МИАТ анхны шинэ онгоцоо хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

МИАТ анхны шинэ онгоцоо хүлээн авлаа

Монгол Улсын анхны “Чингис 767 300ER” агаарын хөлөг Америкийн Нэгдсэн Улсаас 12.00 цагийн шууд нислэг үйлдэж, “Чингис Хаан” нисэх буудалд амжилттай газардлаа. Онгоцыг өнгөрсөн мягмар гаригт 12.00 цагт АНУ-ын Seattle хот дахь Боингийн үйлдвэрээс хүлээж авсан юм. Онгоц хүлээж авах ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын Сайд нар, бусад албаны хүмүүс оролцсон юм.
МИАТ компанийн нислэгийн чадавхи, хүчин чадлыг нэмэгдүүлэх байдлаар Монгол руу чиглэх агаарын замын зорчих хөдөлгөөнийг идэвхижүүлэх чиглэлд Засгийн газар, салбарын яам онцгой анхаарал хандуулж  байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр МИАТ компанид шинэ онгоц худалдан авах тухай гэрээг “Боинг” компанитай байгуулсан. Гэрээ ёсоор “Боинг” компани Монголын захиалсан “Боинг 767-300 ER” онгоцыг нийлүүлж байгаа нь энэ юм.

 Уг онгоцыг худалдан авах хөрөнгө 114 сая ам.долларыг бондын хөрөнгөөс гаргаж байгаа бөгөөд МИАТ компани  10 жилийн хугацаанд  эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр анхны онгоцоо хүлээн авлаа.

“Боинг 767-300 ER” онгоцыг алсын зайн нислэгт ашиглах бөгөөд анхны нислэгээ Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хийхээр төлөвлөжээ. Цаашлаад 2016 он гэхэд АНУ руу  шууд нислэг үйлдэх боломжтой болно гэлээ. Үүнээс гадна Монгол Улс “Боинг 767-800” загварын хоёр онгоцыг 2016 оны нэг ба хоёрдугаар улиралд багтаан авах төлөвлөгөөтэй байгаа юм. Шинэ онгоцтой болж байгаатай холбогдуулан  онгоцны тариф, тэр дундаа бизнес ангилалын тийзний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх юм байна.

С.ОТГОНСҮРЭН






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж