500 ажлын байр бий болгожээ

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

500 ажлын байр бий болгожээ

Манай улсад 2016 он гэхэд 150 мянган байнгын ажлын байр бий болгох томоохон хөтөлбөр хэрэг­жиж байгаа. Тэгвэл Дархан-Уул аймгийнхан уг зорилтыг амжилттай эхлүүлжээ. Айм­гийн удирдлагууд эхний ээлжинд 2000 хүнийг байнгын ажлын байраар хангах зорилт тавьсан байна. 100 гаруй мянган хүн амтай Мон­голын хоёр дахь хот болох Дарханы иргэд ажил мэргэжилтэй болж, хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулах бололтой. Тус аймагт энэ сарын байдлаар хөдөлмөрийн насны 59 мянган хүн байгаагаас 20 гаруй мянга нь ажилгүй гэсэн судалгаа гарчээ. Тиймээс иргэдээ ажил мэргэжилтэй бол­гохоор өнгөрсөн гурав­дугаар сард Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан байгуулсныг нутгийн удирдлагууд дуулгалаа. Сангаар дамжуулж иргэдийг ажилд зуучлах, мэргэжлийн зөвлөгөө өгч мэдээллээр хангах, ажил олгогчдыг дэмжих зэрэг үйл ажиллагаа хийх бөгөөд 500 орчим сая төгрөг төсвийн сантайгаар баталжээ. Түүнчлэн тус аймагт Хөдөлмөрийн хэл­тэс шинээр байгуулагдаад жил гаруйн хугацааг ардаа орхиж буй ч ажлын үр дүн сайн байгаад нутгийн иргэд ам сайтай байлаа. Учир нь орон нутагт хөдөлмөр эрхлэх аян зохион байгуулж иргэдэд хуулийн мэдлэг олгож, ажилд зуучилж эхэлсэн байна. Түүнчлэн хэлтсийн мэргэжилтнүүд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аян зохион байгуулж, баг, сумдын Засаг дарга нар, нийгмийн ажилтнуудыг сургалтад хамруулсан байв. Тэдэнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсрол сургалт, жижиг дун үйлдвэрлэлийг хөг­жүү­лэх талаарх ойлголт өгч, хамтран ажиллах гэрээ байгуулсан гэлээ. Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд Ажил олгогч эздийн хол­бооны Дархан салбартай хамтран уулзалт хийж, сул ажлын байрны захиалгаа ирүүлж байхаар тохиролц­жээ. Ажилгүй иргэдэд зориулж нэг өдрийн яар­магийг өнгөрсөн гурав­дугаар сарын 29-нд зохион байгуулснаа мэргэжилт­нүүд хэлж байна. Яармагт ажил олгогч 79 аж ахуйн нэгж, хоршоо нөхөрлөл болон 1700 орчим иргэн оролцжээ. Энэ үеэр 761 иргэнд бүртгэл мэдээл­лийн үйлчилгээ үзүүлж, сургалтын төвүүдэд 200 орчим хүн хандаж мэдээ­лэл авсан гэнэ. Мөн 55 байгууллагад 430 хүн ажил горилж бүртгүүлсэн бол  арилжааны банкуудаар зээл авахыг хүссэн иргэд ч зөвлөгөө авчээ. Эхний таван сарын байдлаар ажил олгогчдоос 762 ажлын байрны захиалга ирж, 620 хүнийг ажилд зуучилсан байна.

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЙИН ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ

Ажил орлоготой болох хүсэлтэй иргэд төв газар төдийгүй сум багт ч бий. Дархан-уул Шарын гол, Орхон, Хонгор гэсэн гурван сумтай. Сүм бүр өөр өөрийн онцлог чиглэлээр хөгжиж байна. Тухайлбал, “Орхон”-ы хүн амыг сумыг жимс ногоо тариалагч гэдгээр нь андахгүй. Харин “Шарын гол”-ынхон уул уурхайг түшиглэн хөгжиж байна. Нутгийн удирдлагууд ч сум орон нутгийнхаа онц­логт тохируулж, ард иргэ­дээ хөдөлмөр эрхлэлтээр дэмжиж буй аж. Аймгийн хэмжээнд 2000 ажлын байр бий болгох зорилтоо сумуудад нэвтрүүлж, мэдээллээ өгсөн байна. Нутгийн иргэдээ хүсэл сонирхлыг тандвал жижиг дунд үйлдвэрлэл сонир­хог­чид олонхи нь байх юм. Тиймдээ ч хамгийн их төсөвтэй сан бөгөөд нэг тэрбум төгрөг хуваарил­жээ. Зээлийн эргэн төлөл­тийн 500 сая төгрөг дансанд байршсан байгаа аж. Уг хөрөнгийг үр дүн­тэй зарцуулахаар аймгийн Засаг даргаар удирдуулсан комиссынхон жижиг дунд үйлдвэрийн төслийн урал­дааныг зарлажээ. Өн­гөрсөн баасан гариг ир­гэдийн бүтээлийг хүлээж авсан байна. Төслүүдийг Худалдаа аж үйлдвэрийн танхим болон үйлдвэр­лэгч, мэргэжлийн хол­боодын оролцоотойгоор шалга­руулна гэлээ. Байн­гын ажлын байр бий болгохоор санаачлан хийж буй аж­лын хажуугаар баг, сумын иргэдийг түр цалинжуулж орчны хур хог цэвэрүүлэх ажилд дайчилжээ.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: http://polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж