
Шинэ Зеландын Ерөнхий сайд Аарон Гилмор албан тушаалаасаа огцорчээ. Гэхдээ шалтгаан нь их инээдтэй. Ойролцоогоор нэг сарын өмнө тэрбээр нэгэн ресторанд хооллож байх үедээ зөөгчийг нь хэл амаар доромжилсон байна. Тухайн үед зөөгч түүнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Гэвч үүнд нь А.Гилмор жигтэйхэн уурлаж, “Чи намайг хэн гэдгийг мэдэх үү” гэж загнасан байгаа юм. Ресторанд сууж байсан олон хүн энэ явдлын гэрч болжээ. Огцрох өргөдлөө өгсний дараа А.Гилмор ард түмэндээ хандан “Би алдаа гаргадаг жирийн хүн. Гэхдээ миний шударга зан дээр тоглолт хийж байгаа нь шударга бус хэрэг юм” гэж ярьсан байна. Иймхэн шалтгаанаар огцрох болсон нь яавч зөв алхам биш гэж үзэж байгаа хэрнээ тэрбээр зөөгчтэй бүдүүлэг харьцсаныхаа төлөө уучлал гуйсан юм. Бас өргөдлөө бичиж өгөхөөс ч татгалзсангүй. Гэвч энэ жишиг манай улсад байдаггүй нь яамай. Эс тэгсэн бол намын нөхөртэйгөө гар зөрүүлсэн гэж яригдаад байгаа УИХ-ын гишүүн бол бүр балрах байлаа. Чуулганы хуралдаан дээр “Та үзэг, цаас гаргаад тэмдэглээд ав” гэж нэгнийгээ өөнтөглөж, “Алив гараад үзчих үү” гэж Төрийн ордны коридорт нөгөөгөө заамдаж авах мэтийн асуудал хориотой болж таарч байна. Нэгийгээ гүтгэсэн гэдгийг нь шүүхээр тогтоож, уучлал гуйхыг шаардаад байхад буруугаа хүлээхгүй зугтаж гүйж болохгүй гэсэн үг. Энэмэтчилэн олон асуудал хориотой болж таарна. Гэхдээ аз болоход манай улс барууны ардчилсан орнуудаас ч илүү эрх чөлөөтэй, хүн бүр хүссэн зүйлээ хийж болдог газар юм. Үүний ачаар ард түмэн үзэх харах, ярих хөөрөх юмтай сууцгааж байна. Ядаж л телевизээ асаангуут нэг нь нөгөөгөө өөнтөглөн бүдүүлгээр доромжилж байгааг харж суухдаа хошин шогийн тоглолтын билет авах гэж мөнгө зарлагgдах хэрэггүй гэдгээ байнга санацгаах юм. Манай улстөрчид бүдүүлэг зан гаргасныхаа төлөө уучлал гуйж, албан тушаалаа өгдөггүй учраас бид азтай ард түмэн.
Т.ЭЛИСА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
