
– За баярлалаа. Манай хамтлаг сая МҮЭСТОрдонд “Эхнэр чамдаа зүтгэе”
нэртэй тоглолтоо тавиад энэ сарын 10-нд жүжиг маань тоглогдож дууссан.
Одоо залгуулаад “Ард” кино театр буюу Р.Чойномын нэрэмжит “Ганц хүний
театр”-т Америкийн зохиолч Айн Рэндийн зохиол “Сайтар эргэцүүл” жүжгийг
тавих гэж байна. Энэ жүжгийн найруулагчаар Д.Сосорбарам ах маань ажиллаж
байгаа. Мөн бид нартай хамтарч тоглоно.
“Эхнэр чамдаа зүтгэе” тоглолт хэдхэн хоногийн өмнө дууссан
тэгэхээр дараагийн уран бүтээлээ хэдий хугацаанд бэлтгэв? Бэлтгэл ажил
хэр хангагдаж байна?
– Энэ жүжгийн бэлтгэл их эрт эхэлсэн. Хошин шогийн тоглолтынхоо үеэр ч
гэсэн энэ жүжгийнхээ бэлтгэлийг хийж байсан. Бэлтгэл ажил бол сайн
хангагдсан. Одоо ирэх бүтэн сайн өдөр буюу 17-нд нээлтээ хийх гэж байна.
Саяхан Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан. Үзэгчиддээ сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
– Манай “Х-Түц” хамтлаг өнгөрсөн зун “Болсон явдал” киногоо хийсэн.
Энэ кинонд миний хувьд жүжигчнээс гадна туслах найруулагчийн үүрэг
гүйцэтгэсэн байгаа. Кино маань сайхан болсон гэж бодож байна. Өнгөрсөн
хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийгээд одоо хүртэл үзэгчдийн хүртээл
болсоор байгаа. Тэгээд энэ киноныхоо нээлтийн үеэр манай хамтлагийн
Батаа, Нарансолонго бид гурав “СТА” цол тэмдгээр шагнагдсан. Маш их
баяртай байгаа. Энэ бол манай Одноо эгч, Аглуу ах, Онон ах гурвын бидэнд
барьсан маш том сюрпериз байсан. Бидний хувьд энэ шагналыг авна гэж огт
бодоогүй байсан.
Та өөрийгөө хэр сайн жүжигчин гэж боддог вэ?
– Яахав өөрийгөө сайн жүжигчин гэх нь хаашаа юм. Үзэгчид л тэрийг
дүгнэх байхдаа. Гэхдээ жүжигчин болсноор тоглож үзээгүй дүр гэж алга.
Ялангуяа эмэгтэй хүний дүрд зөндөө л тоглолоо. Эмгэн ч боллоо, өвгөн ч
боллоо, хүүхэд ч боллоо. Ер нь жүжигчин хүн бол ямар ч дүрийг бүтээж
чаддаг байх ёстой гэж Ч.Найдандорж багш маань анх оюутан болсон цагаас
эхлээд л зааж сургасан.
Анх “Хориотой жүжиг” тавигдах гэж байхад Ч.Найдандорж найруулагч
манай Х-Түц хамтлаг энэ жүжгээр “бут цохино” гэж хэлж байсан. Үнэхээр
“Хориотой жүжиг” гайхалтай байсан. Одоо нээлтээ хийх гэж байгаа “Сайтар
эргэцүүл” жүжгийн хувьд МУГЖ Д.Сосорбарам найруулж байгаа. Энэ талаар
таны бодол?
– Энэ “Сайтар эргэцүүл” жүжиг маань либертор үзлийн тухай жүжиг. Тийм
учраас масс-д зориулагдсан жүжиг биш. Либертар үзлийг мэддэг, ойлгодог,
уншсан, судалсан хүмүүс ирж үзнэ. Тэр утгаараа цөөн хүнд зориулагдсан
энэ театрт тоглох гэж байгаа. Маш сайхан “амьд” организм үүсэх байх.
Үзэгч, жүжигчин хоёрын хоорондын харилцаа улам ойртоно гэсэн үг.
Энэ жүжиг Америкт ч тайзан дээр тавигдаж байгаагүй гэж сонссон?
– Тийм ээ. Тайзан дээр тавигдаж байгаа анхны тохиолдол нь энэ. Тэр
дундаа Монголд тавигдах гэж байгаа гэдгээрээ онцлог, бас их сайхан зүйл
болж байгаа юм.
Та сая тоглож үзээгүй дүр алга гэж хэлсэн шүү дээ. Ер нь “ийм
дүр байхдаа яахав дээ. Ийм хүн байдаггүй ш дээ” гэж бодож байсан хэрнээ
дүрдээ тоглож байсан тохиолдол хэр олон байна?
– Ер нь хошин шогийн тоглолтонд бол янз бүрийн л дүр бүтээдэг л дээ.
Манай хамтлаг 2010 оны шинэ жилээр ТВ9 телевизээр “Гэмгүй гэмтнүүд” гээд
нэвтрүүлгээ гаргасан. Тэр нэвтрүүлэг дээр би Одноо эгчийг мөсөн гулгуур
дээр байсан, байгаагүй гээд л юмны араас ухаж төнхөөд л, хүний улыг
шагайгаад байдаг тийм нэг “сонин” хүний дүрд тоглосон. Тэр дүр маань
хүмүүст их хүрсэн юм шиг байна лээ. Зарим хүн намайг бүр “чи одоо хүний
ул шагайсан ямар муухай юм бэ. Зүгээр хаячихна л биз дээ” гээд хэлж
байсан. Тэр дүрд тоглож байх үедээ ийм хүн юу гэж байхав дээ гэж боддог
байсан чинь байдаг юм байна лээ. Дараа нь би тийм хүнтэй таарсан. Миний
улыг шагайгаад тэр ёстой аймаар байсан. /инээв/ Үргэлжлэлийг эндээс уншина уу.