Сагсчид өнөөдөр түүхэн тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Сагсчид өнөөдөр түүхэн тоглолт хийнэ

Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Зүүн азийн аварга аварга шалгаруулах III тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Тус тэмцээнд оролцохоор өнгөрсөн мягмар гаригт Инчеоныг зорьсон Монголын шигшээ багийн залуус өнөөдөр орой /Монголын цагаар 17.00/ Хонг Конгийн эсрэг эхний тоглолтоо хийхэд бэлэн болсон байна.

Шигшээ багийн нийт бүрэлдэхүүн тэмцээн эхлэхээс гурав хоногийн өмнө Инчеонд очиж, бэлтгэл сургуулиалтаа үргэлжлүүлсэн. Инчеон, Улаанбаатар хотуудын хооронд нэг цагийн зөрүүтэй, цаг агаарын хувьд ойролцоо учраас тамирчдын дасан зохицох байдал сайн байна гэлээ. Манай шигшээ баг үндсэндээ тэмцээний уур амьсгалдаа дасан зохицсон байна. Бэртэж гэмтсэн тоглогч байхгүй. Хонг Конгийн эсрэг бүх хүч чадлаа дайчлан тоглож, ялалт байгуулахын төлөө хичээнэ гэдгээ шигшээ багийн нийт бүрэлдэхүүн уламжлав. 

Монголын шигшээ багийн тухайд тэмцээний “B” хэсэгт БНХАУ, Хонг Конгийн шигшээ багтай сугалаагаар таарсан. Эхний тоглолтоо өнөөдөр Хонг Конгтой Монголын цагаар 17.00 цагаас хийх бол 2 дахь тоглолтоо 5-р сарын 18-ны өдөр БНХАУ-н шигшээ багийн эсрэг хийнэ. Хонг Конгийг хожсон тохиолдолд Монголын сагсан бөмбөгчид түүхэндээ анх удаа Зүүн азийн бүсээс шалгарч, тивийн аваргад оролцох магадлалтай болох юм. Тодруулбал, Зүүн азийн бүсээс шалгарсан дөрвөн баг тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг ЗААШТ-нд оролцоход бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн “Милл Хаус” ХХК, “Энэ мог” ХХК, “Витафит” ХХК-ний нийт хамт олонд талархал илэрхийлье. Шигшээ багтаа амжилт хүсье.




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж