Хэмилтон Шанхайд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Хэмилтон Шанхайд түрүүлэв

“McLaren” багийн нисгэгч Льюис Хэмилтон уралдааны өмнөх техникийн асуудлыг амжилттай даван Шанхайд болсон Хятадын гран-прид түрүүлснээр багтаа 2011 оны анхны ялалтыг авчирлаа. Нисгэгчид нийт 56 тойрог тойрсноос 52 дахь тойрогт Хэмилтон өнгөрсөн жилийн дэлхийн аварга Себастьян Феттелийг гүйцэж түрүүлснээр ялагч болсон байна. Харин Феттелийн хамтрагч, австрали нисгэгч Марк Уэббер гуравдугаарт бариалсан бол Хэмилтоны багийн анд, 2009 оны дэлхийн аварга Женсон Баттон дөрөвт хурдалжээ. Феттель байрлал тогтоох гараанд түрүүлснээр уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлсэн бол Баттон, Хэмилтон нар түүний араас гарчээ. Гэхдээ “McLaren”-ы хослол эхлэлээ төгс хийж, төд удалгүй Феттелийг гүйцэж чадсан байна.

2011 оны улирлын гурван гран-пригийн дараагаар Феттель тэргүүлсэн хэвээр байгаа бол Хэмилтон, Баттон нар хоёр болон гуравдугаар байрт бичигдэж байна. Гэхдээ “Формула-1”-ийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга Себастьян Феттель Австрали болон Малайзын гараанд түрүүлснээр 21 онооны давуутай байна. Харин Хэмилтон 2010 оны наймдугаар сард болсон Бельгийн гран-пригээс хойш ялагчийн тавцанд гараагүй байсан юм. Уралдааны өмнөхөн Хэмилтоны машинд асуудал гарч, “McLaren” багийн инженер, техникийн ажилтнууд түүнийг уралдааны замд гаргахаар шуурхай ажилласны дүнд тэрбээр уралдааныг эхлүүлэхээр болжээ. Тэрбээр уралдааны дараа “Би одоо хүртэл юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Үнэхээр гайхалтай уралдаан боллоо. Уралдаан эхлэхийн өмнө би машиндаа суугаад “За, үзүүлээд өгье” гэж бодсон. Гэтэл машин маань асаагүй. Би юу болсон талаар мэдэхийг ч хүсээгүй, аль болох тайван байж, бусад хүмүүсийг стресст оруулахгүй байхыг хичээсэн. Өнөөдрийнх шиг ийм тэмцэлтэй уралдаан ховор шүү дээ. Байрлал, өрсөлдөөн гээд бүгдийн талаар бодох хэрэгтэй. Би үнэхээр баяртай байна” хэмээжээ.

Өчигдрийн гараанд “Mercedes”-ийн герман нисгэгч Нико Росберг тавдугаарт бариалснаар энэ улирлын анхны оноогоо авсан бол дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер “Ferrari”-гийн хослол болох Фелипе Масса, Фернандо Алонсо нарын араас наймдугаарт хурдалжээ. “Lotus Renault”-гийн орос нисгэгч Виталий Петров есдүгээрт, харин аравдугаарт “Sauber” багт хүчин зүтгэж буй Япон тамирчин Камуи Кобаяаши шалгарсан байна.

“Формула-1”-ийн нисгэгчид одоо гурван долоо хоног амраад тавдугаар сарын 8-нд Стамбул хотноо Туркийн гран-прид хурд сорино.

“Формула-1”-ийн ДАШТ-ийг тэргүүлэгчид /Хятадын гран-пригийн дараах байдлаар/:

1. Себастьян Феттель /Герман/ – Red Bull – 68 оноо
2. Льюис Хэмилтон /Их Британи/ – McLaren – 47
3. Женсон Баттон /Их Британи/ – McLaren – 38
4. Марк Уэббер /Австрали/ – Red Bull – 37
5. Фернандо Алонсо /Испани/ – Ferrari – 26
6. Фелипе Масса /Итали/ – Ferrari – 24
7. Виталий Петров /ОХУ/ – Renault – 17
8. Ник Хайдфилд /Герман/ – Renault – 15
9. Нико Росберг /Герман/ – Mercedes – 10
10. Камуй Кобаяаши /Япон/ – Sauber – 7

Зохион бүтээгчдийн цом:

1. Red Bull – 105 оноо
2. McLaren – 85
3. Ferrari – 50
4. Renault – 32
5. Mercedes – 16
6. Sauber – 7
7. Toro Rosso – 4
7. Force India – 4

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү!

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж