Босогчид Халеб хотын шорон руу халджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Босогчид Халеб хотын шорон руу халджээ

Сирийн босогчид өчигдөр Халеб хотын төв шорон руу халджээ. Босогчид Халеб хотын төв шоронгийн төмөр хаалгыг тэсрэх бөмбөг бүхий хоёр автомашины тусламжтайгаар нээж, шорон руу нэвтэрсэн байна. Үүний дараа босогчид болон цэргүүдийн хооронд ширүүн тулаан болсон бөгөөд үүний улмаас 15 цэрэг амь үрэгджээ. Одоогоор энэхүү халдлагын үеэр хэдэн босогч амь үрэгдсэн нь тодорхойгүй байна. Сирийн босогчдын нарийн зохион байгуулалттай халдлага үүрээр эхэлж, цэргүүдтэй шөнө хүртэл тулалдсан боловч  шоронд хоригдож байсан 4000 орчим хүнийг суллаж чадаагүй байна. Түүнчлэн босогчид шорон руу халдах үеэр Сирийн армийн байлдааны онгоц шоронгийн ойролцоох газруудыг бөмбөгдсний улмаас олон байшин, барилгыг устгажээ.

Үүний зэрэгцээ өчигдөр Сири даяар интернэтийн сүлжээ найман цагийн хугацаанд тасарсан байна. Санаа агентлагийн зүгээс Сири даяар интернэтийн сүлжээ тасарсан нь техникийн доголдолоос болсон гэж мэдээлсэн боловч Харилцаа холбооны сайдын зүгээс босогчид бөмбөг дэлбэлснээс интернэтийн кабель тасалсан хэмээн буруутгажээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж