Шинзо Абе Ким Чен Унтай уулзана

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Шинзо Абе Ким Чен Унтай уулзана

Японы Ерөнхий сайд Шинзо Абе Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Ерөнхий сайд Шинзо Абегийн БНАСАУ-ын удирдагчтай хийх уулзалтын гол зорилго нь хоёр орны хоорондох зөрчилт үеүдэд Хойд Солонгост барьцаалагдсан Япон улсын иргэдийн асуудал гэнэ. Хойд Солонгос 1970, 1980 онд Японы 13 иргэнийг барьцаалсан ба 2002 онд хоёр орны албаныхны уулзалтын үеэр тэднээс тавыг нь эх оронд нь буцааж, үлдсэнийг нь амь үрэгдсэн гэж мэдэгдсэн аж. Харин Японы зүгээс тус улсын 17 иргэн Хойд Солонгост барьцаалагдаад байгаа хэмээн мэдээлжээ.

Үүнээс өмнө Японы Ерөнхий сайдын зөвлөх Исао Ийжима өнгөрсөн мягмар гаригт Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны нарийн бичгийн дарга Ким Ён Илтэй уулзаж, хоёр орны хооронд үүссэн таагүй нөхцөл байдлыг намжаах арга хэмжээ авсан аж. Одоогоор хоёр талын албаныхны зүгээс  Японы Ерөнхий сайдын зөвлөхийн Пхеньянд хийсэн айлчлалын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Хойд Солонгос нь өнгөрсөн сард АНУ, БНСУ болон Япон улсуудын эсрэг пуужин харвана хэмээн сүрдүүлээд байсан боловч пуужингуудаа эргүүлэн татаад буй билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж