
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын томоохон компаниуд офшороор дамжуулж асар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийж байхыг үгүйсгэхгүй байна. Офшороор дамжуулж хэдий хэмжээний мөнгөн гүйлгээ хийж байгааг хянах, тооцох ч арга алга. Гэхдээ ОХУ зэрэг орнууд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд татвар авдаг болоод байгаа. Үүнийг нь хэрэглэж болох уу. Хоёрт, цөмийн хог хаягдлыг булшлах чиглэлээр үндэстэн дамнасан том том хэргүүд гарах болсон. Энэ нь цаанаа мөнгөний сонирхолтой холбогддог. Үүнийг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулж авч үзэж байгаа юу, аль эсвэл өөр төрлийн гэмт хэрэгт хамааруулж байгаа юу гэдэгт хариулт өгөхийг хүсэв.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Офшороор дамжуулж их хэмжээний мөнгө оруулах, гаргах гэмт хэргийн чанартай үйлдлүүд улс дамнан далайцтай хийгддэг болсон. Улс орон бүр үүнтэй тэмцэх зорилгоор өөр, өөрийн орны нөхцөлд тохирсон хуулийг санаачилж батлан хэрэгжүүлж байгаа. Тэр хүрээнд ОХУ татвар ногдуулж байх хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Бидний хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор эхний ээлжинд бусад орнуудын туршлагыг судалж байна. Хоёр дахь асуудлын тухайд экологитой холбоотой гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдалд холбогдох хэргийг Мөрдөх алба шалгадаг болох бүтцийг шинээр бий болгохоор төлөвлөсөн. Шинэ төрлийн гэмт хэрэг учраас одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн байлаа гэхэд ял зүйчлэх зэрэг боломж хязгаарлагдмал учраас шинээр боловсон хүчнээ бэлтгэх, хууль эрх зүйн орчноо шинэчлэх зэрэг цогц ажлуудыг бүхлээр нь хийх шаардлага үүсч байгаа. Энэ бүхнийг хуулийн шинэчлэлийн хүрээнд багтааж оруулж өгсөн” гэдэг тайлбар өглөө. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.