Эмэгтэй сагсчид мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Эмэгтэй сагсчид мөнгөн медаль хүртлээ

ОУСБХ-ноос зохион байгуулсан “3 эсрэг 3” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Катарын нийслэл Доха хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Азийн бүсийн 20 орны эрэгтэй, эмэгтэй нийт 25 баг оролцсноос Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчид мөнгөн медаль хүртэж, түүхэн шинэ амжилт тогтоолоо.

БНХАУ-ын Хайяньд өнгөрсөн оны зургадугаар сард болсон  Азийн элсний спортын III их наадамд оролцсон баг тамирчид энэ удаагийн ФИБА 3х3 тэмцээнд оролцсон юм. Багийн дасгалжуулагчаар МСБХ-ны эмэгтэй шигшээ багийн менежер, дасгалжуулагч  Д.Энэбиш ажиллажээ.

Тэмцээнд нийт эмэгтэй есөн баг “А”, “В” гэсэн 2 хэсэгт хуваагдан өрсөлдлөө. Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд тэмцээний “В” хэсэгт Энэтхэг, Леван, Непалын багтай таараад байсан. Хэсэгтээ нийт 3 тоглолт хийхдээ Леван болон Непалийн багийг тус бүр 14-6 харьцаатай хожсоноор хоёр хожил, нэг хожигдолтойгоор 1/4 шигшээд шалгарчээ. Энэ шатанд манай эмэгтэй баг Шри-ланктай оноолт таарч, нэлээд хүнд тоглолт хийсний эцэст таван онооны зөрүүгээр буюу 18:13 харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгарсан байна. Ингээд шилдэг дөрвөн багийн шийдвэрлэх тоглолт буюу хагас шигшээд Туркменитсаны хүчтэй багийг ялснаар Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид түүхэндээ анх удаа ФИБА-гаас зохион байгуулсан 3х3 анхдугаар тэмцээний финалд шалгарсан юм. Манай баг шийдвэрлэх тоглолтод буюу аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн багтай тоглож ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн талаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Багийн бүрэлдэхүүн:

Б.Алтанзаяа: 1987 оны 1 сарын 26-нд өдөр төрсөн. Биеийн өндөр 178 см. Азийн элсний наадмын 3×3 төрөлд тусгай байрын шагнал хүртсэн. Монгол Улсын шигшээ багийн тамирчин. ХҮДС-ийн шигшээ багаас сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн. УАШТ болон бусад тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байсан манай улсын шилдэг эмэгтэй сагсчдын нэг юм.

Д.Ганзул: 1988 оны 2 сарын 7-нд төрсөн. Биеийн өндөр 169 см. Азийн элсний наадмын 3×3 төрөлд тусгай байрын шагнал хүртэж байсан. Улсын шигшээ багийн гол тоглогчдын нэг.

Ж.Иштуяа: 1991 оны 4 сарын 3-нд төрсөн. Биеийн өндөр 172 см. Азийн элсний наадмын 3×3 төрөлд тусгай байрын шагнал хүртэж байсан. Улсын шигшээ багийн тамирчин. Өсөх ирээдүйтэй залуу тамирчдын тоонд зүй ёсоор тооцогддог. УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
 
Б.Солонго: 1990 оны 2 сарын 6-нд төрсөн. Биеийн өндөр 180 см. Шигшээ багийн хамгийн нуруулаг тоглогч төдийгүй өсөх ирээдүйтэй залуу тамирчдын тоонд зүй ёсоор тооцогддог. Сагсан бөмбөгийн спортын гараагаа 3-р сургуулиас эхлүүлсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж