Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Кремлийн хоригдол

Михайл Ходорковскийг ялаас чөлөөлж магадгүй гэнэ. Тэр ч байтугай Платон Лебедев ч шоронгоос гарч мэдэх нь. ОХУ-ын Ерөн­хийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ тэднийг өр­шөөлд хамруулах эсэх талаар ярилцах аж. Энэ сарын 23-нд Орост Бизнес эрхлэгчдийн өдөрлөг болно. Тэр үеэр биз­несийн орчныг хэрхэн сайж-руулах талаар зөвлөлдөх юм. Энэ ажлын хүрээнд одоо хоригдож байгаа 110 мянга орчим бизнесмэнийг Ерөн­хийлөгчийн өршөөлд хам­руулж магадгүй аж. Өр­шөөл үзүүлэх журамд залилан хийсэн, татвараас зайлс­хий­сэн, гэмт хэргийн аргаар хөрөнгөжсөн хэрэгтнүүд баг­тах юм байна. Оросын Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулж, тус улсын Шинжээч­дийн нийгэмлэг болон Дээд шүүх дэх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Михайл Баршевский боловсруулжээ. Ингээд эхлэхээр “ЮКОС”-ын тэргүүн асан Михайл Ходорковский болон түүний хам хэрэгтэн болсон Платон Лебедев яах вэ гэх асуулт гарч ирнэ. М.Ходорковский жирийн дэглэмтэй шоронд 11 жил хоригдож бай­гаа. Түүнийг ирэх оны аравдугаар сард суллах юм. Ха­рин П.Лебедев ирэх оны наймдугаар сар суллагдана. Гэвч тэднийг өршөөлийн хуульд хамруулбал хугацаа­наасаа өмнө эрх чөлөөтэй болно гэсэн үг.

В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэ хууль хэлэлцэгдэж байгаа гэдгийг Ерөн­хийлөгч мэдэж байгаа” хэмээн “Interfax”-д өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Тэрбээр үүнээс өөрийг хэлэхээс татгалзжээ.

М.Ходорковский суллагдах боломжтой юу гэх асуулт эн­дээс гарч ирж байна. Оросын хам­гийн чинээлэг бизнесмэн, В.Пу­тины хамгийн том өрсөлдөгч энэ эрхэм түүний улс төрийн зам­налд ч багагүй саад учруулж байв. М.Ходорковскийн шүүх хурал дахин болох бүрт түүнийг дэмжигчид Оросын шүүх тан­химын гадаа жагсаж, В.Путины дарангуйллыг эсэргүүцдэг. Магадгүй үүнээс болсон уу, “Эмнэсти интернэйшнл” олон улсын хүний эр­хийн байгууллагаас түүнийг “Улс төрийн хоригдол”, “Оросын Засгийн газрын эсрэг тэрс үзэлтэн” хэмээн нэрлэж байсан юм.

М.Ходорковскийг Оросын Аюулгүйн албаныхан 2003 оны аравдугаар сард анх баривчилж, тэр даруйдаа Сибирийн Чита муж дахь Зөвлөлтийн үед ашиглаж байсан шорон руу ачжээ. Түүний тэрбумаар тоологдох хөрөнгийг Оросын төр хураан авч, гэр бүл нь мартагдан хоцорсон юм. М.Ходорковскийн “ЮКОС” компани хамгийн ашигтай ажиллаж байх үед нийт хөрөнгө нь 40 тэрбум ам.доллараар тоологдож байв. Мөн тэр Жорж Буштай хэл­элцээр хийж, компанийнхаа хувьцааны 40 хувийг “ExxonMobil”, “Chevron”-д худалдах хэлэлцээр хийж, Оросын компаниуд олон улсын зах зээл рүү гарах гарцыг нээж байжээ. Ийнхүү нэр хүндтэй, хөрөнгө чинээтэй болохынхоо хэрээр М.Ходорковский улс төрд хутгалдаж, Оросын сөрөг хүчний намыг санхүүжүүлж, Кремлийн удирдагчийг шүүмжилж эхэлсэн байна. Энэ нь Зөвлөлт засаг задарсны дараа явагдсан томоохон хувьчлалуудын ачаар баяжсан шинэ оросуудыг В.Путин хавчиж эхлэх үетэй давхацсан юм. Саяхан Англид учир битүүлгээр амиа алдсан Оросын олигархи Борис Березовский, хэвлэлийн магнат Владимир Гусинский тэргүүтэй зарим нь хилийн чанадад дүрвэж, харин М.Ходорковский болон түүний хамтрагч П.Лебедев нар баривчлагджээ. Тэднийг эд хөрөн­гө нуун дарагдуулсан, газ­рын тос луйвардсан, татвар төлөхөөс зайлс­хийсан, мөнгө угаасан гэх олон хэрэгт буруутгаж, М.Хо­дорковскийд 2005 онд найман жилийн ял оноожээ. Дараа нь 2009 онд дахин шинэ хэрэгт буруутгаж, 13 жилийн ял оноосон бай­сан. Тэр ямар ч гэсэн В.Путин дахин сонгогдох ёстой Оросын Ерөн­хийлөгчийн сонгуулиас өмнө суллагдах эрхгүй болсон юм. Магадгүй В.Путин түүнээс бол­гоомжилж байсан ч байж мэднэ.

Германы “Der Spiegel” сэт­гүүлд М.Ходорковскийн тухай нэгэн нийтлэл саяхан гарсан юм. Хар зах дээр бараа зардаг Анна “ЮКОС”-ын эзнийг үзэн яддаг гэдгээ хэлж буйгаар уг нийтлэл эхэлжээ. “Баривчлагдахаасаа өмнө М.Ходорковский Оросын хамгийн баян хүн байсан бол Анна тэр үед одоогийнхоосоо тийм ч их дээр­дэхээргүй, тэтгэврийн 130 ам.доллар ч хүрэхгүй мөнгөөрөө амьдарч чадахгүй болохоороо зах дээр наймаа хийдэг хэвээрээ л байсан” хэмээн Германы сэтгүүлд бичсэн байсан юм. Өөрөөр хэлбэл, нэг талаараа В.Путины бодлого М.Ходорковский мэтийн хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг зай­луулж байсан. Гэвч нөгөө талаасаа болж өнөөдүүлийнх нь ачаар Орост баян, ядуугийн ялгаа ихэсч, энгийн иргэдийн амьдралд нэмэр болох юу ч байгаагүй бололтой. Тэгэхээр М.Ходорковский баривчлагдсаныг сайн, муугийн дэнсээр дэнслэх боломжгүй гэсэн санаа юм.

Кремлийн удирдагчид түүнийг суллаж магадгүй гэх мэдээлэл гар­сантай зэрэгцээд Оросын Дээд шүүхээс түүний хоёр шүүх хуралтай холбоотой шинэ баримтууд гаргасан гэх яриа гарчээ. Хэрэв гэрчийн нотолгоо хангалттай гэж үзэх юм бол сүүлд нь ногдуулсан 11 жилийн ялыг нь багасгаж ч мэдэх юм. Гэвч хоорондоо зөрүүтэй янз бүрийн мэдээлэл цацагдсаар байна. Оросын “Независимая газета” сонинд саяхан “Кремлийн эрх баригчид түүний эсрэг дахин шинэ хавтаст хэрэг үүсгэхээр бэлдэж байна. Хэрэв ингэвэл М.Ходорковскийд 20 жил хоригдох ял онооно” гэж бичжээ. Ерөнхийлөгчийн ууч­лал үзүүлэх тухай хуулийн төсөл яригдах үеэр ч бас хамгийн түрүүнд “Түүнийг суллах болов уу” гэх асуулт гарч ирж байсан. Тэгэхээр энэ нь М.Ходорковский одоо ч В.Путины хувьд аюултай хүн хэвээр байгаа гэсэн үг юм. Шоронд байх хугацаандаа тэрбээр В.Путиныг удирдлага дор Орос орон авлигад идэгдэж, шүүх тогтолцоо нь шударга биш болж, Кремлийн удирдагчид хэтэрхий их зүйлд гар дүрж байна хэмээн шүүмжилж байсан юм. “Би айх­гүй байна” хэмээн хэлснийг нь хэвлэлүүд дамжуулж байлаа. Тэгэхээр эрх чөлөөтэй болсон хой­ноо ч М.Ходорковский энэ үгээ хаш­гирсаар явбал юу болох вэ.

Төрийн Думын болон Ерөн­хий­лөгчийн сонгуулийн үеэр В.Путиныг зад шүүмжилж, олон ний­тийг хамарсан томоохон жаг­саал цуглаан зохион байгуулж байсан Алексей Навалнийг саяхан мөнгө угаасан хэрэгт буруутгаж, ял оноосон. Түүнийг яг л М.Хо­дорковский шиг төмөр торны цаа­на бүгдэд мартагдан амьдрах ирээдүй хүлээж байна. Тэгэхээр эрх баригчдын эсрэг дуугарсан хүнийг цагдах явдал одоо ч үргэлжилсээр байгаа гэсэн үг юм.

Нөгөө талаасаа бол өнөөдөр М.Ходорковский маш их нэр хүндтэй болсон. Баривчлагдахаасаа өмнө тэр Оросын сөрөг хүчний намыг санхүүжүүлж байхдаа ч ийм байгаагүй. Гэтэл өөрийнх нь эсрэг хийсэн В.Путины алхам бүр М.Ходорковскийг нэр нөлөөтэй болгож эхэлжээ. Түүнд дургүйцдэг нэг хэсэг байхад түүнийг шүтэн биширдэг өөр хэсэг хүмүүс ч байгаа юм. Одоогоос жил гаруйн өмнө М.Ходорковскийн “Нээлттэй Орос” сангаас санхүүжүүлдэг компьютерын семинар уулзалтын үеэр хэд хэдэн хүн М.Ходорковский тэр­гүүтэй олигархиудын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх саналаа хэлж байжээ. Энэ сарын эхээр Москвад болсон томоохон жагсаалын үеэр М.Ходорковскийн нэр мөн л дуулдаж байв. Оросууд түүнийг суллахыг шаардаж байлаа.

Оросын Ерөнхийлөгчийн сон­гууль 2004 онд болоод В.Пу­тин сонгогчдынхоо 72 хувийн дэмжлэгийг авч байсан. Гэвч өнгөрсөн оны гуравдугаар сард болсон сон­гуулиар түүнийг ердөө 56 хувь нь л дэмжжээ. Оросын жишгээр бол энэ тааруухан үзүүлэлт. Гэтэл В.Пу­тинд дахиад нэг сонгууль үлдсэн. Тэгэхээр М.Ходорковскийг сул­лаж, өөрийнхөө ирээдүйг улам эр­гэл­зээтэй болгох шаардлага В.Пу­тинд бий юу гэвэл бас л эргэлзээтэй.

 Т.ЭЛИСА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж