууль явуулах, намуудын санхүүжилтийн байдал болох тухай энэхүү Ассамблейн хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байна.

     Японд болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсан нь байгалийн хамгийн хүнд сорилтын нэг бөгөөд сургамжтай юм. Экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөд улс орнууд багагүй нэрвэгдэх боллоо. Байгалийн гамшиг хөдөө аж ахуй эрхэлж буй орнуудад хүнд тусч байна. Түүнд дасан зохицох шаардлагатайн дээр, хүнсний хомсдол, цэвэр усны дутагдалд орохгүй байх зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай юм.  Энэ тухайд дэлхий дахины интеграцийн үр шимээс харамгүй хүртэх сайн ирээдүй бидний хамтын ажиллагааны үр дүнд бий болно гэж итгэж байна.

       Панам шиг дэлхийн далай тэнгисийн боомт газраас далайд гарцгүй орнууд тэс өөр юм. Олон улсын тээвэр, тээврийн бодлого, хөгжиж байгаа болон нэн буурай хөгжилтэй орнуудад зориулсан эдийн засгийн шинэ бодлого болон худалдааны дэмжлэг, хөгжлийн санхүүжилт зэрэг хамтын ажиллагааны арга хэлбэр бий болгох, өргөжүүлэх талаар Парламентын холбоо цаашдаа ихээхэн анхаарч зохих шийдвэр гарган, Засгийн газруудынхаа үйл ажиллагааг уялдуулан эрчимжүүлэх талаар санаачлагатай ажиллана гэдэгт итгэж байна” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж