Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгө оруулалт буурах боллоо, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралдаан нааштай биш байна зэрэг таагүй мэдээ хөврөх үед монголчуудын чихнээ нэгэн сайхан мэдээ дуулдсан юм. Энэ бол Б.Болд “Pио Тинто” компанийн Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр томилогдсон явдал байв.
 
Орчин үеийн монгол залуусын мэдлэг оюун ухаан, авьяас чадвар, эрч хүч дэлхийн түвшинд гарлаа. Б.Болд энэ л гэгээлэг мөрөөдлийн замыг нээж өглөө. Манай олон залуу гаднын томоохон байгууллагуудад ажилладаг тухай мэдээлэл бий ч дэлхийд тэргүүлэгч  компанийн удирдлагын багт багтана гэдэг ховор боломж ажээ.

Дэлхийд данстай компаниуд боловсон хүчнээ, ялангуяа удирдлагын түвшинд ажиллах хүнийг мэдлэг боловсрол, ур чадвар, удирдах болон бизнесийн ухаан, хэлний мэдлэг, алсын хараа зэрэг маш өндөр шалгуур үзүүлэлтүүдээр олон жил судалж, шалгаж байж сонгодог гэдэг.
 
“Pио Тинто”-гийн Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчийн албан тушаал нь хэн бүхний хүсэж, тэмүүлээд хүрчихдэг өндөрлөг биш. Мэдлэг, авьяас чадвар юугаан хослуулсан хүн л энэ өндөрлөгт очих боломжтой. Өвөг дээдсийн үлдээсэн газар доорх баялгийг маань дэлхий сонирхож байгаа нь үнэн. Тэгвэл монгол иргэн, монгол хүний оюун ухаан дэлхийн тэргүүлэх компаниудын удирдлагын багт тэнцэх хэмжээнд хүрснийг энэ томилгоо харууллаа. Тэрбээр энэ албанд очсоноор зөвхөн Монголтой харьцахгүй. Дэлхийн олон өнцөгт үйл ажиллагаа явуулж буй “Pио Тинто”-гийн Зэсийн группын төслүүдийг хариуцаж ажиллах юм байна. Монгол хүн дэлхийн том төслүүдийг, гадаадын хашир, туршлагатай “толгойтнуудыг” удирдан чиглүүлж хянаж ажиллана гэсэн үг. Б.Болдод өндөр хариуцлага ногдож байгаа юм. “Pио Тинто”-гийн Зэсийн төслийн олон мянган ажилтан, ялангуяа удирдах түвшний олон нүд, чих  түүнийг харж, сонсож байгаа. Хөгжиж буй жижиг орны иргэн биднийг удирдах болж байна гэх мэт янз бүрийн сэтгэгдэлтэйгээр хүлээж суугаа. Тэгэхээр хэрхэн яаж ажиллах, удирдаж, хянах вэ. Монгол хүн ийм өндөрлөгт хүрч чадлаа. Одоо монгол хүн ингэж ажиллаж чаддаг юм аа гэдгийг л харуулах хэрэгтэй.
 
Өөр өнцгөөс харвал Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой Хувь нийлүүлэгчдийн хурлын талаар  дотоод, гадаадын хэвлэлээр  эерэг, сөрөг мэдээлэл байнга гарч буй энэ үед “Рио Тинто” удирдах багтаа Б.Болдыг, монгол хүн сонгосон нь хоёр талтай байж болохыг хүмүүс хэлж байна. Нэгдүгээрт, монгол хүний үнэлэмжийг өргөсөн сайн талтай. Нөгөө талаас Оюутолгой төслийг урагшлуулан, эрчимжүүлэхэд, хэлэлцээр хийхэд, монгол хүнийг, монгол сэтгэлгээг ойлгоход дөхөм алхам болсон гэж уул уурхайн салбарынхан ярьж байна. Бас л хариуцлага, нэр хүнд. Эх орон нь, элэг нэгт ахан дүүс нь Оюутолгой төсөлд Б.Болдыг хэрхэн оролцох, ямар байр сууринаас хандахыг харж, хүлээх нь ойлгомжтой.  Тэгэхээр түүнийг хувь хүн талаас нь авч үзвэл амаргүй  албанд очиж байгаа юм. Ямар байр сууринаас Оюутолгойд хандах нь “Рио Тинто”-гийн Зэсийн группын шинэхэн ерөнхийлөгчийн мэдэх хэрэг. Гэхдээ л мэдээж аль аль талдаа ашигтайгаар, эх орондоо илүү боломжтойгоор асуудал шийдэгдэх талд монгол хүний сэтгэл нь байх биз ээ.
 
“JP Morgan”-ы Болд
 
Монголчуудад  өөрийн авьяас  чадвар­аараа цойлоод гараад ирсэн нэгнээ дэмжиж, урамшуулж, бахархаж, үлгэр дуурайл авах чанар дутагддаг талаар манайхан олонтаа ярьдаг. Бүр одоо яаж унагахав гэдэг талаас нь бодож эхэлдэг тухайд бүгд мэднэ. Ийм сэтгэлгээтэй байхад улс орон хөгжинө гэж үү.
 
Миний бие НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүний тухай номыг уншаад бахархах сэтгэл төрж билээ. Өмнөд Солонгос улс дэлхийн Засгийн газрын тэргүүнд өөрийн иргэнээ олон жилийн өмнөөс бодлого, төлөвлөгөөтэй бэлтгэж, төр, засаг, ард иргэдээрээ дэмжиж түүнийг ялалтад хүргэсэн тухай Бан Гин Мүн өөрөө дурссан байсан юм. Өнөөдөр тус орны иргэд дэлхийн хэмжээний өндөр албан тушаал хашиж буй мэдээллийг бид сонссоор л байгаа. Тэгвэл бид солонгосчууд шиг биш юм аа гэхэд өөрсдийн чадлаар гараад ирсэн нэгэндээ үнэн сэтгэлээсээ талархаж, баяр хүргэж, бас бахархаж чаддаг соёлд суралцмаар байна. Зөвхөн урлаг, соёл, спортынхноор бус өөр бусад салбарт ч Монгол бахархлыг төрүүлсэн хүмүүс олон байдаг шүү дээ. Тиймээс” Mongolian Economy” сэтгүүл “Монгол бахархал” шинэ булан нээж байна. Энэхүү булангийн анхны нийтлэлийн эзэн бол Б.Болд.
 
Түүнийг  хүмүүс АНУ-ын J”P Morgan”-д ажиллаж байсан, мөн “Ньюком”-ын, одоо “Алтан Дорнод Монгол”-ын Болд гэдгээр илүү мэддэг. Тэрбээр сонин хэвлэлд өөрийнхөө тухай ярилцлага, мэдээлэл өгөх тун дургүй нэгэн. “Би УИХ-д нэр дэвших гэж байгаа биш дээ” гэнэ.
 
Монгол оронд ардчиллын салхи сэвэлзэж, капиталист гэгддэг орнууд нээлттэй болж, монголчууд ч хилийн чанадад чөлөөтэй аялж сурах, ажиллах боломж нөхцөл бүрдсэн 1990-ээд оны дундуур Америк орныг Монголоос нэгэн залуу зорьсон нь Б.Болд байлаа. Нийслэлийн III төрөх эмнэлэгт  мэндэлсэн, жирийн сэхээтэн айлын хүү Политехникийн дээд сургуулийн үйлдвэрлэлийн менежерийн ангийг 1994 онд төгсчээ. Японы нэгэн мэргэжилтний  бичсэн брокер дилерийн хувьцааны талаарх номыг уншаад, найз нартайгаа хамтран брокер дилерийн компани байгуулна хэмээн мөрөөдөж, хувьцааны үнэ ханш, хэлбэлзлийг судалж, үзмэрч тааварч мэт ажилтай, санхүүгийн салбартаа л сайн дурын урансайханч явсан тухайгаа дурсдаг.
 
Харин удалгүй АХБ-нд орчуулагчийн ажилд орсноор түүний банктай холбогдсон түүх эхэлсэн юм. 1990-ээд оны үед сардаа 1000 ам.долларын цалинтай англи хэлний орчуулагчийн ажил хийнэ гэдэг нэлээд том амжилт. Орос гуравдугаар сургууль төгссөн тул унаган орос хэлтэй, бас германаар ч ярьчихна. Тэрбээр АХБ-нд ажилласнаар англи хэлээ сайжруулж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн зэрэгцээ тус банкнаас Монголбанкинд хэрэгжүүлсэн хоёр ч төсөл дээр ажилласан нь банкны талаарх мэдлэгийг нь ихээхэн нэмэгдүүлсэн гэдэг. Улмаар ардчиллын өлгий нутагт очиж суралцан АНУ-ын Коннектикут мужийн Брижпордын их сургуулийг  Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй дүүргэж, Харвард, Колумб, Стэнфорд зэрэг Америкийн ТОП -10 их сургуулийг төгссөн, туршлагатай америкчуудтай өрсөлдөж дэлхийд хоёрт ордог хөрөнгө оруулалтын “JP Morgan” банкны шалгалтад тэнцсэнээр дэлхийд нэртэй банкинд ажиллаж эхэлжээ.
 
Хөрөнгө оруулалтын банк нь компани нийлж, салах, худалдах, худалдан авах, хувьцааг нь гаргах, зээл босгох гэх мэт олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэрбээр тус банкны энэ бүх чиглэлээрх хэлтэс, газруудад ажиллаж байгаад  2007 онд Лондон хотноо “JP Morgan” банкны Оросын зах зээлийг хариуцсан төлөөлөгчөөр томилогдсон байна. Б.Болд нь “JP Morgan”-д ажиллах 10 жилийн хугацаанд гэрээ хэлцэл, компанийн үнэлгээ, хувьцааг хэрхэн арилжих талаар дагнан ажиллаж, ОХУ, тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд болон Монголыг хариуцсан гүйцэтгэх захирлын алба хашиж байжээ. Болд захирал “JP Morgan” банкийг Монгол Улстай холбох, анхаарлыг нь хандуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой”-д зөвлөгөө өгч, “Монголиан майнинг корпэрэйшн”-ий хувьцааг Хонконгийн биржид гаргахад голлох үүрэг гүйцэтгэжээ.
 
“Ньюком”-оос “Алтан Дорнод Монгол” руу
 
Тэр 10 гаруй жил Америкт амьдарч ажиллаад эх орондоо ирэхдээ “Ньюком”-ыг сонгож гүйцэтгэх захирлаар нь ажилласан юм. “Ньюком”-ын хувьд үйл ажиллагаа нь жигдэрсэн, оюунлиг залуусаар багаа бүрдүүлсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулдаг манай урдаа барьдаг компаниудын нэг. Болд захирал тус компанийн  үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад харилцаа, боловсон хүчнийг бэхжүүлэхийн зэрэгцээ томоохон төслүүдийн эхлэлийг тавьсан гэж үздэг. Тухайлбал, олон жил зогсонги байдалтай байсан салхин паркийн төслийн багийг бүрдүүлж, санхүүжилтийг босгох анхны хэлэлцээрүүдийг хийж эхэлсэн гэх мэт. Мөн хилийн чанадаас мэдлэг боловсролтой, томоохон байгууллагуудад ажиллаж байсан олон залууг араасаа дагуулж, заримыг нь “Ньюком”-доо авч ажиллуулсан билээ. Гар утас, иргэний нисэх, салхины эрчим хүч гэсэн ногоон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй компанийн  гүйцэтгэх захирал нэг л өдөр огцом шийд гаргаж, олныг алмайруулсан юм. Тэрбээр “Ньюком”-ын гүйцэтгэх захирлаас “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирлын албанд очсон нь олныг гайхашруулахад хүргэсэн хэрэг л дээ. Нөгөө Болд чинь очиж очиж “Алтан Дорнод”-ыг сонголоо гэж үү гэсэн хандлага нийгэмд нэг хэсэгтээ түгсэн.
 
“Алтан Дорнод Монгол” компанийн хувьд нэр хүнд нь  тухайн үед навс унаж, Алтан Дорнод шиг муу, бас толгойд багтамгүй их өртэй компани Монголд байхгүй болсон цаг үе байв. Олон тэрбумын өрөнд баригдсан, газар дэлхийг сүйтгэсэн нэртэй компанийг Т.Ганболд, Б.Болд нар хамтран Оросын Паушок гэдэг нөхрөөс худалдан авч ажиллах шийдвэр түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн юм. Гэхдээ тэрбээр “Монгол залуус монгол компаниа гаднын нөхрөөс салгаж аваад хөл дээр нь босгож, үндэсний сайн компани болгоё гэсэн зорилготой ажиллаж байна. Энэ тийм муу зорилго уу” хэмээн нийгэмд эерэг мэссэж өгч байлаа. Дэлхийн ТОП менежерүүд бэлэн ажил дээр бус хийж бүтээх, дампуурсныг сэргээн босгох ажлыг түлхүү сонирхдог гэсэн ТОП менежерүүдийн үг Болдын сонголтыг ийн тодотгоно.
 
Тэрбээр үндэснийхээ дампуурсан, хамгийн муу нэртэй компанийг босгон ирж, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгж болгож, ТОП 100-д багтаахыг хүсч байна. Үүнд би хүчээ, мэдсэн сурснаа зориулмаар байна” хэмээн ярьсан нь ч бий. Үнэхээр ч бүх зүйл нь хараар будагдсан “Алтан Дорнод Монголыг” босгох ажлыг хүссэн болгон хийж чадахгүй нь ойлгомжтой байсан цаг. Зөвхөн татварт 74 тэрбум төгрөгийн өртэй, бүх эд хөрөнгө нь битүүмжлэгдсэн компани байлаа. Харин өнөөдрийн тус компанийн амжилт бол эдгээр залуусын зориг, өөрсдөдөө найдаж, өөрсдийн хүч чадал, эрдэм мэдлэг, удирдах чадварт итгэснийх. Тэд нэг жил гаруйн  хугацаанд 700-гаад ажлын байр  шинээр бий болгож, компаниа шилдэг эко уурхай, шилдэг аж ахуйн нэгж болголоо. Улсад 24 тэрбум төгрөг тушаажээ. Энэ бол том амжилт бус уу.
 
Өнгөрсөн жил Болд захиралтай уулзахаар өрөөнд нь ороход самбар дээр шүүх хурлын  нэрс жагсаастай, ширээн дээр нь шүүхийн, өрийн материалууд өрөөстэй байв. “20-иод шүүх хурлаас одоо гарын таван хуруунд багтахаар  үлдлээ дээ” хэмээн суусан. Гадаадын хүний хийсэн хэргийг монгол залуус үүрч, үндэснийхээ компанийг өөд татах, шилдэг болгох, өрийг дарах, шүүхийн танхимаас салгах зэрэг маш том зорилго өөд тэд хамтдаа зүтгэж, богино хугацаанд энэ компанийг босгож ирж байна. Тэд өөрсдийн үл хөдлөх хөрөнгө юу л байгаагаа барьцаанд тавьж, өрөө дарж байгаа гэсэн юм.
 
“Ньюком” компанид цэлгэр өрөөнд сууж голдуу гадаад орнуудаар “аялж”, хөрөнгө  босгох ажилд өөрийгөө сорьж, мэдлэг чадвартай залуусыг чиглүүлэн ажиллаж байсан Болд захирал “Алтан Дорнод”-од ирснээр байдал эсрэгээр эргэж, уулын гутал өмсөн, Заамарын уурхайг зорьж, шүүхийн танхимын хаалгыг тогшиж, өрийн дарамтаас салах арга чарга  хайн компанийн үйл ажиллагааг сэргээхийн төлөө хүчээ зориулсан  нэг жил гаруйн хугацаа өнгөрөв. Үр дүн, амжилт нь “Алтан Дорнод Монгол” компани 2012 оны шилдэг аж ахуйн нэгж болж, ТОП-150 компанийн 19-д жагслаа.
 
“Pио Тинто”-гийн Болд
 
Тэрбээр зургадугаар сарын 3-наас шинэ албаа авч, Лондон хотноо суурьшин ажиллаж, амьдрах юм байна. “Рио Тинто” компанийн Зэсийн группын гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак “Б.Болдын томилгоо манай зэсийн бүтээгдэхүүний группэд хүч нэмж буй хэрэг юм. Б.Болд нь Австрали, Өмнөд Африк, Папуа-Шинэ Гвиней, Индонез, Аляск дахь төслүүдийг хариуцсан Зэсийн группын тодорхой хөрөнгийг борлуулах үйл ажиллагааг хянах, хөрөнгө оруулалтын багцыг нэгтгэхэд оролцох үүрэгтэй ажиллана” хэмээсэн бол “Оюутолгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Рио Тинто” компанийн Зэсийн группын олон улсын үйл ажиллагаа хариуцсан өндөр албанд сонгогдсон Б.Болдын томилгоо нь Монгол Улс болон Монголын уул уурхайн салбарын хувьд сайн мэдээ. Тэрбээр бизнесийн болон иргэний нийгмийн манлайлагч хүмүүсийн нэг бөгөөд бизнесийн хөрөнгө оруулалтын тааламжтай орчинг Монгол Улсын эрх ашигтай хослуулах чиглэлд их зүйл хийсэн хүн” хэмээн ярьжээ.
 
“Mongolian Economy” сэтгүүлийн зүгээс монгол залуусын манлайлал, түүчээ болсон Болд захиралд баяр хүргэхийн зэрэгцээ шинэ ажилд нь амжилт хүсч, цаашид илүү ихийг бүтээхийг хүсье.

Д.БЭХБАЯР

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж