Банкны нууц үгүй болно гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Банкны нууц үгүй болно гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 72.2 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Санал хураалтад 54 гишүүн оролцсоноос хуулийн төслийг дэмжиж кноп дарсан нь 39 байсан юм.

Хуулийн төслийг дэмжихийн өмнө гишүүд “Банкаар 20 сая төгрөгийн гүйлгээ хийвэл хяналт тавина” гэсэн заалт нь Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн шиг үйл явдал руу түлхэж болзошгүй. Ер нь олон улсын байгууллагаас Монголбанкинд тогтмол дарамт учруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэйгээ хатуу тэмцэхийн тулд хараа хяналтаа сайжруул гэж тогтмол анхааруулга өгдөг, хар жагсаалт руу оруулна” гэж айлгадаг. Төв банк тэр бүх зөвлөмжийг нь мөрдлөг болгоно гэвэл нэг талдаа банкны харилцагчийн нууц үгүй болно. Тиймээс асуудалд болгоомжтой хандах ёстой” гэх байр суурийг гишүүд түлхүү илэрхийлж байлаа. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Энэ хуульд хууль ёсны мөнгийг хууль бусаар оруулах зүйл байгаа. Олон улсын байгууллага хууль бус мөнгийг Монголд угаагаад байна гэж яриад байгаа. Гадаадаас мөнгө угаасан гэх хэдэн хэрэг байна вэ. Улс төрийн намууд хууль бусаар мөнгө босгодог. Тэгэхээр энэ бүгдтэй тэмцэнэ гэж ойлгож болох уу” гэж лавласан юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Гадаадаас мөнгө угаах хэрэг нэг бус удаа илэрч байсан. Ер нь бидэнд мэдэгдсэн нь энэ. Мэдэгдэхгүй байгаа хэрэг ч байхыг үгүйсгэхгүй. Мөрдөх албаны хуулийг баталсан нөхцөлд энэ төрлийн хэрэгтэй тэмцэхэд илүү дөхөмтэй болно гэж харж байгаа” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Монгол Улс терроризмд өртөх эрсдэл байгаа юу” гэхэд сайд Х.Тэмүүжин “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо болох үед  интерполоор эрэн сурвалжилж байгаа, террорист бүлэгт байж болох хүн манай улсаас баригдсан. Монголд терроризмын аюулын эрсдэл байгаа” гэж хариулсан юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм. Ингэхдээ хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж буй юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж