
Афганистаны нийслэл Кабул хотод амиа золиослогч НАТО-гийн цэргийн автомашины цуваа руу халдаж, тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Халдлагын улмаас 15 хүн амь үрэгдсэний дунд АНУ-ын хоёр цэрэг, дөрвөн гэрээт ажилтан болон Афганистаны есөн иргэн байжээ. Түүнчлэн хүчтэй дэлбэрэлтийн улмаас 35 хүн гэмтэж шархдаж, ойролцоох байшин, барилгууд эвдэрч сүйдсэн байна. ВВС-ийн мэдээлснээр амиа золиослогчийн халдлагыг лалын зэвсэгт Хезб-е Ислами бүлэглэлийн дайчид үйлдсэн гэнэ. Афганистаны албаныхны мэдээлснээр “Toyota Corolla” маркийн автомашинтай амиа золиослогч НАТО-гийн цэргийн автомашины цувааны дэргэд очин тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна.
Үүнээс өмнө өнгөрсөн гуравдугаар сард Афганистаны Кабул хотод орших Батлан хамгаалах яамны ойролцоо амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлсэлснээс есөн хүн амь үрэгдсэн билээ. Афганистаны экс Ерөнхий сайд Гульбеддин Хекматияраар удирдуулсан лалын зэвсэгт Хезб-е Ислами бүлэглэл нь тус улсын зүүн хойд хэсэгт байрладаг байна.
Б.АНХТУЯА