Иргэдийг шинэ махаар дайлна

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Иргэдийг шинэ махаар дайлна

П.Дамдиндорж: Нийслэлийн иргэдийг цоо шинэ махаар дайлах ажил маань амжилттай эхэлж байна

"Ажигана Мах Импекс” компанийн ерөнхий технологич П.Дамдиндоржийг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урьж ярилцлаа.

-Технологич болох гараа­гаа хэрхэн эхлэв. Тэр үеийн дурсамж руугаа нэг өнгийгөөч. Сонирхолтой байх болов уу?

-Уг нь миний эзэмшсэн мэргэжил зоо инженер. 1985 онд Кубад хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн. Тэр үед манай улс хөдөө аж ахуй, тэр дундаа шувууны чиглэлээр хүн мэргэшүүлье гээд явуулж байлаа. Оюутан солилцооны шугамаар сурч байсан юм, тухайн үед. Тэгээд сургуулиа 1985 онд төгсч ирээд тэр үеийн ХААЯ-ны томилолтоор Шувуун фабрикт очиж байлаа. Тэр үед Шувуун фабрик гэдэг байсан цорын ганц үйлдвэржсэн аж ахуй Монголд байсан. Гэхдээ зөвхөн өндөг үйлдвэрлэдэг.

Тэнд очоод хамгийн бага нэгжээс нь ажлын гараагаа эхэлсэн дээ. Эхлээд тэжээлийн лабораторид нь ороод, дараа нь эх сүргийн бригадын дарга болсон. Түүний дараа 1987 онд ерөнхий технологич нь болсон. Иймэрхүү замаар тахиа шувууны чиглэлээр ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл шувуутай л зууралдаж явна.

-Кубад сургуульд сурахад тахиа шувуутай холбоотой нарийн зүйлсийг бүгдийг нь заана биз?

-Тэнд бол зоо инженер гэж төгс­гөдөг  нь инженерийн талын мэдлэгтэй болгох зорилготой байсан байх. Би төгсөх жилээ дипломын ажлаа махны чиглэлийн шувуугаар бичсэн юм. Сэдэв нь “Махны шувууны амьдын жинд тэжээлийн хөрөнгөний гүйцэтгэх үүрэг” гэж байсан. Үндсэндээ төгсөх жилээ шувууны аж ахуй дээр дадлага хийж, дипломын ажлаа хийгээд л шувууны чиглэлээр мэргэших үүд хаалга нээгдсэн. Тэгээд эх орондоо ирээд Шувуун фабрикт ажилласан гэж дээр хэлсэн. Шувуун фабрик чинь тэртээ 1960-аад оны үед байгуулагдаж байсан юм. 1960 онд Сайд нарын зөвлөлийн тогтоол гэж гараад, шувууны аж ахуй байгуулахаар болсон.

Ингээд гахай, шувууны аж ахуйн байрлалыг хүртэл шийдэж эхэлсэн байгаа юм. Хотоос 30, 40 км зайтай байх ёстой. Салхиныхаа доор байх ёстой гэж үзээд Шувуун фабрикийг Бөхөгийн хөндийд анх байгуулж байсан юм билээ. Шувуун фабрикийг анх хятадууд барьсан юм. Тухайн үедээ иж бүрдлээр нь барьж байсан. Иж бүрдэл гэдэг нь эх сүрэгтэйгээ гэсэн үг. 3000 эх сүрэгтэйгээр 30 мянган тахианы аж ахуй байгуулж байж. Сүүлдээ 1970 оны үеэс Шувуун фабрикийг өргөтгөхгүй бол болохгүй болсон. Хүн амын тоо өссөн учир хэрэглэгчид ихэснэ биз дээ. Тиймээс 100 мянган өндөглөгчтэй болгоё гээд ЗХУ-ын инженерүүд зураг төслийг гаргаж, өргөтгөл хийсэн. Тэгээд л 100 мянган өндөглөгчтэй болсон доо.

-Таныг ажиллаж байх үеэр өргөтгөл хийсэн гэж байсан. Тэр хэд дэх өргөтгөл нь вэ?

-Би 1985 онд очсон гэж хэлсэн дээ. Намайг очихоос өмнө эхний өргөтгөлөө хийчихсэн байсан. Харин намайг ажил­лаж байх үед хоёр дахь өргөтгөлөө хийсэн юм. Тэгээд 200 мянган өндөглөгчтэй болгоно гээд нэг хашаан дотор байсан инкубатор, эх сүрэг, тэжээлийн байр гэх мэтээр бүгдийг нь салгаад, орчин үеийн стандартад оруулсан. Нэгж болгон нэгнээсээ 300-500 метр зайтай болгоод, эхнээс нь байруудаа бариад явж байтал социализмын нас хүрэлгүй зогсчихсон юм. Уг нь социализмын сүүл үед шувууны аж ахуйг хөгжүүлэхийн тулд эрчимтэй арга хэмжээ авч,  аймаг болгонд 6000 өндөглөгчийн байртай, инкубатортай шувууны аж ахуйг барьж байсан юм.

Тухайн үед 18 аймагтай байсан. Үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжсэнээр бүгд балгас болоод Шувуун фабрик л ганцаараа үлдсэн юм. Хэдий зах зээлийн хүнд үе байсан ч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан.

-Та дипломын ажлаа махны чиглэлийн тахианы амьдын жинд тэжээлийн хөрөнгөний гүйцэтгэх үүрэг гэсэн сэдвээр хамгаалсан гэсэн. Тэр үед махны чиглэлийн тахианы асуудлыг гаргаад тавьчихсан байсан уу. Эсвэл таных анхдагч байв уу?

-Манай улсад зөвхөн өндөгний чиглэлийн тахиаг үржүүлж, өсгөж байсан. Махны чиглэлийн тахиа өсгөж, үржүүлж байсан аж ахуй огт байгаагүй. Харин би сургуулиа төгсч ирсэнээс хойш өндөг гараад байдаг, махны чиглэлийн тахиа гэж байна. Зөвхөн маханд зориулсан, хурдан хугацаанд амьдын жин хурдан өсдөг юм байна гэдгийг судалж эхэлсэн. Бидний өндөглөгч гээд байгаа чинь махны чиглэлийн тахиа биш шүү дээ. Яах вэ дээ, амьд амьтан юм болохоор мах гарч л таарна. Түүнийгээ манайхан тахианы мах үйлдвэрлэж байна гэж тухайн үедээ ярьж байсан. Тэр чинь зөвхөн тахианы мах шүү дээ. Махны чиглэлийн тахиа гэдэг чинь огт өөр. Өөр ойлголт.  Харин манайхан тэр үедээ нарийн сайн ялгалгүй, мах үйлдвэрлэж байгаа мэтээр яриад байсан.

Ер нь Шувуун фабрикийн оргил үйлдвэрлэл нь 1990 онд болж байсан. Тэр үед 36 сая ширхэг өндөг нэг жилд үйлдвэрлэсэн. Мөн 270 тонн мах гаргаж улсад тушааж байлаа. Тэр нь өнөөх өндөглөгчийн мах шүү дээ. Хүмүүс өндөглөгчийн махыг янз бүрээр л ярьдаг. Резинин, тамирчин тахиа энэ тэр гээд л. Яах вэ, жаахан хатуу л даа мах нь. Тэгээд л янз бүрээр хэлдэг байж.

-Махны чиглэлийнх биш учраас тэгдэг байж?

-Яг тийм. Зүгээр л хоёрдогч бүтээгдэхүүн шүү дээ. Махны чиглэлийн тахианы мах нь шинээрээ бол гойд зөөлөн. Мөн амт маш сайн.

-Таныг Кубад сургуулиа төгсөөд, дипломоо бичиж байхад гадаад орнуудад махны тахиа өсгөж, үржүүлдэг аж ахуйнууд олон байсан биз дээ?

-Манайд бол өндөглөгчийн аж ахуй  л 50 гаруй жил болж байна шүү дээ. Харин махны чиглэлийн аж ахуй огт байхгүй байж байгаад одоо Ажигана Мах Импекс компани махны чиглэлийн тахиа авчирч өсгөж бойжуулж нутагшуулж эхлэж байна. Харин намайг Кубад суралцаж байхад махны чиглэлийн шувууны аж ахуй хөгжиж байсан.

Маш олон төрлийн судалгаанууд явагдаад, тэжээл дээр ямар бүтээгдэхүүнийг ямар хэмжээтэй холих вэ гэдгийг судалж, аж ахуй нь хөгжөөд явж байсан үе. Тиймээс л би тэр дундаас өөрийнхөө сэдвийг сонгоод, судалгаагаа хийгээд, дипломоо бичиж байлаа. Харин төгсөөд Монголд ирэхэд махны чиглэлийн тахиа гэдэг сураггүй байсан гэдгийг би түрүүнд хэлсэн. Зөвхөн мөрөөдөл төдий байлаа. Ямар ч байсан би тэнд суралцаад, мэдлэгтэй болж ирсэн л байхгүй юу. Тиймээс өөрийнхөө мэдлэг, боловсролын хүрээнд дорвитой ажил хийхийг бодож, мөрөөдөж явсан.

-Тэгээд хэзээнээс эхэлж мөрөөдлөө хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн юм бэ?

-Ерөнхийдөө махны чиглэлийн шувууг Монголд авчирч өсгөж, үржүүлж болох юм уу гэдгийг турших ажлыг тухайн үеийн “Шувуун фабрик” дээр эхлүүлсэн. Бүх асуудал бодлогоор явна шүү дээ. Хөдөө аж ахуйн яамнаас бодлогыг нь гаргана. Тэгээд л махны чиглэлийн тахиаг оруулж ирэх асуудлаар судалгаа хийж эхэлсэн. Ерөөс яамнаас “Шувуун фабрик”-т махны чиглэлийн тахиа өсгөж, үржүүлэх боломжтойг судлаад ажил хэрэг болго гэсэн чиглэл өгчихсөн байсан. Тэгээд л бид хойд хөршөөс махны чиглэлийн шувуу авчирсан. Гэтэл махны чиглэлийн тахиа өндөглөгч тахиа хоёр нэг дор байж болдоггүй.

Ариун цэвэр, өвчлөлийн хувиасаа шалтгаалаад тэгдэг хэрэг. Тэгээд л тэжээлийн бааз болчихоор үндэс суурьтай газар хаана байна гэж судалж байгаад Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд тахианы фермээ байгуулсан. Улмаар 2000 дэгдээхий оруулж ирээд, тэжээгээд, тодорхой амьдын жинд хүргээд нядлаад явуулсан. Түүний үндсэн зорилго нь юу байсан бэ гэхээр ямархуу үнээр гарах юм, эдийн засгийнх нь үр дүн ямар байх вэ гэдгийг судалсан хэрэг.

-Тэгээд ямар үр дүн гарсан бэ?

-Мэдээж үр дүн гарсан шүү. Ерөнхийдөө өндөглөгчийг 510 хоног тэжээж, малладаг бол махны чиглэлийн тахиаг түүнээс хамаагүй бага хугацаанд маллана. Тухайн үедээ тэр тахиануудыг 80 хоног тэжээж байсан юм. Ер нь урт хугацаа байсан гэхэд болно. Тэгээд  ямар ч байсан махны чиглэлийн тахиа тэжээгээд, мах нь гараад ирэв. Түүний дараа эдийн засагчид тооцно биз дээ. Амьдын жиндээ хүрсэн үү хүрсэн. Хорогдлын хэмжээ хэвийн байсан уу байсан.

Тэгээд л эдийн засагчид тооцоод, нэг килограмм махны өөрийн өртгийг тооцолоход тухайн үеийн хонины нэгдүгээр махны үнэтэй адилхан гарч ирдэг байгаа. Тэр үед хонины нэгдүгээр мах долоон төгрөг 50 мөнгө байсан. Манайд махны тахиаг авчраад өсгөж болох юм, материаллаг бааз нь ч байгаа хэдий ч хэрэглэгч байхгүй юм байна. Хонины мах долоон төгрөг 50 мөнгө байхад ижил үнээр хүмүүс тахианы мах авахгүй гэсэн. Тухайн үед тахианы махны хэрэглээ их бага байлаа шүү дээ. Хүмүүс тахианы мах л гэж мэдэхээс биш махны чиглэлийн тахианы мах гэж мэдэхгүй байсан. Тэгээд л өндөгний чиглэлийн тахианы аж ахуйгаа өртгөтгөөд л ажиллахгүй юу. Тэгэх явцад зах зээл залгаад, хоёрдугаар өргөтгөл нь зогссон. Гэхдээ “Шувуун фабик”-т 2002 онд Чехийн хөрөнгө оруулалтаар шинэчлэл хийсэн. Тэр үед өндөглөгчийн тоног төхөөрөмжийг нь сольсон.

Орчин үеийн тоног төхөөрөмж тавьж, Европын стандартад тохирсон болгосон. Бид бас хажуугаар нь махны чиглэлийн тахианы цөөн хэдэн дэгдээхий оруулж ирээд, багахан хэмжээний мах үйлдвэрлээд гаргаж байсан. Тэр үед чинь хэрэглэгч бий болчихсон байлаа шүү дээ. Солонгосын “BBQ Chicken” гэдэг чинь манайд дөнгөж орж ирээд байсан үе. Ингээд эхлэхээр нь махны чиглэлийн тахианы аж ахуй  хэрэгтэй юм байна гээд хөрөнгө оруулагчтайгаа ярьж байгаад махны чиглэлийн шувуу задгайгаар бойжуулахаар болсон.

-Задгайгаар гэдэг нь ямар учиртай байх уу?

-Махны чиглэлийн шувуунаас гардаг гол мах нь цээжиндээ байдаг юм. Ер нь тахиа чинь цээжиндээ мах ихтэй амьтан шүү дээ. Манайхан болохоор гуя нь их махтай гэж бодоод байдаг байхгүй юу. Өөрсдийнхөө иддэг малын махтай адил төсөөлдөг хэрэг.

Тахиа бол цээжиндээ их махтай байдаг. Тиймээс торонд маллахаар тахиа торны завсраар гарч ирж тэжээлээ идэхдээ үрсээр байгаад цээжний мах нь чанараа алддаг. Тийм учраас задгай газар бойжуулсан юм. Тэгээд хоёр гурван удаа махны чиглэлийн тахиа өсгөхөөр туршиж үзсэн. Тэр үед Хятадаас өндөгийг нь оруулж ирээд, инкубаторт дарж дэгдээхий болгож өсгөж байсан. Мөн ОХУ-аас үр тогтсон өндөгийг нь оруулж ирээд, инкубаторт дарж, дэгдээхий болгоод, бордож маллаж байлаа. Энэ мэт оролдлогыг 2-3 удаа хийж байсан хэрэг.

-Тэр үед та Орос, Хятадаас өндөг оруулж ирээд туршиж байсан гэж байна. Хойд, урд хөршийнх гэдгээрээ ялгаатай юу?

-Тодорхой хэмжээнд ялгаа байна аа, байна. Манайд үржлийн ажил гэж хийгдэхгүй. Өндөгний чиглэлийн аж ахуй дээр ч гэсэн эх сүрэг гэж байхгүй байгаа. Түрүүнд “Шувуун фабрик”-т эх сүрэг байсан ярьсан. Тэр чинь 1990 оныг хүртэл байсан л зүйл. Харин 1990 оноос хойш зах зээлд шилжихээр байхгүй болсон. Ер нь эх сүрэг гэдэг маш их зардал шаарддаг. Эх сүргээс гарсан өндөг болгоныг амьтан болгох ёстой байхгүй юу.  Тэгэхээр эх сүргээ байнга тэжээхийн сацуу өндөглөгчөө тэжээнэ. Тийм их зардлыг дийлэх аж ахуй нэгж байхгүй байсан. Тиймээс зөвхөн өндөг авч ирж инкубаторт дарах эсвэл амьд дэгдээхий авчирч таваарын сүргээ л сэлбэдэг болсон. Харин махны чиглэлийн тахианы хувьд эх сүрэг гэж огт байхгүй байсан. Нэг дэгдээхий гаргаж аваад, түүнийгээ мах болгох гээд маш их зардалтай байсан учир дийлэх аж ахуй нэгж байхгүй. Тиймээс шууд өндөг авчраад, дэгдээхий болгох ажил хийж байсан хэрэг. Махны чиглэлийн тахиа чинь ердөө 40-өөд хоногийн дотор 35 граммаас 2.7 кг болтлоо томордог.

Маш богино хугацаанд мах үйлдвэрлэж гаргах гэж оролдсон боловч эдийн засгаасаа болоод чадахгүй байсан юм. Харин одоо бид энэ үйлдвэрийг цогцоор нь байгууллаа. Цогц гэхээр үр тогтсон өндөгөө оруулж ирээд, инкубаторт бойжуулаад, дэгдээхий болгоод, тодорхой хугацааны дараа мах үйлдвэрлэнэ. Мөн тэжээлийнх нь үйлдвэрийг хамт хийх юм.

-Одоо гэж байгаа чинь “Ажигана Мах Импекс” компанийн тухай ярьж байгаа биз дээ?

-Тийм. Манай улсад цогц үйлдвэр гэж огт байгаагүй. Бид түүнийг нь хийх гээд байна. Инкубатор, шувууны байр, нядалгааны байр, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулах гээд үр тогтсон өндгөө дараад, гаргаж ирээд бойжуулаад, дараа нь нядлах гээд үйлдвэрийн цогц шийдэл бэлэн болсон. Түүний дараа бүтээгдэхүүнээ бүх стандартын дагуу бэлтгээд, хэрэглэгчдэд шинэ мах барих гэж байна. Одоогоор Монгол Улсад орж ирж байгаа тахианий махыг бүгдийг хөлдүүгээр нь оруулж ирдэг. Хөргөсөн, загсаасан мах ч байхгүй. Ерөөсөө л хөлдүү мах оруулж ирээд зараад байгаа юм. Уг нь хөлдүү махыг тэд хоног хадгалах ёстой гэсэн нэг стандарт байгаа. Гэхдээ өнөөдөр янз бүрийн аргаар, хэчнээн ч хугацаанд хадгалж болж байна шүү дээ.

Бүр нэг жишээ байгаа. Орост саяхан тахианы махны насжилтыг шалгасан чинь 36 жил хөлдүү байсан гэсэн. АНУ-аас нийлүүлсэн тахианы мах гэж байгаа. Бүхэл бүтэн 36 жилийн турш хөлдүү байсан мах гэсэн үг шүү дээ. Юун шинэ мах. Манайд өнөөдөр өндөгний чиглэлийн тахиа үржүүлдэг цөөн хэдэн аж ахуй нэгж байгаа болохоос махны чиглэлийн тахиа өсгөдөг нэг ч  компани байгаагүй.

-Одоо энэ том орон зайг танай компани бага ч болов бөглөх юм байна, тийм үү?

-Монголд хамгийн анх цогц  үйлдвэржсэн аргаар махны тахианы мах үйлдвэрлэх гэж байна.  Тэгэхдээ махыг шинээр нь хэрэглэгчдэд хүргэнэ. Шинэ гэдэг чинь нойтон, загсаасан мах гэсэн үг. Ийм махаар хэрэглэгчдийг хангахын тулд энэ үйлдвэрийг барьж байгаа юм. Оруулж ирж байгаа технологи нь дэвшилтэт, Европт ашигладаг. Бидний ашиглах гэж байгаа үүлдэр бол “Росс 308” гэдэг Европ болон дэлхий дахинд ашигладаг үүлдэр юм. Тэгээд бүх технологийнх нь горимыг мөрдөөд ажиллана. Цаанаасаа бүх горимоо нэг бүрчлэн заасан зааварчилгаа өгдөг. Өндгөө хэдэн градуст тээвэрлэх үү гээд нарийн зүйл байна.

Тээвэрлэлтийн горим гэж байдаг юм. Тэр дагуу үзвэл тээвэрлэлтийн хугацаанд 17 градус орчим дулаан байх ёстой. Бид одоогоор Голландаас өндөг авсан байгаа. Түүнийгээ нааш  нь онгоцоор зөөдөг. Яагаад 17 хэмд зөөдөг вэ гэхээр 24 градуст өндөгний үр хөврөл өсч эхэлдэг юм. Тиймээс тээвэрлэж авчраад инкубаторт хийж, үр хөврөлөө өсгөдөг. Улмаар 21 хоногийн дотор үр хөврөл дэгдээхий болоод гараад ирдэг. Бид одоогийн байдлаар эхний дэгдээхийгээ гаргаад авчихсан байгаа. Амьтан болгох эхний үе шат амжилтттай хэрэгжээд явж байна.

-Ер нь бол ажил маш амжилттай хэрэгжиж эхэлж байгаа юм байна?

-Ажил эхнээсээ амжилттай явж байна.

-Тэгвэл нийслэлийн иргэд зургадугаар сарын дундуур цоо шинэ мах иднэ гэж ойлгож болох нь ээ?

-“Ажигана Мах Импекс” компанийн үйлдвэрлэсэн цоо шинэ тахианы махыг худалдаж авах боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь шинэ мах. Шинэ бүтээгдэхүүн маань зургадугаар сарын дундуур бэлэн болно.

-Үйлдвэрлэл жигд явагдана биз дээ?

-Мэдээж тэгнэ. Одоогоор бид хоёр байр ашиглаад явж байна. Цаашид дөрөв болгох болно. Цаашлаад бүтэн жилийн турш жигд үйлдвэрлэлтэйгээ явна. Бидний хэтийн  төлөвлөгөө бол энэ үйлдвэрт жилд  сая орчим өндөг дараад, 900 мянгаас илүү тахиа өсгөх юм.

-Хэрвээ сая өндөг дарна гэвэл нийслэлийн иргэдийн тахианы махны хэрэглээний хэд орчим хувийг хангах бол?

-Хэрвээ тэр хэмжээнд хүрчихвэл нийслэлийн иргэдийн тахианы махны хэрэглээний ихэнх хувийг л хангах байх. Сүүлийн үед манайхан гахай, шувууны мах маш их хэрэглэж байна. Ялангуяа залуучууд хонины махнаас татгалздаг болчихож. Учир нь өөх ихтэй, ахуйн бохирдлоос болж байгаа байх. Энэ мэт шалтгаанаар хонины махны хэрэглээ багасаад эхлэхээр тэр орон зайг нь гахай, шувууны мах нөхнө. Шувуу дотроо махны чиглэлийн тахианы мах л нөхөх учиртай.

-Махны чиглэлийн тахиа­ны мах хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй биз дээ. Тэжээлээсээ шалтгаалаад хүнийг таргалуулдаг байдал гадаадад гардаг гэсэн?

-Энэ асуудлыг үүлдэр талаас нь ярьж, ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, нутгийн шувуу гэж ярьдаг. Айлын хашаанд гүйгээд явж байдаг тахиа. Тэр тахиа чинь малтайгаа адилхан болчихсон байдаг. Төллөх чадвараар нь ярьж байна шүү, би. Хавар бүх мал төллөдөг дөө. Түүн шиг нутгийн тахиа дөрөвдүгээр сараас эхэлж өндөглөөд аравдугаар сар гэхэд больчихдог. Тэр хугацаанд 90-120 ширхэг өндөг л гаргадаг.

Гэтэл үйлдвэржсэн аргаар ашиглаад байгаа тахианууд огт өөр. Манайд ашиглаж байгаа өндөглөгч тахиа бол Hisex гэдэг үүлдэрийнх. Цэвэр үүлдэр нь Голландад байдаг юм. Энэ тахианаас цагаан өндөг гардаг. Жилдээ 330 өндөг гаргадаг. Эрчимжсэн аж ахуй гэдэг ийм өндөр ач холбогдолтой. Энэ чинь ердөө л үүлдэртэй холбоотой. Түүнээс биш тэжээл энэ тэрээсээ шалтгаалаад олон өндөг гаргаад байгаа юм биш. Түүнтэй адил махны чиглэлийн тахиа ч ялгаагүй. Бид өмнө махны чиглэлийн тахиаг 80 хоног бордож байсан. Тэгээд 1.2-1.8 кг болгодог байсан юм. Гэтэл “Росс” гэдэг үүлдэрийн шувуу 40-өөдхөн хоногт 2.7 кг болдог. Үүлдрийн хувьд сайжирсан гэсэн үг. Түүнээс биш тэжээлд нь элдэв төрлийн гормон холиод, түүнээсээ шалтгаалж маш хурдан өсөөд, эргээд хүний биед сөргөөр нөлөөлнө гэж байхгүй. Ерөөсөө л маш хурдан өсдөг тусгай үүлдэрийн шувуу.

-Сүүлчийн үгийг танд үлдээе.

-“Ажигана Мах Импекс” ХХК Монголдоо өсгөсөн, шив шинэхэн тахианы махыг зах зээлд нийлүүлэх гэж байна. Үндэсний үйлдвэрлэгчийнхээ шинэхэн бүтээгдэхүүнээр ойр дотныхоо хүмүүсээ дайлахыг хүсье.

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж