
Булган аймгийн төвийн иргэд энэ хавар махны үнийн хөөрөгдөлгүйгээр хэрэглээгээ хангаж байна. Учир нь, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хаврын улиралд зохиомлоор хомсдол бий болгон үнийн хөөргөдөл гаргахаас сэргийлж зарим арга хэмжээ авсны үр дүн юм. Өнгөрсөн оны сүүлчээр аймгийн Засаг даргын 438 дугаар захирамжаар томилсон ажлын хэсэг төв суурин газрын иргэдийн хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нөөцлөх аж ахуйн нэгжээр “Ажнай цэгц” компанийг сонгож гэрээ байгуулан хяналт тавьж ажилласан байна. Ингэснээр аймгийн төвийн айл өрх, иргэдийн хэрэгцээнд зориулсан 70 тонн мах нөөцлөн хадгалжээ. Мөн оны сүүлчээр болсон аймгийн ИТХ-ын VIII хуралдаанаас гаргасан тогтоолоор махны хомсдол гаргалгүй үнийг тогтвортой барих зорилгоор төсөвт 50 сая төгрөг тусгаж өгчээ.
Нөөцийнхөө махнаас өдөр тутамд 150 кг-ыг худалдааны дөрвөн цэгээр борлуулж эхлээд байна. Нэг кг үхрийн махыг 3400 төгрөг, хонины мах 3100 төгрөгөөр иргэдэд зарж байгаа нь захын ханшнаас 15-20 хувь хямд байгаа аж.
Ж.Мөнх-Очир