Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Монгол Улс өөрийн гэсэн онгоцтой боллоо. Бүр дэлхийд алдартай “Боинг”-той шүү. МИАТ ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан ч азтай эр юм аа. Түүний үед Монгол Улс, МИАТ компани агаарын хөлөгтэй боллоо. МИАТ ТӨХК-ийн өмнөх удирдлагууд сайн нэр дуулж, зүүж явсныг санахгүй байна. Харин гавьяат нисгэгч захирал түүхэнд нэрээ үлдээх үйл явдлын гэрч боллоо. Түүний үед МИАТ шинэ онгоцтой, бас үндэсний агаарын тээвэрлэгч статустай боллоо. Анх 2011 оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр “Боинг” компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээнд гарын үсэг зурж байсан бол хоёр жилийн дараа эхний онгоцоо эх орондоо авчраад байна. Одоо дахиад хоёрыг авна. Шинэ онгоцоо хүлээж авах ёслолын үеэр Ерөнхий сайд “Олон жил гадны онгоц түрээсэлж байсан бид өнөөдөр өөрийн гэсэн шинэ агаарын хөлөгтэй болсон нь монгол хүн бүрийн баяр бахадлыг төрүүлж байгаа нь лавтай. Бид дэлхийн хаана ч хүрэх жигүүртэй боллоо” гэж хэлсэн. Тийм ээ, монголчууд дэлхийд өөрийн гэсэн онгоцоор мөрөө гаргаж чадахаар боллоо. Энэ үйл явдлын гэрч болж, МИАТ-ийг энэ цаг үед удирдаж буй хүний хувьд Г.Жаргалсайхан захирлыг аргагүй азтай гэхээс өөр юу гэх вэ. Гавьяат нисэгч Г.Жаргалсайхан удам дамжсан нисэгч бөгөөд аав нь Монгол Улсын баатар, Монгол Улсын анхны гавьяат нисэгчдийн нэг. Тэрбээр өөрөө ч Монголын иргэний агаарын тээврийн салбарт 30 жил зүтгэсэн “ясны нисэгч” юм билээ.

Б.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж