Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурал Улаанбаатар хотноо болох үеэр орон гэргүй иргэдийг үндэсний үйлдвэрийн хувцсаар ханган гоёжээ. Хуралдаан зохион байгуулагчдын зүгээс анх тэдгээр иргэдийг комиссын хувцсаар гоёх гэж… Гэтэл тэд эсэргүүцэж “Ядарсан ч гэлээ комиссын хувцас өмсөж доошоо орохгүй шүү. Ядаж үндэсний үйлдвэрлэлийн хувцсаа өмсмөөр байна. Цагтаа бид эх орныхоо төлөө ажиллаж явсан хүмүүс. Төр ганц удаа ядарсан борчуудаа харж үзээд үндэсний хувцсаар хангачихад юу нь болохгүй болчихоо вэ” хэмээн асуудал тавьсны хүчээр ямар ч байсан санасандаа хүрчээ.
Хуучин хувцас өмсөхгүй хэмээн төрийнхөнд томорсон орон гэргүй хүмүүс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурал болох үеэр хотоос зайдуухан амралтын газруудад амарч, хэд хоног тухлаад авсан гэх юм билээ.
Г.ДАРЬ