Э.Батшугар: Банкуудын дархлаа сайн байгаа

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Э.Батшугар: Банкуудын дархлаа сайн байгаа

Эдийн засгийн өнөөгийн байдал болон мөнгөний бодлогын талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугартай ярилцлаа.

-Та Төвбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд Монголын эдийн засагт ямар өөрчлөлт гарав?

-Би өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-аас Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон. Монгол Улсын эдийн засаг 2012 онд хоёр оронтой тоогоор өссөн үзүүлэлттэй байсан ч 2011 онтой харьцуулахад өсөлт нь буурсан байна. Өөрөөр хэлбэл манай эдийн засаг 2012 онд 12.3 хувь өссөн бол, 2011 онд 17.5 хувийн өсөлттэй байлаа шүү дээ. 2012 оны хувьд Монголын эдийн засгийн нөхцөл байдал ерөнхийдөө хүнд жил байсан гэж хэлж болно. Нэгдүгээрт, гадаад эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдал таатай бус байснаар Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт буурч, экспортын орлого багассан, хоёрдугаарт улс төрийн хувьд УИХ-ын сонгуулийн жил тохиосон, гуравдугаарт, Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах  тухай хууль батлагдсан. Энэ хуулийн зарим зохицуулалт гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн. Манай улсын экспортын 92-93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Гадаадын хөрөнгө оруулалтын ихэнх нь мөн энэ салбар руу орж ирдэг шүү дээ. Ер нь Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах  тухай хуулийн үр дагавар нь манай шийдвэр гаргах түвшний албан  тушаалтнуудад тодорхой хэмжээний сургамж болсон байх.

-Дэлхийн эдийн засгийн хямрал төсөвт ч нэлээд нөлөөлөөд эхэлчихлээ. Цаашид ямар хандлага ажиглагдаж байна?

-Дэлхийн эдийн засаг хямралтай байна. Хятадын эдийн засгийн өсөлт буурлаа. Европ ч уналттай байгаа. АНУ-ын хувьд бага зэрэг өсч байгаа, гэхдээ ажилгүйдлийн түвшин 7-8 хувиас буурахгүй байна. Дэлхийн эдийн засаг дахь “ханиад” эдгэрэхгүй хэвээр байна. Энэ нь мэдээж Монгол Улсад  нөлөөлж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд, мөн энэ оны эхний улирлын статистикийг харахад багасч байна. Дэлхийн эдийн засгийн уналттай холбоотойгоор манай экспортын түүхий эдийн үнэ унасан. Бодит эдийн засагт орох хөрөнгө оруулалт болоод улсын төсөвт энэ нь шууд нөлөөлсөн. Тэгэхдээ Монголын эдийн засаг ирэх гурав, дөрөвдүгээр улиралд идэвхжиж сэргэх байх. Үүнд нөлөөлөх бодит хүчин зүйлүүд ч байна. Тухайлбал, Оюутолгойн  үйлдвэрлэл эхэлбэл ойролцоогоор нэг тэрбум ам.долларын зэсийн баяжмалын экспортын орлого олох хүлээлттэй байна. Манай экспортын бүтээгдэхүүний голлох хувийг эзэлдэг нүүрсний хувьд Тавантолгой ч эрчимжих магадлалтай. Үүнд уг ордыг түшиглэн цахилгаан станц барьж байгуулах, төмөр зам тавих зэрэг дэд бүтцийн төслүүд чухлаар нөлөөлж, Монголын экспортын нүүрсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой. Мөн “Чалко” компанитай байгуулсан гэрээний асуудлыг ч нааштайгаар шийдвэрлэх алхам хийгдэж, зогсонги байсан нүүрсний экспорт сэргээсэн нь чухал. Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргаж чадлаа. Энэ нь эдийн засгийн өсөлт саарч байсан үед тогтвортой байдлыг хангахад дэм болсны зэрэгцээ Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төслүүдэд эхлэлийн хөрөнгө оруулалт нь болж ашиглагдана. Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулахад ч түлхэц болно.

 -Дэлхийн эдийн засаг хямралтай байгаа нь Монголбанкны дэвшүүлсэн найман хувийн инфляцийн зорилтод нөлөөлөх болов уу?

-Монголбанкнаас инфляцийг найман хувьд барина гэсэн зорилт хэвээрээ байгаа. Энэ зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Инфляци буурчихвал зээлийн хүү багасна, тэгэхээр иргэд болоод жижиг, дунд үйлдвэрлэгчдэд шууд хамаатай үр дүн бий болно. Хэдийгээр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал таатай биш байгаа ч, бид эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж чадсан. Инфляцийг бууруулах зорилтод хүрэхэд ойрхон байна. Жилийн өмнө л 18 орчим хувьд байсан инфляци одоо 9-10 хувьтай байгаа нь бодлогын арга хэмжээний бодитой үр дүн гэж харж байна. Бид инфляцийг бууруулахын зэрэгцээ эдийн засгийнхаа бодит секторуудыг дэмжих бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.

Улсын төсвийн орлого саатаж, дутагдаж байгаа нь үнэн

-Гэхдээ үнэ өсөөд л байна. Инфляци буурах бодит хөрс нь бүрэлдэж чадахгүй байгаад байна уу?

-Инфляци буурах суурь нөхцлийг бид бүрдүүлж чадсан. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг Засгийн газартай хамтарсан хөтөлбөрөөр багасгаж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжсэнээр эрэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл багасч, инфляцийн төсөөлөл зорилтот түвшинтэй нийцтэй байгаа юм. Тэгэхээр бидэнд энэ оны эцэст инфляцийн найман хувийн зорилтоо хангах боломж дүүрэн байгаа.

-Дэлхийн банк Монгол Улсын төсвийн алдагдал сүүлийн 13 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрлээ гээд байна. Ингэхээр инфляц буурна гэхэд эргэлзээтэй юм биш үү?

-Инфляцийн өсөлт ба бууралт нь төсвийн алдагдалтай 100 хувь хамааралтай байдаггүй шүү дээ. Олон хүчин зүйлийн нөлөөллөөс хамаарч байдгийн дотроос Төвбанкны мөнгөний бодлого хэр зэрэг үр дүнтэй байна, нийлүүлэлтийн хязгаарлалтууд шийдвэрлэгдэж байна уу, гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд саад тотгор бий юу, олон нийтийн хүлээлт ямар байна вэ, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нь хаанаас бий болж байна гээд олон хүчин зүйлс инфляцид нөлөөлнө. Эдийн засагт мөнгө дутагдаж, ажлын байр, бүтээмж бий болгодог бодит секторуудад маань эх үүсвэр дутагдаж байгаа үед мөнгөний нийлүүлэлтийг инфляцид дарамт учруулахгүйгээр нэмж байх л ёстой. Гэхдээ тэр мөнгө нь үр ашиггүй хэрэглээ болох биш, харин хуримтлал болдог байх хэрэгтэй. Монголбанк яг ийм зарчмаар бодлогоо хэрэгжүүлж байгаа.

-2008-2012 онд бэлэн мөнгө их тарааснаас инфляц өсдөг байлаа. Одоо тэгвэл улсын төсөв инфляц өсөхөд гол нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?

-Тэр үед маш их хэмжээний бэлэн мөнгө тараасан. Энэ алхам инфляцид сөргөөр нөлөөлсөн. Инфляцид ч төдийгүй манай эдийн засагт асар их хор уршиг бий болгосон. Одоогийн төсвийн алдагдал инфляцид тэгж хүчтэй нөлөөлөхгүй болов уу. Учир нь бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалт нь дунд, урт хугацаандаа инфляцид эергээр л тусна. Улсын төсвийн орлого саатаж, дутагдаж байгаа нь үнэн л дээ. Ийм үед төсвийн зардлаа дагаад бууруулах арга зам бий. Тэгэхгүй бол хуулийн шаардлагыг зөрчихөд хүрнэ. Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс ихээхэн бага үед төсвийн зардлыг бууруулах нь зайлшгүй гэж бодож байна. Ингэснээр төсвөөс шалтгаалж инфляц өсөх дарамт бага байх юм. Төсвийн тогтвортой байдлын хууль үйлчилж байгаа шүү дээ.

-Ярилцлагаа банкны систем рүү хандуулъя. Манай улсын арилжааны банкуудын “эрүүл мэнд” ямаршуу байна вэ?

-Манай улсын банкны систем 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа харьцангуй сайжирлаа. Банкны салбарын үндсэн үзүүлэлтүүд тогтвортой байна. Монголбанк ч банкуудад маш өндөр шалгуур тавьж байгаа. Учир нь эдийн засаг тэлж томрохын хэрээр банкууд ч дагаад томрох, үйл ажиллагаа нь илүү өргөн цар хүрээтэй болж өргөжих ёстой. Энэ хэрээрээ арилжааны банкуудын  үйл ажиллагаа, дотоод хяналт, зээлийн менежмент нь харьцангуй сайжирч байна. Нэг үгээр хэлбэл, банкны салбарын дархлаа харьцангуй сайжирч байна. Гэхдээ хэзээ юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Гэнэтийн санхүүгийн шуурга болохыг хэн ч үгүйсгэхгүй. Хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй ч, тэр бүхэнд 100 хувь бэлтгэхээс аргагүй.

Бодлогын хүү нэг оронтой тоонд орохыг үгүйсгэхгүй

-Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар буурууллаа. Энэ нь эдийн засагт сайн дохио болсон байх?

-Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүний хувьд мөнгөний бодлогын хүүг бууруулахыг би дэмжсэн. Бид оны эхнээс бодлогын хүүгээ хоёр удаа, нийтдээ 1.75 нэгж хувиар бууруулаад байна. Бодлогын хүүг ийнхүү бууруулах бодит бололцоо бий болсон учраас ийм шийдвэр гаргасан. Инфляц буурч байна. Хандлага нь ч гэсэн буурах хүлээлттэй байна. Тиймд мөнгөний бодлогын хүүг бууруулж, эдийн засгаа дэмжих боломж бий болсон учраас Монголбанк бодлогын хүүг ийнхүү алхам алхмаар бууруулсан юм. Мэдээж эдийн засгийн өсөлт удааширч байгаа үед энэ нь бодлогын хувьд цаг үеэ олсон зөв алхам.

 -Гэхдээ энэ шийдвэрийг Дэлхийн банкнаас шүүмжлээд байх юм. Эдийн засаг хямралтай байгаа учраас энэ алхам нь хэр зөв байсныг эргэн харах хэрэгтэй гэсэн?

-Дэлхийн банкнаас өгч байгаа зөвлөмжинд бид анхааралтай ханддаг. Байнга санал солилцож, бодлогын асуудлаар чөлөөтэй ярилцдаг. Гэхдээ шийдвэр гаргах болон хариуцлага хүлээх этгээд нь Монголбанк. Энэ утгаараа Монголбанк зөв шийдвэр гаргасан. Дэлхийн банк болоод ОУВС маш олон жилийн туршлагатай байгууллагууд. Харин бид өөрсдөө шийдвэрээ гаргадаг, үр дүнг нь өөрсдөө хариуцдаг. Дэлхийн банк Монголд зөвлөмж өгдөг, тэрхүү зөвлөмж нь сөрөг үр дагаварт хүргэвэл тэд хариуцлага хүлээхгүй шүү дээ. Хариуцлагаа хүлээж хохирч үлдэх нь Монгол Улсын иргэд л байх болно.

-Бодлогын хүү дахиад буурах болов уу?

-Хоёрдугаар улиралд эдийн засаг ямар байхаас шалтгаалан дараагийн хурлаар энэ асуудал шийдэгдэнэ. Мөнгөний бодлогын шийдвэр гаргахад бодлогын санал хэлэлцдэг л дээ. Тэгэхээр бодлогын саналд авч үздэг судалгаа, шинжилгээ, төсөөлөл, үнэлгээ ямар гарах, эдийн засгийн хандлага маань яаж өөрчлөгдөхөөс бодлогын шийдвэр хамаарна.

-Монголбанкны бодлогын хүү 11.5 хувь байна. Хүү нэг оронтой тоонд орох боломж хэр байна вэ. Ингэвэл арилжааны банкуудын зээлийн хүү ч нэг оронтой тоонд орно шүү дээ?

-Энэ бол мөнгөний бодлогын зөвлөлөөр шийддэг асуудал. Гэхдээ бодлогын хүү цаашид нэг оронтой тоонд ч орохыг үгүйсгэхгүй. Бас хоёр оронтой тоондоо үлдэхийг нь ч үгүйсгэхгүй. Энэ бүхэн манай бодит эдийн засгаас, гадаад эдийн засгийн нөхцөл байдал, түүний нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлээс шууд хамаарна. Механикаар хүүг буулгана гэж үгүй. Харин хүүг буулгах нөхцөл бий болох, тэрхүү нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал л даа.

-ОХУ, Хятадын Төвбанкны бодлогын хүүг харахаар 5-6 хувьтай байх юм. Манай улс тийм байлгаж болдоггүй юм уу?

-Тэд чинь хамаагүй том эдийн засагтай улс шүү дээ. Энэ хоёр хоёулаа нэг их наяд ам.доллараас илүү эдийн засагтай. Санхүүгийн хөгжлийн хувьд хамаагүй боловсронгуй болчихсон. Тэгэхээр мөнгөний бодлогын хүүг нь шууд тэгж харьцуулах боломжгүй л дээ. Улс орон бүрийн дотоод эдийн засгийн онцлог, бүтэц, багтаамж, бүтээмж, гадаад зах зээлээс хамаарах байдал нь харилцан адилгүй.

-Тэгвэл манай бодлогын хүү хэзээ нэг оронтой тоонд орох бол?

-Хэзээ гэхээсээ илүү боломжтой, эсвэл боломжгүйн тухай ярих ёстой. Хувь эдийн засагчийнхаа өнцгөөс хэлэхэд бодлогын хүү нэг оронтой тоонд орох боломжтой гэж боддог юм. Үүнд зөвхөн цаг хугацааны л асуудал байгаа гэж хардаг. Инфляцийг буулгах тусам, нийлүүлэлтийн хязгаарлалт, гажилтуудыг арилгах тусам, үндэсний бүтээмж, үйлдвэрлэл нэмэгдэх тусам инфляцид эерэг нөлөөлөл бий болгоно. Бас дээр нь иргэдийн хуримтлал маш чухал.

Зүгээр сууж байгаад моргэйж авна гэж төсөөлж болохгүй


-Энэ онд Засгийн газар орон сууцны шинэ хөтөлбөрийг 7-9 хувийн хүүтэй хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийн санхүүгийн болоод эрх зүйн орчин нь хэр бүрдэж байна?

-Орчин нь бүрдсэн гэж хэлж болно. Тиймдээ ч ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бий болгохоор Засгийн газар, Монголбанк ажиллаж байна. Гэхдээ энэ орчныг бүрдүүлэхэд хэцүү байсан. Ипотекийг дэмжихийн тулд эхлээд эдийн засгийн орчин тогтвортой байх хэрэгтэй. Хамгийн наад зах нь инфляц бага байх ёстой. Нэгэнт ийм тогтвортой нөхцлийг бүрдүүлж чадсан учраас тодорхой, тогтвортой орлоготой өрхийг моргэйжийн хөтөлбөрт хамруулж, бага хүүтэй ипотекийн зээл олгох нь зөв бодлого. Тэд байрныхаа моргэйжийг 20 жилийн дотор цалин, орлогоороо төлнө. Энэ бол зах зээлийн эдийн засагт байдаг сайн жишиг. Ийм хүмүүсийн тоо олшрох тусам эдийн засаг хөгжинө. Гэхдээ орлого олж чадахгүй, бүтээмж байхгүй хүмүүс зүгээр сууж байгаад л моргэйж авчих юм шиг төсөөлж болохгүй. Өрхийн орлого нь моргэйж авахад хүрэлцэхүйц байх наад захын шаардлага тавигдана. Ямар ч гэсэн энэ зундаа багтаж энэ хөтөлбөр хэрэгжинэ. Цаашид тогтвортой хэрэгжсээр байх болно.

-Хөрөнгийн эх үүсвэр нь хаанаас гарахаар төлөвлөгдөж байна вэ. Нийгмийн даатгалын сан байх юм уу?

-Одоогоор журам боловсруулагдаж байна. Журам батлагдсаны дараа бүх юм тодорхой болно. Тэр үед Монголбанк олон нийтэд маш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Энэ бол халамжийн хөтөлбөр биш. 7-9 хувийн хүүтэй гэдэг чинь үндсэндээ инфляцийн зорилттой уясан моргэйжийн хүү юм. Инфляци буурах тусам моргэйжийн зээлийн хүү хямдарна.  Гэхдээ моргэйжийн зээлийн санхүүжилт гаргахаас өмнө эхлээд орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага байна. Иймд бид орон сууцны барилгын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж, 410 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад гэрээний үндсэн дээр байршуулаад байгаа. Энэ мөнгө нь дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдэд, барилгын материалын импортлогчдод, орон сууцны барилга барих компаниудад зээлийн дэмжлэг болж очиж байна. Засгийн газар компаниудтай, компаниуд банкуудтай, банк Монголбанктай гэрээ байгуулдаг зарчмаар уг хөтөлбөр хэрэгжиж байна. Ингэж орон сууцны нийлүүлэлтийг нэмснээр орон сууцны барилгын тоо олон болно. Хүртээмж ч нэмэгдэнэ. Моргэйжийн зээл гаргах бодит боломж нийлүүлэлт талаасаа бүрдэнэ.

-Монголын эдийн засгийн өсөлт саараад байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт буурснаас болов уу, эсвэл улс төрийн байдалтай холбоотой юм уу?

-Мэдээж, гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой. Хоёрдугаарт, дэлхийн эдийн засаг өөрөө хүнд байдалтай байсан. Гэхдээ энэ оны хоёрдугаар хагасаас нөхцөл байдал арай дээрдэх болов уу гэж харж байгаа.

-Оны эцэс гэхэд Монголын эдийн засаг хэдэн хувь хүртэл өсөх бол оо?

-Хоёр оронтой тоонд гарвал сайн л байна. Эдийн засгийн бодит өсөлт саарч байгааг тогтворжуулж, улмаар эдийн засгийг сэргээх нь чухал байна. Үүний тулд Монголд орж ирэх валютын урсгал, хөрөнгө оруулалтууд нэмэгдэх хэрэгтэй байна л даа. Хэдийгээр яг одоогоор эдийн засгийн өсөлт маань удааширсан харагдаж байгаа ч, дунд хугацаанд Монголын эдийн засагт тогтвортой, өндөр өсөлттэй байна гэдэгт бүрэн итгэдэг.

Болгоомжтой хандах зүйлс бас бий

-Төвбанкны хараат бус байдлын талаар асуумаар байна. Энэ байдал хэр хангагдаж чадсан бэ?

-Төвбанк бол Улсын их хуралд ажлаа тайлагнадаг, Засгийн газрын  харьяа байгууллага биш, харин хараат бус, бие даасан байгууллага юм. Монголбанкны ажилтнууд нам бус, өндөр боловсролтой, цэвэр мэргэжлийн хүмүүс байдаг. Энэ утгаараа эрх зүйн талаас нь хараат бус байдал хангагддаг. Мэдээж мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Монголбанк Засгийн газартай бодлогоо уялдуулж, хамтарч ажиллах нь зайлшгүй чухал. Бодлого тэгж уялдуулж байж л нийт эдийн засагт эерэг нөлөө авчирна. Бид тэгэхээр хараат бус, бие даасан зарчмаар ажиллаж байгаа.

-Өнгөрсөн хэдэн жилд Төвбанк мөнгөний бодлогоо хэрэгжүүлдэг, төсвөөс их хэмжээний хөрөнгө оруулалтууд, бэлэн мөнгөний амлалтуудаа санхүүжүүлдэг байлаа. Ингээд дунд нь инфляц өсдөг тал ажиглагдаад байсан. Энэ онд бэлэн мөнгө тараах нь цэгцэрсэн ч ерөнхийд нь авч үзвэл засагдаж чадав уу?

-Төрөөс бэлэн мөнгө тараагаад байвал инфляц өндөр байх, төгрөгийн ханш сулрах үр дагаврыг л бий болгоно.  Харин одоогийн төсвийн нөхцөл байдал нь инфляцийг нэмэгдүүлэхээр нөлөөтэй харагдахгүй байна. Улсын төсвөөс иргэдэд бэлэн мөнгө тараахгүй байна, халамжийн зардал гэдэг зүйл үндсэндээ ариллаа. Халамж илүү хэрэгтэй хүндээ, нийгмийн эмзэг хэсэгтээ очдог болсон. Улсын хөрөнгө оруулалтыг томоохон бүтээн байгуулалт хийх, үйлдвэржилтийг дэмжихэд чиглүүлж байгаа нь сайн хэрэг. 

-Санхүүгийн системийнхнийг хүлээлтэд оруулж буй нэг хууль нь Үнэт цаасны тухай хууль. Та ч бас эдийн засагчийнхаа хувьд энэ хуулийг хүлээж байгаа биз дээ?

-Энэ бол маш чухал хууль. Монголын нийт санхүүгийн системийг шинэчлэх, шинэ шатанд гаргахад энэ хууль том түлхэц өгнө. Тийм болохоор энэ хууль аль болох хурдан хугацаанд батлагдаасай гэж хүсч байна.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэр өгөөжтэй явагдаж байна вэ?

-Энэ хөтөлбөр өгөөжөө өгч байгаа. Махны үнэ бага зэргийн өсөлттэй байгаа л даа. Гэхдээ өнгөрсөн оных шиг 30-40 хувиар өсөхгүй байгаа шүү дээ. Хэрэв ийм хөтөлбөргүй байсан бол махны үнэ энэ онд ахиад л 40 хувиар өсөх байсан. Шатахууны үнэ ч гэсэн тогтвортой байгаа биз дээ. Хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол шатахууны үнэ литр тутамд хэдийнээ 2000 төгрөг давчихсан л байх байсан. Энэ бол үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн. Эндээс хожиж байгаа хүмүүс нь манай иргэд. Ингэхээр иргэдийн нуруун дээрх санхүүгийн дарамт нь багасч байгаа хэрэг юм. Хэрвээ энэ хөтөлбөр хэрэгжээгүй бол гол нэрийн бараа бүтээгдэхүүний  үнэ огцом өсөөд, инфляц 20 хувиас ч давчихсан л байх байсан байх. Мэдээж бид шинэ бодлого хийж байгаа болохоор болгоомжтой хандах зүйлс бас бий. Энэ бүхнийг бид тогтмол хянаж, засах шинэчлэх зүйл байвал засч залруулаад л явна. Энэ хөтөлбөр маань дунд хугацаанд хэрэгжих учраас бид хэрэгжилтэнд нь тогтмол үнэлгээ хийж, үр дүнг нь байнга сайжруулж ажиллана.

Ж.ЦОГЗОЛМАА  
Эх сурвалж:”ЗУУНЫ МЭДЭЭ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж