Ээж хүн учраас гоо сайхнаа золиосолсон

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Ээж хүн учраас гоо сайхнаа золиосолсон

Анжелина Жоли: Би ээж хүн учраас эрүүл мэндийнхээ төлөө гоо сайхнаа золиосолсон

“Тэр бол бурханы төгс бүтээл” хэмээн Анжелина Жо­лигийн нөхөр Брэд Питт олны өмнө гэргийгээрээ бахархсан. Хөхний хорт хав­дарын “BRCA 1” хэмээх ген­тэй жүжигчин бүсгүй саяхан хорт хавдраас урьдчилан сэр­гийлэхийн тулд хөхөө авхуулсан талаар мэдэгдсэн. Энэ мэдээлэл дэлхий  нийтийг шуу­гиулж байна. Хэрэв хөхөө авхуу­лаагүй байсан бол хөхний хорт хавдар тусах магадлал 87 хувь, өндгөвчний хорт хавдар тусах магадлал 50 гаруй хувьтай байсаар ээж шигээ удаан амьдрахгүй байсан аж. Түүний ээж Маршелин Бертран 2007 онд 56 насандаа хөхний өндгөвчний хорт хавдраар насан өөд болж байсан гашуун түүхтэй. Хагалгааны дараа эмч нар “түүний хорт хавдар тусах магадлал таван хувь болсон, одоо са-наа зовох зүйлгүй” хэмээн тайлбарласан. Өнгөрөгч хоёр­дугаар сарын 2-ноос хойш хоёр сар гаруй эм­нэлэгт хэвтэж, хөхний эм­чил­гээ хийлгэсэн ч зайлш­гүй хагалгаанд орох шаард­лагатай болсон юм.

Энэ талаар Анжелина “Эмэгтэй хүний хувьд энэ маш хүнд шийдвэр. Би ээж хүн учраас гоо сайхны төлөө зарим нэг зүйлийг золиосолсон. Хүүхдүүдэд минь би хэрэгтэй. Миний нөхөрт ч мөн адил” хэмээн хагалгаа амжилттай болсны дараа ярьсан.

Зургаан хүүхдийн ээж, НҮБ-ын тусгай төлөөлөгч, хүний эрхийг дээдлэгч, хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч үлгэр жишээч энэ эмэгтэй бусдыг гайхшруулж дуусахгүй нь. Гайти, Атланта, Нигер, Сири гээд дэлхийн өнцөг булан бүрт болсон байгалийн гамшиг, хүмүүнлэгийн тусламж бүрт түүний идэвхи санаачилга, сайхан сэтгэл дагадаг нь гайхалтай.  Дэлхий дээр жилд 180 мянган хүн хөхний хорт хавдараар өвчилж, 40 мянга гаруй нь ямар ч эмчилгээ авч чадалгүй нас бардаг.

Бусдад үлгэр жишээ ч байхын тулд тэрбээр байнга л сайн үйлсийн аянд нэгдэж явдаг. Мэдээж Холливудын сайхан эмэгтэй, чадварлаг жүжигчин гэсэн тодотголоос гадна бусдад туслах сэтгэл түүнд харамгүй их. Хөхний хорт хавдраар өвчилсөн, халдвар тархах магадлалтай эмэгтэйчүүдэд түүний зоримог шийдвэр эергээр нөлөөлж эхэлсэн талаар “Таймс Ньюс” онцолсон. Хагалгаанд орох шийдвэр гаргасан нь түүний жүжигчний карьерт сөргөөр нөлөөлж болох тухай олон хэвлэлд гарсаар байгаа. Гэхдээ түүний нөхөр Брэд Питт үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлсэн. Мөн эхнэрээ ийм шийдвэр гаргасанд маш их бахархаж байгаагаа ч хэлжээ. Анжелина Жоли хагалгааны дараа Брэт Питтийн талаар “Намайг хамгийн их дэмжиж, байнга миний хажууд тусалж дэмждэг түүнд би талархаад барахгүй” гэсэн.

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр жүжигчин хос “Дарс үйлдвэрлэнэ” гэдгээ мэдэгдэж байсан. Тэд Францын дарсны томоохон үйлдвэрлэгч Марк Перрентэй хамтарч шинэ сортын дарс  гаргах  төлөвлөгөөтэй  бай­гаагаа танилцуулсан. Энэ нь Жош Гробан, Дрю Бэрримор, Форд Коппола, Ферги, Дэйв Мэтьюз нартай адилхан өөрсдийн гэсэн дарсны брэндтэй болох сайхан эхлэл гэдгийг Анжелина хэлж байсан юм. Тэд дарсаа “Миравал” хэмээн нэрлэх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн. Гэр бүлийн бизнесийн салбарт бага ч гэсэн нэмэр болно гэдэгт  Брэд  Питт  итгэлтэй  байгаагаа хэвлэлийнхэнд тайлбарласан юм. Гэр бүлийн брэнд дарсны шилний загварыг хосууд өөрсдөө гаргах аж.

Анжелина Жоли хөхний хагалгаанаас гарсны дараа Брэд Питт энэ сард биш юм гэхэд дараа сард багтаан хуримаа хийхээр төлөвлөж буй талаар эх сурвалжууд онцолсоор байна. Хамтын амьдарлаа эхлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн тэд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 14 өдөр сүй тавьсан билээ. Энэ талаар Брэд Питтийн хэвлэлийн төлөөлөгч Сантия Петт Данте “Хосууд маш их аз жаргалтай байгаа. Тэдний хүүхдүүд сүй тавьсан явдалд маш баяртай байгаа. Харин хуримын хувьд одоохондоо хэлэх зүйл байхгүй байна” гэж байсан юм.

АНУ-ын “ShowBiz Sky”-ийн мэдээлж буйгаар хосууд уг нь энэ сард хуримлах гэж байжээ. Гэвч хагалгаатай холбогдуулан дараа сард болох магадлалтайг онцолсон. Канны кино наадмын дараа найзууддаа Брэд Питт “Та нар кино наадмын дараа хэр завтай байх вэ. Зав гаргахыг бодоорой” хэмээн хэлсэн аж. Тиймээс хосын хурим энэ сард болох байх гэсэн таамаг тархжээ.

Гэр бүлийн амьдралаас илүү сайн үйлсийн арга хэмжээ, хандивд ихээхэн анхаарал хандуулдаг Ан­желина 2001 онд НҮБ-ын сайн  дурын  элч  төлөөлөгчөөр сон­гогдсон. Хамгийн сүүлд Анжелина Жоли НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Антонио Гутерришын хамт Иордан дахь Сирийн дүрвэгсдийн лагерьт зочилсон. Дүрвэгсэдтэй уулзаж, тусламжийн гараа сунгасан. Мөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нөх­цөл байдалтай илүү танилцаж, зовлонгоос нь нимгэлэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Ойролцоогоор 28 мянган дүрвэгсэд оршин сууж байгаа лагерьт ирсэн тэрбээр эхлээд цочирдолд орсон аж. Сирийн дүрвэгсэдтэй уулзсаны дараа “Би Сирийн дүрвэгсдийн гэр бүлтэй уулзахад баяртай байлаа. Учир нь тэд майханд биш өөрсдийнхөө гэрт байгаад би баярласан. Мэдээж сэтгэл зүйн таагүй мэдрэмжээс хол гэртээ байгаа нь тааламжтай хэрэг. Мөн Ливанд өөрсдийн шийдвэрлэх олон асуудлууд байгаа. Ливаны ард түмэн маш сайхан сэтгэлтэй, өгөөмөр зочломтгой, халамжтай ард түмэн. Тэд Сирийн ард түмнийг уриалгахан хүлээж авсанд би ч гэсэн баяртай байна” хэмээсэн.

Анжелина Жолид зөвхөн дайн байлдааны нөхцөл байдлаас үүдэлтэй дүрвэгсэдийн лагерт очсон газрууд маш их. Жишээ нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Сьерра-Леон, Танзан, Пакистан, Афганистан, Камбожи, Ирак болон Камбожи улсад дүрвэгсэдтэй уулзсан байна. Сирийн дүрвэгсэдтэй уулзах үеэр “Та Анжелина Жоли мөн тийм биз дээ. Бидний ирсэн газраас тасарсан тахианууд шиг хүний гар, хөл байхыг би олж харсан. Таныг энд харж байгаад баяртай байна” хэмээн найман настай бяцхан жаал олныг цочирдуулсан үг хэлсэн. Тэрбээр хариуд нь “Амьдрал бидэнд олон шалгуур тавьдаг” хэмээн нулимс унгасан билээ.

Хэдэн сарын өмнө Анжелина Жоли зургаан хүүхэддээ илүү их анхаарал хандуулахын тулд киноны карьераа дуусгаж ч магадгүй талаар мэдэгдсэн. Харин НҮБ-ын хүмүүнлэгийн элчийн хувиар явуулдаг үйл ажиллагаагаа ямар ч тохиолдолд зогсоохгүй гэдгээ илэрхийлсэн юм. Өнөө цагийн хамгийн үнэтэй, гайхамшигтай, энэрэнгүй эмэгтэйгээр тодроод байгаа түүний хувьд ойрын хэдэн жил эрүүл мэнддээ анхаарах болно гэдгээ Брэд Питтэд амласан аж. Энэ нь гэр бүлийн амьдрал, цаашид хийх их зүйл байгаа гэдгийг илэрхийлсэн явдал юм. Ямартай ч дахин давтагдашгүй Анжелина өвчнөөс салж, гэр бүлийн амьдрал, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй байх бололтой.

Зарим эх сурвалж түүнийг НҮБ-ын хүний эрхийг хамгаалсан тусгай  төлөөлөгч,  элч  болохыг үгүйсгэхгүй талаар бичсэн. Энэ нь кино урлагаас гарах томоохон хүчин зүйл ч байх магадлалтай гэдгийг онцолжээ. Түүний шийдвэр, байгаа байдал дэлхийн сая сая эмэгтэйчүүдэд урам зориг, эрч хүч  хайрлаж  байгаа  гэдэгт  Брэд Питт итгэлтэй байгаагаа хэвлэлээр байнга илэрхийлдэг. “Шаттер Сток”-ийн мэдээлж буйгаар “Анжелина Жоли хөхний хорт хавдартай хэрхэн тэмцсэн талаар “Миний анагаах ухааны сонголт” гэсэн ном бичих хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Энэ нь дэлхийн сая сая эмэгтэйчүүдэд бага ч гэсэн тус дэм болох үүднээс бичиж буй анхны ном юм” хэмээжээ.

 Б.БААТАР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж