
Аймгийн хэмжээнд 5611 тонн үр шаардлагатай. Түүнээс 3881 тонныг нь аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө нөөцлөн хадгалж өвөлжөөд одоо нарлуулах, цэвэрлэх, ариутгах зэргээр бэлтгэж эхэлжээ. Харин нийт дүнгээр 1730 тонн үр дутагдалтай байгаа бөгөөд үрийн захиалгыг сумдаас авч, тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас авахаар болсон аж. Аж ахуйн нэгжүүд авсан үрийнхээ 30 хувийн үнийг урьдчилгаа болгон өгч, үлдсэнийг намар тушаах ургацаасаа суутган тооцуулахаар шийдвэрлэжээ. Аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэс 18 аж ахуйн нэгжийн 6 сортын 1810 тонн үрийн дээжид шинжилгээ хийснээс 60 гаруй хувь нь стандарт шаардлагыг хангасан байна. Аймгийн хэмжээнд зонхилон “Сэлэнгэ” сортын үрийг нутагшуулан тариалах чиглэл баримтлан ажиллаж байгаа гэнэ.
Энэ жил Булган аймгийн хэмжээнд аж ахуйн 91 нэгж, 70 орчим иргэн үр тариа тариална. Нэлээд сумын нутагт өвөл, хавартаа цас ахиу орсон, хуурай халуун салхи бага байгаа тул хөрс чамлахааргүй чийгтэй байгаа гэж үзэж байгаа гэнэ. Одоогоор Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Бугат, Хангал зэрэг сумын зарим аж ахуйн нэгж чийг хаах борнойдолт хийгээд байна.