
Эл хөтөлбөрийн гол зорилго нь Монгол хүүхэд бүрийн ур чадварыг хөгжүүлж бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглэж байгаа аж. Хөтөлбөр өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хэрэгжсэнээр нийслэлийн зургаан дүүргийн 14-16 насны 3300 хүүхэд хамрагдана. Үүнд “Найрамдал” зусланд амрах 2000 хүүхдийг хамруулах зорилго тавьсан байна. Энэхүү хөтөлбөртэй холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Эх орон-39” хэлэлцүүлгийг хөтөлбөр санаачлагчдын зүгээс зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хөтөлбөрт хамрагдсан сурагчдаас гадна Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан, нийслэлийн 55 дугаар тусгай дунд сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, мөн төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
“Эх орон-39” хөтөлбөрийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Одонтуяа хөтөлбөрийн зорилгыг “Монгол Улсын үнэт зүйл бол хүүхэд, залуучууд гэр бүл. Улс бүр үнэт зүйлдээ тулгуурлаж хөрөнгө оруулалт хийж бодлого хэрэгжүүлэх ёстой. “Эх орон-36” хүүхэд хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг вакумжсан орчинд тусгай хөтөлбөрөөр дамжуулж мэдлэг олгож өөрийгөө нээх, эх оронч үзэлтэй болгох, хүнлэг энэрэнгүй нийгэм бий болгохыг зорьж байна. Санхүүжилт нь бага учраас эхний ээлжинд нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн дунд сургуулийн сурагчдыг эхнээс нь хамруулж өөрийгөө аваад явах дадал туршлагатай болгосон. Сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн багш нар зааж хүүхэд бүрт 36 төрлийн дадлыг төлөвшүүлж байна. Төсөв нь энэ оны төвшинд 200 сая төгрөгөөр төсөвлөгдсөн. Энэ нь улсын төсвийн 0.001 хувийг эзэлж буй юм. Цаашдаа санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж болох байх. Хүнийхээ хөгжилд хөрөнгө зарж боловсролд нь анхаарч байж улс маань ёс суртахуунтай төлөвшсөн нийгэм болж чадна” хэмээн тодорхойллоо.
Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн 55 дугаар тусгай дунд сургуулийн багш н.Ариунаа уг хөтөлбөрт сурагчдаа хамруулах хүсэлт тавьсан юм. Дээрх сургууль нийт 530 сурагчтайгаас 80 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд бусдын нэгэн адил боловсорч сурахыг эрмэлздэг. Тэр дундаа хүүхэд бүрийг нээж өөрийгөө бусдад ойлгуулах нь чухал байдаг тул хөтөлбөрийг тусгай дунд сургууль руу чиглүүлэх хүсэлт тавьсан юм.