
Хэдийгээр Монголд хүйсээр ялгаварлах асуудал өнгөрсөн зуунтай хамт /тодруулбал 1920-иод оноос хойш/ устсан гэдэг ч төрийн удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо одоо хэр нь хамгийн бага байсаар байгаа. 1990 оноос хойш парламентын түвшинд явуулсан бүх сонгуулийн туршид эмэгтэйчүүдийн оролцоо 10 хувиас хэтэрч байсангүй. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар түүхэндээ анх удаа 11 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсоныг эс тооцвол. Харин одоо анх удаа Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд эмэгтэй хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ. Гайхалтай биш гэж үү. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл.
Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд гурван намын гурван нэр дэвшигч гараад байгаа ч энэ нэр дэвшүүлэлт ирэх 22-ны өдөр болтол энэ хэвээр хадгалагдах эсэхийг таахад бэрх. Учир нь хуулийн дагуу энэ хугацаанд нэр дэвшигчид нэрээ татах болон нэр дэвшүүлсэн намууд нь нэр дэвшигчээ эргүүлэн татах бүрэн боломжтой. Хуулийн энэ заалтыг ашиглаад зарим нэгэн намуудын хооронд яриа хөөрөө яваад эхэлчихсэн ч сурагтай.
Энэ удаагийн нэр дэвшүүлэлтээс хамгийн их хохирол амсч болох намууд нь МАН болон МАХН. Нэг нэр, нэг угшилтай, гишүүд дэмжигчид нь ч бас нэг цул байсан хоёр намын хувьд ирэх сонгуульд энэ хэвээрээ хоёр тусдаа оролцох нь хэн хэнд нь эрсдэлтэй, саналаа хувааж ялагдал хүлээх магадлалтай. Гэвч намуудын нэр дэвшүүлэлт эхлэхээс өмнө энэ тухай бодох ёстой байсан намууд гэнэт сая нэр дэвшүүлэлт дууссаны дараа л энэ тухай бодож, хөдөлж эхэлсэн нь гайхалтай. Тэгээд энэ тухай бодох болсон шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа ганц эмэгтэй нэр дэвшигчтэй холбоотой болж байна. Үргэлжийн мөнхөд “Улс төр гэдэг бол эрчүүдийн тоглоом” хэмээн итгэж, ятгаж ирсэн эрчүүдийн хувьд Н.Удвал гэдэг хүн зажлахгүй залгиж болох “зөөлөн будаа” болон харагдаж байгаа бололтой.
Хэдийгээр хоёр намын удирдлагын түвшинд аль хэдийн түүний нэрийг татуулах талаар яриа хэлцэл яваад эхэлчихсэн ч гэлээ хамгийн адгийн нь түүнийг Бага чуулганы гишүүдийн 95 хувийн саналаар нэр дэвшүүлсэн МАХН-аас эхний санаачлага гарсан явдал. МАН-ын бага хурлын гишүүдийн 50 хувийн саналыг чардайж байж авсан, гурван ч удаа санал хураалгаж байж арай гэж 9 хүний саналаар илүүрхэж ялсан Б.Бат-Эрдэнийн дэргэд Н.Удвалын намаасаа авсан дэмжлэг хавьгүй өндөр. Гэтэл Б.Бат-Эрдэнэд итгэл хүлээлгээгүй МАН-ын Бага хурлын гишүүдийн 50 хувь ам нээгээгүй байхад МАХН-ын Бага чуулган дээр цөөнх болсон 5 хувь нь нэр дэвшигчээ “хууль бус” хэмээн зарласан явдал нь “Эр муу ч эмийн дээр” гэсэн үүд, хоймрын хэрүүлээрээ л улс төрийг харж байгаа болхи бодол, бойтоглол төдий. Хэрвээ хэн нэгэн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Л.Цог ч юм уу нэр дэвшээд намаасаа гараад ирсэн бол асуудал ядахдаа л “Б.Бат-Эрдэнэ үү, эсвэл…” гэж хоёр талтай яригдах ёстой байлаа.
Энэ өнцгөөс нь харвал анхнаасаа Н.Удвалыг нэр дэвшүүлсэн нь ч гэсэн цагтаа МАХН-ын “хоёр Энх” хэмээгдэж, үй зайгүй явсан Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин гэдэг хоёр хүний энэ удаагийн сонгуульд зориулж өрсөн өргийн зөвхөн нэг нүүдэл байхыг үгүйсгэх аргагүй. Гэвч улс төр улс төр гэдэг зөвхөн эрчүүдийн тоглодог тоглоом биш. Эмэгтэй хүн ч гэсэн эр хүний сүүдэр төдий биш гэдгийг нотлох нь эсэх нь энэ удаа Н.Удвал сайдаас шалтгаалах болж байна.
Улс төрд нэг хоёр хүний эрх ашиг, нэг хоёр намын ялах ялахгүйгээс илүүтэй нийт олны эрх ашиг, итгэл үнэмшил, бас сонгох сонгогдох эрх ч гэж бий. Тиймээс Монголын нийт хүн амын 51 хувийг эзэлж, эрээнтэй бараантай амьдралыг зовлонтой жаргалтай нь туулж, ачааны хүндийг үүрч яваа энэ цаг үеийнхээ нийт эмэгтэйчүүдийн өмнөөс Н.Удвал ахайтанд “Танд замын дундаас буцах эрх байхгүй шүү” гэдгийг сануулмаар байна. Учир нь түүнд өгч байгаа үнэлгээ бол Монголын нийт эмэгтэйчүүдэд өгч байгаа үнэлгээ юм. Түүний авч чадах санал бол Монголын нийт эмэгтэйчүүдийн авч чадах итгэл юм. Харин ялах, ялагдах бол цаг хугацааны асуудал. “Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ итгэдэггүй” гэдэг эрчүүдийн зохиосон аксиомыг ч гэсэн энэ удаа эмэгтэйчүүд өөрчлөх ч юм билүү.