Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Та хайрлаж чадах уу?

Зориг сангаас жил бүр зохион байгуулдаг Байгаль орчны манлайлагч 2013 хөтөлбөрийн оролцогч залуус Хөвсгөл нуурыг хамгаалах "Би хайрлаж чадна" аяныг зохин байгуулж байна.

Та энэ үгийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Эхлээд таньд гэр бүр ойр дотныхон гээд л өөрийн гэсэн бүхнээ хайрлаж чадна гэсэн бодол, итгэл төрж байгаа. Харин та байгаль дэлхий, эх нутгаа хайрлаж чадах уу?

Зориг сангаас хэрэгжүүлдэг Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн хүрээнд байгаль орчноо хамгаалах бичил төсөл хэрэгжүүлэгч залуус Монгол Экологи төвтэй хамтран дэлхийн цэвэр усны нэг хувь, Монгол орны цэвэр усны 70 хувийг бүрдүүлэгч хоёр сая гаруй жилийн настай Далай ээжийгээ “Би хайрлаж чадна” гэж итгэлтэйгээр хэлж байна.

Хөвсгөл нуурын байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгал, үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хамгаалах, хувьсан өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор 1992 онд Хөвсгөлийн Байгалийн Цогцолборт Газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан байдаг.

Гэсэн хэдий ч Монгол орны нийт гол мөрний арван жилийн урсацтай тэнцэх цэвэр усыг агуулдаг Хөвсгөл нуур маань өнөөдөр хүний буруутай үйл ажиллагааны улмаас бохирдож эхлээд байна. Нуурын цэнгэг усыг бохирдуулахгүй хамгаалах санал санаачлага орхигдоод байна.

Нуурын усны бохирдох үйл явц нь эрэг орчмынхоо хөрснөөс ихээхэн шалтгаална. Учир нь нуурын ус эрэг орчмын хөрстэйгээ харилцан уялдаа холбоотойгоор өөрийгөө цэвэршүүлж байдагтай холбоотой. Хөвсгөл нуур нь 500 жилд нэг удаа усаа бүрэн цэвэршүүлэх буюу сэлгэдэг байна. Хөвсгөл нууранд 96  гол горхи цутгаж ганцхан Эгийн гол эх авч Сэлэнгэ мөрөнтэй нийлж улмаар ОХУ-ын Байгаль нууранд цутгадаг. Тиймээс Хөвсгөл нуур, Байгаль нуур хоёрыг хүйн холбоотой хэмээн ярьцгаадаг. 

Аливаа амьд бие организм усгүйгээр амьдарч хөгжиж чадахгүй, гагцхүү амьдралын эх булаг болсон усаа бид цэвэр тунгалагаар нь байлгах нь хүн бүрийн үүрэг байх учиртай. Тиймээс Далай ээжээ үргэлжийн мөнхөд цэвэр тунгалаг байлгахын тулд ТА ХАЙРЛАЖ ЧАДАХ УУ?


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж