Венад бизнес эрхлэгчдийн уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Венад бизнес эрхлэгчдийн уулзалт болов

Австрийн Вена хотноо  “Монгол улс бол эрдэнэсийн сан мөн” сэдэвт Монгол-Австрийн бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт 2011 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болов.

Австрийн худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Р.Щенц уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Австрийн худалдааны хэмжээ хангалттай өндөр түвшинд хүрэхгүй байгааг тэмдэглэхийн зэрэгцээ  Монгол Улс түүхий эд, газар доорх баялагаараа удахгүй дэлхийн зах зээлд чухал үүрэг гүйцэтгэх орон болох тул энэхүү эерэг хандлага нь хоёр орны худалдааны хэмжээг эрс нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.

Элчин сайд Ж. Энхсайхан Монгол Улсад уул уурхайн үйлвэрлэл эрчимтэй эхэлж байгааг тоо баримт түшиглэн ярьж энэ нь гадаадын аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа нэг салбар болохыг онцлон тэмдэглэв. Түүний зэрэгцээ хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллах боломжтой, Монголын хөрш хоёр том зах зээл рүү манайтай хамтран үйл ажиллагаа эрхэлж гарч болохыг дурдсан байна.
Австри Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-аас Австрийн худалдааны танхимтай хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтад Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг “Монгол Улсын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын нөхцөл боломж”, ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Баяртулга “ Монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын одоогийн байдал, хэтийн төлөв”,  Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Австри дахь төлөөлөгч Ц.Хашбат “Монголын аялал жуулчлалын салбар” сэдвээр илтгэл тус тус тавьж оролцов.

Австрийн талаас тус улсын худалдааны танхимын санхүүгийн мэргэжилтэн Колле “Хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих төслийн санхүүжилт” сэдвээр тавьсан илтгэлдээ Монгол улсын эдийн засгийн чадавхи өсөн нэмэгдэж байгааг цохон тэмдэглэв. Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас / OECD / хөнгөлттэй зээл хүлээн авагч улсуудыг үнэлдэг эрсдлийн үнэлгээнд нөлөөлж, манай улсын зургадугаар зэрэглэлээс гарч тавдугаар зэрэглэлд орж шат ахин шилжсэн эерэг үзүүлэлт болсныг мэдэгдэв.

Австрийн Худалдааны танхимын төлөөлөгчид ирэх долдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Монголын тодорхой салбаруудын зах зээлийг судлахаар Монголыг зорих бөгөөд энэхүү уулзалтад оролцсон Австрийн аж ахуйн нэгжүүдийг уг аялалд хамтран оролцохыг уриалав.

Австрийн бизнесменүүд Монголоос ирсэн мэргэжилтнүүдээс сонирхсон асуултандаа дэлгэрэнгүй хариулт авч чадсан, хэрэгтэй мэдээлэл харилцан солилцсон уулзалт болсон бөгөөд энэхүү уулзалт болон ирэх долдугаар сард хийх зах зээлийн судалгаа нь хоёр орны худалдааны харилцааг идэвхижүүлнэ гэдэгт  оролцогсод итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж