Банк намайг “дээрэмдэж” байна

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Банк намайг “дээрэмдэж” байна

Банкнаас зээл авахын тулд шимтгэл, хураамж төлөх, мөнгөн дүнгийн их, багаас үл хамаарах баримт сэлт бүрдүүлэх гээд хөлөө хүрэх хэд хэдэн газрын үүд сахих хэрэг гардаг. Банк бүрийн шаардлага харилцан адилгүй ч гэрлэлтийн баталгаа, оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, ажлын байрны, цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ гээд наанадаж 10-аад “цаас” цуглуулдаг. Дээр нь очер дугаар, зээлийн хурлын шийдвэр гээд зээлээ бүтээж, мөнгөө дансандаа хүлээж авах хүртэл багагүй цаг хугацаа зарцуулна. Тэр бичигт баримтын бүрдүүлэлт ч дүүрч. Хаашдаа л зээлээ эргэн төлөх баталгааг зээлдэгч өөрөө гаргаж өгөх ёстой юм хойно. Харин зээлдэгчийг, үйлчлүүлэгчийг, хэрэглэгчийг хохироож буй гол зүйл нь зээлийн шимтгэл гэх суутгал. Энэ талаар ШӨХТГ-т иргэдийн зүгээс гомдол, санал тасардаггүй тул тус газрын улсын байцаагчид арилжааны 14 банкинд нэг сарын хугацаатай шалгалт хийж, нэг бус зөрчил илрүүлжээ. Тухайлбал, иргэд, байгууллагуудад зээл олгохдоо зээлийн мөнгөн дүнгээс нэг хувийн шимтгэл суутгадаг, зээл болон хадгаламжийн үйлчилгээ авахад хүүг хэрхэн тооцож буй тухай бодит мэдээлэл өгдөггүй, шаардлагагүй их баримт материал шаарддаг, картнаас бэлэн мөнгө авбал мөн л шимтгэл нэрийдлээр төлбөр авдаг зэрэг зөрчил илэрчээ. Мөн бүрдүүлэх материал хэт их, зарим төрлийн баримт нь давхардсан, заавал баталгаажуулах шаардлагагүй материал ихтэй байгааг цөөлөх шаардлагатай гэж үзсэн байна. Эдгээрийн дотроос зээл авахад шаардлагатай зарим баримтыг нотариатаар баталгаажуулахыг шаардаж, баталгаажуулсны төлбөрийг иргэд 100 хувь хариуцан төлж байгаа нь шударга бус гэдгийг ШӨХТГ-аас мэдэгдэж байна.

Иймд ШӨХТГ-аас арилжааны банкуудад дээр дурдсан хэд хэдэн зөрчлийг 14 хоногийн дотор арилгах тухай албан шаардлага өчигдөр хүргүүлжээ. Гэхдээ биелэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь банкны салбарт байгаа дээрх зөрчлийг арилгах тухай асуудал нь цоо шинэ зүйл биш юм. Өнгөрсөн хугацаанд ШӨХТГ болон арилжааны банкууд шүүхийн танхимд эсрэгцэн сууж, энэ асуудлаар багагүй маргаан өрнөж байсан. Тухайн үед анхан шатны шүүхээс арилжааны банкууд энэ мэт зөрчлийг арилгах ёстой гэж үзсэн ч давж заалдах шатны шүүхийн шийдвэр арилжааны банкуудын талд гарчээ. Гэвч ШӨХТГ-ын тухайн үеийн удирдлагууд энэ асуудлаар Дээд шүүхэд хандаагүй тул тэгсгээд намжиж.
Харин өдгөө энэ асуудлыг дахин дэлгэж тавьсан ШӨХТГ-ын дарга О.Магнай “Арилжааны банкууд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байж магад. Харин бидэнд мэргэжлийн өмгөөлөгчдийн баг байгаа тул иргэдийн эрх ашгийг хохироосон асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа” гэж мэдэгдэв.

Зээлийн шимтгэл, шаардлагагүй хураамжаас гадна арилжааны банкууд зээлийн хүүгийн төвшинг хэрхэн тогтоож буй, тэр нь зах зээлд хэр бодитой эсэхийг ч шалгаж, нягтлахад гэмгүй биз.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж