
Европын сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээн болох Евролигийн тэмцээн өндөрлөлөө. Лондон хотод болсон шувтаргын тоглолтод Грекийн “Олимпиакос” багийнхан Испанийн эзэн хааны “Реал Мадрид”-ыг 100:88-аар хожсоноор түүхэндээ гурав дахь удаагаа энэ нэр хүндтэй тэмцээнд түрүүлжээ. “Олимпиакос” хоёр жил дараалан Евролигт түрүүлсэн нь энэ бөгөөд өнгөрсөн жил Оросын “ЦСКА”-г 62:61-оор буулган авч байсан юм. Шийдвэрлэх тоглолтод “Олимпиакос”-ын ахмад тоглогч Вассилис Спанулис 22 оноо авчээ. Харин эзэн хааны багийг Рүди Фернандес 21 оноогоор хошуучилжээ. Гуравдугаар байрт Испанийн “Барселона” багийг 74:73-аар хожсон Оросын “ЦСКА” шалгарав.
Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин