Санхүүжилтийн хуралд Ерөнхийлөгчийн зөвлөх оролцов

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Санхүүжилтийн хуралд Ерөнхийлөгчийн зөвлөх оролцов

Монголын худалдаа, хөгжлийн банкнаас санаачлан  Голландын хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци , Монголын банкны холбоо, Банк, санхүүгийн академиас хамтран Монгол Улсад ногоон хөгжлийг дэмжих тогтвортой санхүүжилтийн форумыг зохион байгуулж байна. Тавдугаар сарын 13-ны өдөр эхэлсэн эл форумаар тогтвортой хөгжлийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн бодлогод нөлөөлөх болон мэдлэг туршлагаа хуваалцахыг зорьж байна.

Монголын банкуудын гүйцэтгэх захирлууд, Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд, бизнесийн салбарын төлөөлөгчид болон олон улсын мэргэжилтнүүд хамтдаа Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, шинээр бий болж буй бизнесийн боломжийг банкны салбар хэрхэн санхүүжүүлж ажиллах талаар ярилцахаар ийнхүү анх удаа хуран цуглаж байгаа юм. Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд хатагтай С.Оюун дугуй ширээний ярилцлагын үеэр “Монгол Улс нь эдийн засгийн хөгжлийн нэн чухал үедээ ирээд байгаа. Банкны салбар нь улс орны эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж, урт хугацааны үнэт зүйлийг бүтээн, иргэдэд үр шимийг нь хүртэх боломжийг бүрдүүлнэ” гэж хэлсэн бол  Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Тогтвортой санхүүжилтийн форум Монгол улсад зохиогдож байгаад бид талархалтай хүлээн авч байна. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагаа, стандартууд Монголын банкны салбарт ойрын ирээдүйд хэрэгжинэ гэж найдаж байна. Ажил нэгэнт эхэлсэн бөгөөд тогтвортой санхүүжилт болон хөгжлийг дэмжихэд бид банкуудтай хамтран ажиллах болно” хэмээн онцолж байлаа.

Тогтвортой-санхүүжилтийн бүтцийг бий болгохоор ажиллаж буй хөгжиж байгаа орнуудын тоо улам ихээр нэмэгдэж байгаа бөгөөд тухайлбал Хятадын Ногоон Зээлийн бодлого, Нигерийн Банкны тогтвортой зарчмууд зэрэг нь байгаль орчин болон нийгмийн стандартыг бий болгох түүнчлэн бизнесийн тогтвортой загваруудыг эрэлхийлэхийг дэмжиж байгаа юм. ОУСК-ийн Монгол, Хятад, Солонгос улсуудыг хариуцсан захирал ноён Хён-Чан Чо нь “Байгаль орчин болон нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулах нь эргээд урт хугацаанд санхүүгийн хувьд өгөөжтэй байдгийг ОУСК өөрийн үйл ажиллагаагаар харуулсан. Бид шинээр хөгжиж буй орнуудын банк, санхүүгийн болон бизнесийн байгууллагуудад илүү өрсөлдөх чадвар бий болгох, өөрсдийн санхүүгийн бус эрсдлийг ухаалгаар удирдахад туршлага, мэдлэг болон нөөц боломжоо хуваалцан туслаж байна” гэж тэмдэглэж байлаа.

Өнөөдрийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох байсан ч зөвлөх Л.Дашдоржийг бие төлөөлөгч болгон явуулсан байна.  

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж